Трамп худалдааны дайнаа зогсоох бодолгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

Трамп худалдааны дайнаа зогсоох бодолгүй байна

Трамп худалдааны дайнаа зогсоох бодолгүй байна

Долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн АНУ Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүн болох аж үйлдвэрийн машин, эмнэлгийн тоног төхөөрөмж, машины сэлбэг зэргийг  34 тэрбум ам.доллар тутамд татвар ногдуулах шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Хятад улс эдгээр бараа бүтээгдэхүүнийг Америк руу нийлүүлэх болгондоо 25 хувийн гаалийн татвар төлөх болж байна. Трампын засаг захиргаанаас Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар бараа бүтээгдэхүүн Америкт илүү үнэтэй зарагдаж эхэлнэ. Хэрвээ үнэтэй болоод ирвэл хямд дотоодын бараа бүтээгдэхүүнийг илүүтэй худалдаж авах болно. Тэгснээр дотоодын үйлдвэрүүд хөгжих боломжтой, мөн ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Харин Хятадын тал хариу арга хэмжээ авахаар сануулсан. Яг адилхан 25 хувийн 34 тэрбумын татвар ногдуулна гэсэн ч хараахан хэрэгжээгүй байна.

АНУ энэ мэтчилэн эхлүүлсэн худалдааны дайнаа зогсоох бодолгүй байгаа юм. Эхлээд 34 тэрбум, дараа нь 16 тэрбум цаашлаад 200, 300 нийт 500 тэрбум ам.доллар хүртэлх нэмэгдлийг шат дараатайгаар ногдуулна гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулжээ. АНУ, Хятад улсын худалдааны дайн Хятадад үйл ажиллагаагаа явуулж буй Америкийн компаниудад халтай гэж эдийн засагчид үзэж байна.

Шинэ тариф нь Азийн хөрөнгийн зах зээлд багахан хэмжээний нөлөө үзүүлсэн байна. Шанхайн хувьцааны индексүүд 0.5 хувиар савлажээ. Токиогийн ханш 1.1 хувиар савлаж  Европын зах зээл өглөөний арилжаагаар 1-ээс илүү хувиар савласан байна.

Трампын засаг захиргаа зөвхөн Хятадтай сөргөлдөөгүй. Европын хэд хэдэн орнуудын бараа бүтээгдэхүүнд тавьсан татварын нэмэгдэл нь мөн л эрх баригчдын дургүйцлийг хүргээд байна. АНУ, Европын холбооны орнуудаас орж ирэх автомашинуудад 20 хувийн нэмэлт татвар ногдуулна хэмээн заналхийлсэн юм. АНУ нь Европын холбооны  авто худалдааны хамгийн том түнш бөгөөд жил бүр 1.2 их наяд ам.долларын худалдаа хийдэг. Үүний хариуд Европын холбооны орнууд АНУ-ын экспортын барааны эсрэг 300 тэрбум ам.долларын татвар ногдуулна гэж Германы канцлер Ангела Меркел анхааруулжээ.

Орос улс гангийн импортод авсан гаалийн тарифын эсрэг хариу арга хэмжээ авч Америкийн импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татвараа нэмэгдүүлнэ гэж зарлаад байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж