Өнгөрсөн гуравдугаар сард нүүрлэсэн цунамийн гай гамшгийн үүрэг хариуцлагыг нуруундаа үүрч, өнөөг хүртэл өндийх тэнхэлгүй байгаа Япон улсын Ерөнхий сайд Наото Кан огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр Ардчилсан нам шинэ удирдлагатай болох нь тодорхой боллоо.
Харин ноён Канын залгамж халааг хүлээн авах хүн иенийн ханшны чангарал, байгалийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил, эвдэрсэн цөмийн станцад нүүрлэсэн цацрагийн хөнөөлийг арилгах, цоо шинэ эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох бодлого боловсруулах мөн их хэмжээний өрийн асуудлыг цэгцлэх зэрэг дааж давшгүй олон хүндрэлтэй асуудлуудтай нүүр тулгарах нь ээ.
Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөгчдийн нэг ноён Маехара өмнө нь эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогод гол анхаарлаа хандуулж, дефляцитай тэмцэнэ гэдгээ амлаж байсан бөгөөд одоогийн байдлаар ноён Канын оронд сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр тодроод байна. Гэхдээ түүний сонгогдох, эс сонгогдох нь наймдугаар сарын 29-нд болох сонгуулиар шийдэгдэх юм.