Японы баруун нутгаар аадар борооны дараа үер, хөрсний гулгалт үүссэнээс 60 хүн амь үрэгдэж, олон арван хүн сураггүй болжээ. Хохирогчдын олонх нь үерийн гамшигт илүүтэй өртсөн Хирошима мужийн иргэд аж. Тус бүс нутагт өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн үргэлжилсэн аадар бороо оржээ. Үерийн улмаас олон зуун байшин сууц усанд автаж сүйдсэн байна.
Японы албаныхан гамшгийн бүсээс 1,5 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, гурван сая хүнийг нүүхэд бэлэн байхыг анхааруулжээ.
Энэхүү үер усны гамшиг нь Японд сүүлийн хэдэн арван жилд болоогүй их хохирлыг дагуулж байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ гамшгийн бүсэд аврагчид цагтай уралдан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгааг хэлжээ. Аврах ажиллагаанд олон мянган цагдаа, гал сөнөөгчид нэгдсэн байна. Японы Кёдо агентлагт мэдээлснээр Токио хотоос 600 орчим км зайтай орших Мотояма тосгонд 583 мм хур тунадас оржээ. Цаг агаарын албанаас мэдээлснээр аадар бороо энэ долоо хоногийг дуустал үргэлжлэн орохыг анхааруулсан аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА