Долоо хоногийн тойм: Хутагт залаад шийтгүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.08-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн тойм: Хутагт залаад шийтгүүлэв

Долоо хоногийн тойм: Хутагт залаад шийтгүүлэв

-Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

ХУТАГТ ЗАЛААД ‘ХУСАГДАХ’ ШАХАВ

Цахим сүлжээгээр анх “Цагдаагийн байгууллага хутагттай болжээ. Түүнийг Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудын Цагдаагийн газрын дарга нар урьж, ном уншууллаа” гэх мэдээлэл цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулсан. Цагдаагийн байгууллага ч түргэн авч, хэргийн учрыг олохоо мэдэгдсэн юм.

Удалгүй ном уншсан лам “хэргээ” хүлээж,  цагдаагийн ар гэрийнхний хүсэлтээр очсоноо хүлээн зөвшөөрсөн билээ.

Гэвч цагдаагийн дарга нарын хувьд хутагтыг албан байгууллагадаа урьж, засал хийлгэсэн нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн үйлдэл болжээ. Иймээс Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тушаал гаргаж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав нарт сахилгын шийтгэл ногдуулав. Тэдэнд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мөн бусад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагуудад Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг сахин биелүүлэх, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх. Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн алба хаагчийн хувьд оролцохгүй байх зэрэг хуулийн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг үүрэг болгожээ.

ДАХИН НЭГ ХҮҮХЭД ЭНДЛЭЭ

Эрх баригчдын хариуцлагагүй үйлдлийн улмаас дахин нэг хүүхэд тогонд цохиулж амиа алдав.

Зүрх зүссэн энэхүү харамсалтай үйл явдал Налайх дүүрэг дэх “Болор” амралтын газрын ойролцоо болжээ.

Охин Налайх дүүргийн зургадугаар хороо Тэрэлжийн Зүүн салаа гэх газар дугуй унаж яваад ийн осолд өртсөн байна. Хэрэг явдал өнгөрсөн пүрэв гаригт болсон юм.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээллээр “Болор” амралтын газраас 10 айл руу татсан цахилгааны  15 тулгуурын 8 дахь тулгуур хазайсан байдалтай, хүчдэл нь газардуулгагүй хүчдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлжээ. Уг шугам нь “Болор” амралт анх байгуулагдахад ажилчдын байрыг тэжээхэд зориулж татсан шонгууд юм байна.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ШААРДАВ

Зам тээврийн зөвлөл шатахууны үнийг бууруулахыг шаардлагыг Засгийн газарт тавилаа.

2018 он гарснаар шатахууны үнэ гурван удаа өсчээ. Хамгийн сүүлд энэ сарын 4-нд нэмэгдсэн байна.

Тодруулбал, “Магнай трэйд”, “Петровис” зэрэг томоохон импортлогчдоос эхлээд ихэнх газар шатахууны үнээ нэмжээ. Орон нутаг тэр дундаа Баян-Өлгий, Увс зэрэг баруун аймагт шатахууны үнэ Улаанбаатараас 20 хувиар илүү байгаа аж. Иймээс Зам тээврийн зөвлөл Засгийн газар болон эрх баригч намд дараах шаардлагыг хүргүүлж буй юм байна.

  • 21 аймаг есөн дүүрэгт түгээж буй бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг хямдруулах
  • Эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгох” гэсэн амлалтаа биелүүлэх.

ОРОН СУУЦНЫ I ДАВХАРТ БАЙРЛАДАГ ХООЛНЫ ГАЗРЫГ ХААХ САНАЛ ГАРГАВ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо.

Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг байна. Оршин суугчдын зүгээс ирүүлсэн гомдлыг үндэслэн дээрх саналыг гаргасан бөгөөд өмнө нь бас шаардлага тавьж байсан бөгөөд ирэх наймдугаар сарын 1-ээс эл саналыг хэрэгжүүлэхээр хугацаа заагаад буй юм.

Иргэд саналыг дэмжиж байгаа ч хоолны газрууд харин эсэргүүцэж буй. Хэрэв Нийслэл энэ саналыг хүлээн авбал тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж