ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд дөрвөн тоглолт үлдлээ. Өнгөрсөн шөнө шөвгийн наймын сүүлийн хоёр тоглолт болж, Англи, Хорватын шигшээ баг цааш тоглох эрхээ авлаа. Ингээд тоглолтын мэдээллийг хүргэе.
АНГЛИ – ШВЕД 2:0
- Гоол: Магуайр 30’, Алли 59’
Казан хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон Англи, Шведийн тоглолт 2:0-оор англичуудын хожлоор өндөрлөв. Тоглолтын гол баатрууд Гарри Магуайр, Дэлэ Али нар байсан юм. Эхний гоолыг хамгаалагч Магуайр 30 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж оруулсан бол Али 59 дахь минутад хоёр дахь гоолыг орууллаа.
Хоёр баг өмнө нь 25 удаа таарч тоглоход гуравт нь дэлхийн аваргын дэвжээнд байжээ. Энэ удаа Английн шигшээ баг илүү байж, хагас шигшээд үлдсэн юм.
Англи, Хорватын тоглолт долдугаар сарын 11-нд болно.
“G” хэсэгт Белгийн шигшээ багийн араас хоёроор хасагдах шатанд шалгарсан Английн шигшээ баг Колумбыг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Улмаар Шведтэй тоглож, 2:0-оор буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх гурав дахь багаар тодорлоо.
1966 оны дэлхийн аварга Английн шигшээ баг хамгийн сүүлд буюу 1990 онд Италид болсон тэмцээнд дөрөвдүгээр байрт орж байсан юм. Тэгвэл 28 жилийн дараа дахин хагас шигшээд үлдлээ.
ОХУ – ХОРВАТ 2:2 (3:4)
Шөвгийн наймын сүүлийн тоглолт болох ОХУ, Хорватын шигшээ багийн тоглолт Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтын үндсэн 90 минут болон нэмэлт 30 минутад 1:1 (2:2)-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор ялагч тодрох болсон.
ОХУ-ын Смолов, Фернандес нар цохилтоо амжилтгүй болгосноор 4:3-аар Хорватын шигшээ баг хожлоо.
ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов тоглолтын турш цэнгэлдэхийн үзэгчдийг уриалж байв.
Шөвгийн 16-д дэлхийн аварга Испанийг торгуулийн цохилтоор хожиж, гэрт нь буцаасан Оросууд энэ удаа боломжийг ашиглаж чадсангүй. Торгуулийн цохилтыг талбайн эзэд хангалтгүй гүйцэтгэлээ. Эхний цохилтыг Смолов алдсан бол гурав дахь цохилтыг Фернандес бүр хаалгаа онолгүйгээр зөрүүлж цохисон. Хорватчууд үлдсэн цохилтыг алдалгүй гүйцэтгэж, хагас шигшээд шалгарлаа.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 онд Францад болсон дэлхийн аваргад анх оролцохдоо шууд хүрэл медаль авч байсан хорватчуудын хувьд хүнд тоглолт байсан. Тэд хүлээлт үүсгээд байсан тоглолтын ялагч болж шөвгийн 4-т үлдлээ.
21 дэх удаагийн ДАШТ-ийг эхлэхийн өмнө хамгийн муу багаар нэрлэгдэж байсан ОХУ-ын шигшээ баг гялалзсан амжилтыг үзүүлсээр шөвгийн наймд үлдсэн ч тэмцээнээ дуусгаж байна. Оросууд 1966 онд дөрөвдүгээр байрт орж байсан нь хамгийн том амжилт бөгөөд энэ амжилтыг давтаад зогсохгүй ахиулах боломж байсан ч Хорватад харамсалтайгаар дийлдлээ.
Англи, Хорватын тоглолт долдугаар сарын 11-нд болж, хожсон нь аваргын төлөө өрсөлдөх юм. Нөгөө хэсгээс Франц, Белгийн шигшээ баг хагас шигшээд үлдээд байгаа билээ. Хоёр багийн тоглолт долдугаар сарын 10-нд болно.
Ч.БОЛОР