Асафа Павелл дэлхийн аваргыг өнжинө

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Асафа Павелл дэлхийн аваргыг өнжинө

БНСУ-ын Дэгү хотноо маргааш нээлтээ хийх хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ямайкийн спринтер Асафа Павелл гэмтлийн улмаас оролцох боломжгүй болжээ. Тэрбээр энэ сарын эхээр бэлтгэлийн үеэр цавиндаа гэмтэл авсан тул дэлхийн аваргад хурд сорьж чадахгүйд хүрсэн тухай түүний төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Хөнгөн атлетикийн спортоос хамгийн ихээр олны анхаарлыг татдаг эрэгтэйчүүдийн 100 метрийн зайд Усаин Болт өрсөлдөх бөгөөд АНУ-ын спринтер Тайсон Гей гэмтлийн улмаас оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бол Павелл мөн дэлхийн аваргыг өнжих болж байна. Гэхдээ одоогоор Ямайкийн хөнгөн атлетикийн холбооноос бүрэлдэхүүнийхээ талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм. Павелл хэдийгээр гэмтэлтэй байгаа ч есдүгээр сарын 4-нд болох 4х100 метрийн буухиа уралдаан болоход биеийн байдал нь сайн байвал тус төрөлд уралдах гэнэ. Харин эрэгтэйчүүдийн 100 метрийн урьдчилсан шатны уралдаанууд маргааш буюу нээлтийн өдөр болж, финалын гараа ням гаригт болох бол 200 метрийн уралдаан ирэх мягмар гаригт эхлэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж