Турк улсын нийгэм, хөдөлмөр хамгааллын сайд Жулиде Сариероглу хорт хавдартай холбоотой эмчилгээ, мэс засал, эм зэрэг үйлчилгээг үнэгүй үзүүлэх болсноо мэдэгдлээ. “Бид жилийн төсвийг 750 сая турк.лира болгож өсгөснөөр хорт хавдраар өвдөгсөд ямар ч эмчилгээний зардал төлөхөөргүй болж байна” гэж Сариероглу онцолжээ.
Туркийн засгийн газраас жил бүр 240 сая турк.лира эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад төлдөг байжээ. Турк улсын хэмжээнд нийт нас баралтын 20 хувь нь хорт хавдраас үүдэлтэй аж. Эрэгтэйчүүд уушги, бүдүүн гэдэс, шээсний сүв болон түрүү булчирхай зэрэг хорт хавдраар өвчилдөг бол эмэгтэйчүүд хөхний хорт хавдар, бамбай булчирхай, умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг болохыг тогтоожээ. Турк нь европын улс орнуудаас хорт хавдрыг эмчлэхэд зориулдаг төсөв, санхүүгийн хувьд эхний зургаад бичигддэг бол тус улсын өмнө Британи, Итали, Герман, Франц, Испани улсууд тэргүүлдэг аж. Гэхдээ өнгөрсөн жил нийт төсвөөс зөвхөн гурван хувийг хорт хавдрыг эмчлэхэд зориулсан гэжээ.
Г. Батмандах
Эх сурвалж : Hurriet Daily News