Телевизийн суваг эргүүлсэн шигээ сууж байтал Засгийн газрын хэвлэлийн албанаас бэлтгэн хүргэдэг “Засах цаг” нэвтрүүлэгтэй ‘тааралдав’. У.Хүрэлсүхийн танхимын бодлого шийдвэрийг танилцуулдаг болохоор мэдээлэл авах зорилгоор сувгаа сольсонгүй. Хөтлөгч Ө.Золбаярын хэлснээр “У.Хүрэлсүхийн засгийн зоригтой” алхамуудыг уг нэвтрүүлгээр дурдаж, ялангуяа сүүлийн үеийн улс төр, эдийн засгийн гол сэдэв болсон Тавантолгой, газрын тосны үйлдвэрийн талаар танилцуулав.
Засгийн эрхийг авснаас хойш томоохон бодлого хэрэгжүүлсэнгүй, энэ засгаас юу ч хүлээх хэрэггүй гэх сөрөг хүчний болоод олон нийтийн шүүмжлэлд өртсөн Ардын засаг энэ удаад “бяртай” байгаагаа харуулсан нь таван засаг, таван хувилбартай улс төрийн эрх ашгаа даахгүй унаж, гацаж явсан Тавантолгой төслийг хөдөлгөсөн явдал. Ирэх намраас Тавантолгойн IPO гаргах ажлыг У.Хүрэлсүхийн засаг хариуцах бөгөөд Д.Сумъяабазар гол тоглогч нь болох биз. Гол нь АТГ-аас асууж, зөвлөсөн л байгаа даа.
Цаашлаад сонирхвол, олон нийтийн анхаарлыг төдийлөн татахгүй ч өнө удаан жил яригдсан жижиг асуудлуудыг жижиг гэлтгүй шийдвэрлснийг хөтлөгч онцолж байна. Тухайлбал, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймгуудад Ерөнхий сайд танхимын гишүүдийн хамт ажиллаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэснийг газар дээрээс нь мэдээлж байна. Харин энэ нэвтрүүлгээр онцолсон Ардын засгийн хоёр том бодлогын нэг нь газрын тосны үйлдвэрийн шавыг тавьсан явдал. Анхны ерөнхийлөгч шар дээлээ хар алтаар мялааснаас хойш бүтээгдэхүүн хуваах нэрээр түүхий газрын тосоо экспортод гаргаж байснаас өөрөөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах нь олон жилийн мөрөөдөл байв.
Энэтхэгийн Засгийн газрын тусламжтайгаар баригдах нефть боловсруулах үйлдвэрийн ёслолд Ерөнхий сайд болон Энэтхэгийн ДХЯ-ны сайдын хамт оролцсон нь энэ удаагийн төсөл цаасан дээр биш Дорноговийн Алтанширээтэд бүтээн байгуулалт болох болов уу гэсэн эерэг хүлээлт эдийн засагт үүсгээд байна.
Гэвч, нөгөө талдаа ингэж сүржин тавьсан шав нь шав хэвээр үлдэх вий, яагаад гэвэл Монголд газрын тосны нөөц багатай, шатахуун үйлдвэрлэж чадах уу гэсэн шүүмжлэл яриа араас нь сонсогдох болдсон. Угаасаа ч газрын тосны үйлдвэр барина гэсэн Засгийн газар болгоны мөрөөдлийг Монгол газрын тосны нөөц багатай гэсэн дайвар үг дагалддаг байсан нь саяхан. Үнэндээ хөтлөгчийн хэлсэн Монгол Улс бие даасан улс юм бол шатахууны хараат байдлаасаа халах хэрэгтэй. Монгол Улс шатахууны хувьд Оросоос бүрэн хараат байсан. Үүнээс болж Кремль найтаах төдийд Монголын эдийн засаг “гэдэс гүйлгэдэг” байсан нь бас л саяхан. Нэг литр шатахуун 3000 төгрөгт хүрч, хомсдолд орж байсан нь С.Батболдын засгийн үед тохиолдож байв. Тиймээс урд хөршөөс тодорхой хэмжээний шатахуун оруулж ирэх хэлэлцээр хийснээр хойд хөршөөс шатахууны хувьд 80 хувийн хамааралтай болж багассан. Гэхдээ л шатахууны хувьд ноён Путины хараат хэвээр гэсэн үг. Хэрэвзээ У.Хүрэлсүх газрын тосны үндэсний үйлдвэр барьж ашиглалтад оруулах юм бол 21 дүгээр зууны түүхэн бүтээн байгуулалт болно. Мэдээж, Монгол Улс шатахууны хувьд бие даасан байх нь хойд хөршид эдийн засгийн болоод улс төрийн ашиггүй. Тиймээс л Монгол газрын тосны нөөц багатай, чанар муу гэсэн геологийн худлаа судалгаа гаргасныг “Засах цаг”-аар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн дэлгэсэн нь өөрийн эрхгүй сонирхол татсан юм. Д.Бямбасүрэн хэлэхдээ “Засгийн газар бодитой ажил хийж байгаа юм болов уу гэж харлаа. 1960-аад оны үед ЗХУ-ын Газрын тосны хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан Г.А. Габриелянц Монгол газрын тосны нөөц сайтай шүү. Цаанаас улс төрийн шахалт үзүүлсэн учраас Монгол газрын тосны нөөц багатай гэсэн худлаа судалгаанд гарын үсэг зурсан” тухай дурдсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол газрын тосны нөөц багатай гэсэн ойлголт бол оросуудын зохиосон үлгэр, жилдээ 1.2 тэрбум ам.долларын шатахуун худалдаж авдаг Монгол Улс үндэсний үйлдвэртэй болсноор энэ мөнгийг дотооддоо шингээх боломжтой болно. Иймээс нэгд эдийн засгийн энэ шалтгаанаар, хоёрт геополитикийн асуудлаас болж Монголыг дотооддоо шатахуун үйлдвэрлэхийг хөтлөгчийн тайлбарласнаар “жадлан эсэргүүцэгчид” олон байгаа бололтой.
Зав чөлөөгөөр үзсэн “Засах цаг”-аас үлдсэн бодол нэг иймэрхүү.
Ж.ЭРХЭС