-Өнгөрсөн хугацаанд шатахууны хомсдол эдийн засагт олон сөрөг үр дагавар үзүүлсэн. Газрын тосны мэргэжлийн байгууллагын хувьд танайх энэ тал дээр ямар үзэл баримтлалтай байдаг вэ?
-Ер нь шатахууны хомсдлын талаар төрийн байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн үндэслэлээ гаргаж тавьж байгаа л даа. Үндсэндээ ОХУ өөрийн дотоод зах зээл дээр бий болсон хямралаас үүдэн манайд нийлүүлэх шатахууныхаа хэмжээг багасгасан гэж тайлбарлаж байгаа юм. Энэ бол тодорхой хэмжээнд үндэслэлтэй. Тухайлбал ОХУ-ын Владивосток, алс Дорнодын нутгаар шатахуун хомсдсон гэсэн мэдээлэл тухайн үед нэлээд цацагдаж байсан. Гэхдээ нэгэнт манай улс газрын тосны бүтээгдэхүүний хувьд 100 хувь хараат учраас тухайн нийлүүлэгч улсын барьж буй бодлогод нэрвэгдэхээс өөр аргагүй. Харин энэ тал дээр улс төрийн бодлого ул суурьтай байх ёстой гэх ойлголт үгүйлэгдэж байгаа. Тэгэхээр үүнийг нэгдүгээрт, шатахуун хомсдсон үед нь асуудал тавьж, гүйх биш. Шатахууны хангамжийн асуудлыг төрийн бодлогын хүрээнд урт, дунд, богино хугацаанд тууштай арга хэмжээ авах ёстой гэж манай нийгэмлэгээс үзэж байгаа юм. Хоёрдугаарт, хангамжийн асуудлыг яаж үндэсний түвшинд шийдэх вэ гэдэгт ач холбогдол өгч байна. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд үүнийг маш олон жил ярьж байгааг бид мэднэ. Гарч байгаа үндэслэл нь түүхий тосны нөөц байна уу гэдгийг ярьж байна. Энэ нөөц хаана байна вэ. Тэнд л аюулгүй асуудал яригдана. Одоо бидний мэдэж буйгаар Тамсаг, Зүүнбаянгийн нефтийн нөөц нь батлагдаад байгаа.
-Гэхдээ хойд хөршөөс түүхий нефть авч энд боловсруулах талаар ярьж байгаа байх аа?
-Тэгэхээр хаана ямар үйлдвэр яаж байгуулах вэ гэсэн тооцоо судалгаагаа үндэслэлтэй гаргах ёстой. Би дээр хэллээ. Газрын тосны нөөц манай улсыг 100 хувь хангах нь тогтоогдоогүй байгаа. Тогтоогдоогүй гээд боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг ярихгүй гэсэн юм биш. Түүхий тосны хангамжаас шалтгаалж боловсруулах үйлдвэрийн технологийн сонголт, хүчин чадлын хэмжээг тогтоодог л доо. Тэгэхээр өнөөгийн түүхий тосны хангамж дээр үндэслэж компаниуд боловсруулах үйлдвэр байгуулах саналаа илэрхийлж байна. Тухайлбал, Дорнод аймагт жилдээ 120-150 мянган тонн түүхий тос боловсруулах бага оврын боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг тавьж байгаа юм билээ. Энэ аж ахуйн нэгжүүд эрсдлээ үүрээд, хөрөнгө санхүүгээ гаргаж үйлдвэр байгуулах гэж байгааг бид дэмжих хэрэгтэй. 120-150 мянган тонн гэдэг бол манай улсын шатахууны жилийн хэрэгцээний 10 хүрэхгүй хувь шүү дээ. Тэгэхээр ийм бага хэмжээний үйлдвэр байгуулах хэрэг байна уу. Харин нийт зах зээлийнхээ хангамжийн найдвартай байдлыг хангасан төрийн бодлогыг гаргаж тавих ёстой. Түүнд нь нийцсэн үйлдвэр барих ёстой. Чухам хаана ямар үйлдвэр барих вэ гэдгээ төр бодлогоороо дамжуулж тодорхой болгох хэрэгтэй л дээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд хүртэл энэ асуудлыг тодорхой заасан. 2020 он гэхэд дотоодынхоо эх үүсвэрээр үйлдвэрийнхээ хангамжийн асуудлыг бүрэн шийднэ гэж бичсэн байгаа. Мөн үйлдвэрлэлийн асуудлаас гадна шатахууны нөөцийг дор хаяж зургаан сараас доошгүй хэмжээгээр улсын стратегийн нөөцийг бүрдүүлнэ гэж заасан нь бий.
-Тэгэхээр томоохон үйлдвэр байгуулах ёстой гэсэн үг үү?
-Жилдээ нэг сая тонн түүхий тос боловсруулах чадвартай үйлдвэр байгуулах хэрэгтэй. Гол нь боловсруулах үйлдвэрийг томоохон аж үйлдвэрүүдэд түшиглэж барих ёстой. Тухайлбал, одоо нэлээд дэмжлэг аваад буй Сайншандын аж үйлдвэрийн паркид түшиглэн барихад буруудахгүй. Гол нь дотоодын нөөцийг улсын аюулгүй байдлыг хангах, шатахууны хомсдолд орсон үед шатахууны тасалдалд орохгүйн тулд ашиглах хэрэгтэй. Харин дотоод зах зээлийг бүрэн хангах түүхий тосыг ОХУ-аас импортлоно гэсэн үг. Ингэвэл түүхий тосыг бид дэлхийн зах зээлийн үнээр л авна шүү дээ. Гэтэл өнөөдөр бид ОХУ-аас шатахуун авахдаа тухайн улсын маш олон татвар, зардлыг шингээсэн бүтээгдэхүүн авч байна. Мөн хилээр татвартай татваргүй оруулж ирээд Азийн орнууд дунд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байна шүү дээ.
-Танай нийгэмлэгийн хувьд энэ тал дээр юу хийж байгаа вэ?
-Бид төрийн бус байгууллага тул шийдвэр гаргах эрхгүй нь мэдэж. Харин энэ асуудалд мэргэжлийн үүднээс өөрсдийн үзэл баримтлалаа холбогдох хүмүүст хүргэхийг зорьж буй. Мөн энэ салбарын мэргэжилтэн бэлтгэх гэх мэт ажлуудад анхаарч ажиллаж байна. Монголд газрын тосны салбарын мэргэжилтнүүд нэг үеэ бодвол олон болж байгаа. Гэхдээ энэ боловсон хүчнүүд хаана байна гэхээр их асуудалтай. Тэдний олонхи нь зарим нь мэргэжлийнхээ дагуу ажлаа хийгээд аль нэг аж ахуйн нэгжүүдэд байгаа. Мөн төрийн байгууллагад ажиллаж бий. Олонхи нь боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байна. Харин манай нийгэмлэгийн зорилго бол энэ их тарамдсан мэргэжлийн боловсон хүчний хүч, бололцоог нийгэмлэгээрээ дамжуулж нэгтгэх явдал юм. Мөн энэ хүмүүсийн мэдлэг, чадварыг ашиглаж төр засгийг бодлогоо тодорхойлоход нь туслахыг эн тэргүүний зорилгоо болгож байгаа.
"Улс төрийн тойм" сонин