‘Хүүхдүүдийг өнөөдөртөө гаргаж чадахааргүй боллоо. Агуйн хүчилтөрөгчийн хэмжээ 15 хувиар буурсан бөгөөд улам л хүнд болоод байна’ гэж Чианг Рай мужийн дарга Наронгсак Осоттанакорн хэллээ. Тайландад ирэх даваа гаригт их хэмжээний бороо орох төлөвтэй байна.
Тайландын Там Луанг агуйд гацсан 11-15 насны 12 хүүхдийг багшийнх нь хамтаар ирэх долоо хоногоос өмнө дахин үер бууж болзошгүй тул түүнээс өмнө аврахаар бүхий л авч болох арга замыг хайн цаг наргүй ажиллаж байна. Мэргэжилтнүүд агуйн хамгийн нарийн хэсэгт тунасан их хэмжээний усыг соруулж гаргаж байна. Хэрвээ бороо орохоос өмнө амжиж хийж чадахгүй бол хүүхдүүдийг шумбуулж гаргах бэлтгэлтэй байгаа аж.
Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа эдгээр хүүхдүүдийн амь нас дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед туслахаар гадаадын олон мэргэжилтнүүд Тайландад ирж байна. Тухайлбал, SpaceX-ийн үүсгэн байгуулагч тэрбумтан Элон Маск Тайландын Там Луанг агуйд гацсан 12 хүүхдийг багшийнх нь хамтаар аврахаар чадварлаг инженерийн багаа явуулахаар болсон байна.
Маскын илгээсэн инженерийн баг өнөөдөр нөхцөл байдалтай танилцаж, хүүхдүүдийг агуйгаас гаргах арга замыг олох болно гэжээ. Түүний төлөвлөснөөр нэг метрийн диаметртэй нилон хоолойг татаж, хөвгүүдийн байгаа газарт хүргээд түүнийгээ агаараар хийлэх гэнэ. Ингэж гаргасан хоолойгоо хөвгүүдийг мөлхүүлж гаргах боломжтой гэжээ.
Хүүхдүүд Тайландын хойд хэсэгт орших Чианг Рай байгалийн цогцолборт газарт очоод сураг тасарсан. Харин ес хоносны дараа хайгуулын багийн хоёр Британи шумбагч тэднийг олсон юм. Агуйд орсон хойно нь бороо орж, үер бууснаас буцаж гарах аргагүй болсон байдаг. Тэд агуйд 13 хонож байна.
эх сурвалж: bbc, cnn