ДАШТ: Франц, Белги шөвгийн 4-т үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Франц, Белги шөвгийн 4-т үлдлээ

ДАШТ: Франц, Белги шөвгийн 4-т үлдлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Шөвгийн наймын хоёр тоглолт өнгөрсөн шөнө болж, Франц, Белгийн шигшээ баг дөрөвт үлдлээ. Ингээд тоглолтын мэдээллийг хүргэе.


УРУГВАЙ – ФРАНЦ 0:2

  • Гоол: Рафаэлв Варан 40’, Антуан Гризманн 61’

Шөвгийн наймд учраа таарсан Франц, Уругвайн тоглолт хуучнаар Горький, одоогийн Доод Новгород хотын “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтыг 43 мянган үзэгч үзсэн бол талбайн шүүгчээр Аргентиний Питана ажилласан байна.

Хожсон нь цааш медалийн төлөө өрсөлдөх тоглолтын үр дүн 2:0-оор Францын ялалтаар өндөрлөлөө.

Хэсгийн тоглолтоос эхлэн гялалзсан амжилтыг үзүүлж байгаа 1998 оны дэлхийн аварга францчууд хагас шигшээд өрсөлдөх эхний эрхийг авсан. Тоглолтын гол баатрууд Рафаэлв Варан, Антуан Гризманн нар байсан бөгөөд тэд багаа ялалтад хүргэсэн.

Тоглолтын эхний үеийн 40 дэх минутад Уругвайн Бентакур алдаа гаргаж, Францын Рафаэлв Варан чөлөөт цохилтоо амжилттай болгосноор 1:0-оор францчууд тэргүүлж эхэлсэн юм. Удаах гоолыг 61 дэх минутад Антуан Гризманн оруулж, тоглолт Францын шигшээ багийн давуу байдлаар үргэлжилсэн. Гризманны холоос цохисон цохилтыг Уругвайн хаалгач Фернандо Муслера зогсоож чадсан боловч хаалгандаа алдсан юм.

Энэ байдлаас гарах гэж уругвайчууд хичээсэн ч гоол хийж чадалгүй тэмцээнийг дуусгалаа. Уругвайн шилдэг тоглогч Луис Суарест гоол хийх боломж үнэхээр гарсангүй.  

Герман, Аргентин, Португал зэрэг том багууд эрт тэмцээнийг орхисон энэ үед Францын шигшээ баг дахин нэг алхам урагшиллаа.

Австрали, Перуг хожиж, Данитай тэнцсэн Францын шигшээ баг хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн 16-д Аргентиний шигшээг 4:3-аар хожиж, алдарт Месси тэргүүтэй дэлхийн хоёр удаагийн аварга аргентинчуудыг гэрт нь буцаасан. Францчууд өнгөрсөн шөнө мөн хоёр удаагийн аварга Уругвайн шигшээ багийг хожиж хагас шигшээд үлдлээ.


 

БРАЗИЛ – БЕЛГИ 1:2

  • Фернандино (авто гоол) 13′, Де Брюни 31′, Ренато Аугусто 76′

Казан хотын төв цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн таван удаагийн аварга Бразил болон Белгийн шигшээ багийн тоглолт боллоо. Тоглолт 2:1-ээр Белгийн шигшээ багийн хожлоор өндөрлөсөн юм.

Шөвгийн 4-т өрсөлдөх хоёр дахь багаар тодорсон Белгийн шигшээ баг шөвгийн 16-д Японы багийг 3:2-оор хожсон юм.

Бразилын Фернандино тоглолтын 13 дахь минутад өөрийн хаалгандаа авто гоол хийж, 1:0-оор белгичууд тэргүүлж эхэлсэн. Удалгүй 31 дэх минутад Де Брюни хоёр дахь гоолыг оруулж, Белгийн шигшээ баг эхний үед 2:0-оор илүүрхэж эхэллээ. Дэлхийн таван удаагийн аварга, дэлхийн үнэтэй тоглогч Неймар тэргүүтэй бразилчууд хүнд байдалд орсон. Тоглолтын хоёрдугаар үед 2:0-оор хожигдож яваа хүнд байдлаас гарах гэж бразилчууд хичээсэн ч чадсангүй. Гэхдээ нэр төрийн ганц гоолыг Ренато Аугусто 76 дахь минутад оруулсан. 

Шөвгийн 4-т өрсөлдөх хоёр дахь багаар тодорсон Белгийн шигшээ баг шөвгийн 16-д Японы багийг 3:2-оор хожсон юм.

Бельгийн шигшээ багийн дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 1986 оны Мексикт болсон ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан амжилт юм. 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий шөвгийн наймд Аргентины шигшээ багт хожигдож (1-0) байсан удаатай. Тэгвэл энэ удаа хасагдах шатанд Япон, Бразилыг хожин хагас шигшээд үлдээд байна.

Бразилчууд сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан Европын багуудад хожигдож, хасагдлаа. Тодруулбал, 2006 онд Францад, 2010 онд Нидерландад, 2014 онд Германд хожигдсон бол энэ удаа Бельгийн шигшээд дийлдэн “Алтан цом”-ын мөрөөдлөө дахин хойшлуулж байна.

Хагас шигшээд үлдсэн Франц, Белгийн шигшээ багийн тоглолт долдугаар сарын 11-ний өглөөний 02.00 цагт Санкт-Петербург хотод болно.

Өнөө шөнө ШВЕД – АНГЛИ, ОХУ – ХОРВАТЫН тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг бүрэн тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж