Тоглолтын өмнө: ШВЕД-АНГЛИ, ОХУ-ХОРВАТ

Хуучирсан мэдээ: 2018.07.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: ШВЕД-АНГЛИ, ОХУ-ХОРВАТ

Тоглолтын өмнө: ШВЕД-АНГЛИ, ОХУ-ХОРВАТ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд болж, хагас шигшээ өрсөлдөх эхний багууд тодорлоо. Өнгөрсөн шөнө болсон тоглолтод Франц, Белгийн шигшээ баг хожсон бол өнөө шөнө дараах хоёр тоглолт болно. Ингээд тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.


ШВЕД – АНГЛИ

Шведийн шигшээ баг Герман, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж, хэсгээ тэргүүлсэн. Шөвгийн 16-д Швейцарыг хожсон шведчууд том баг гэдгээ харуулсаар байна. Шведийн шигшээ баг 1958 онд зургаа дахь удаагийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж, Бразилд ялагдан мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн 1950, 1994 онд хүрэл медаль хүртсэн юм. Тиймээс Шведийн шигшээ багийг хүчтэй багийн тоонд зүй ёсоор багтаадаг. 

21 дэх удаагийн ДАШТ-д оролцохын тулд дэлхийн аварга Итали болон Нидерландыг ардаа орхин Орост ирсэн шведчууд хоккейгоос гадна хөлбөмбөгт ур чадвартай гэдгээ харуулсаар байна. Германы хүчирхэг багтай нэг хэсэгт багтсан шведчууд анхнаасаа анхааралд өртсөн багийн нэг юм. Тэр хэрээр урагшилсаар байна. Английн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад чимээгүйхэн явсаар наймд үлдсэн. Хэсэгтээ Белгийн араас хоёрдугаар байраар шалгарсан англичууд хасагдах шатанд Колумбыг торгуулийн цохилтоор буулган авсан юм. Гэхдээ тэд торгуулийн цохилтод ялагдаж байсан цувралаа Орост зогсоож чадсан. 1950 оноос хойш ДАШТ-д оролцож ирсэн Английн шигшээ баг анх удаа торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө хожсон тохиолдол болсон. Тиймээс долдугаар сарын 3-ны өдөр Колумбын эсрэг хийсэн тоглолт англичуудын хувьд түүхэн ялалтын өдөр байсан юм.

Английн шигшээ баг 2014 онд Бразилд болсон дэлхийн аваргад Итали, Уругвай, Коста-Рика гэсэн хүчтэй багуудтай нэг хэсэгт багтаж, хэсгээсээ гарч чадаагүй билээ. Мөн дэлхий дээр олон сая хөгжөөн дэмжигчтэй багийн нэг болох Английн шигшээ баг Шведийг хожиж чадвал ОХУ, Хорватын хожсонтой нь хагас шигшээд өрсөлдөнө. 

Швед, Английн тоглолт 22:00 цагаас Самара хотын 45 мянган хүний суудалтай “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. ДАШТ эхлэхээс өмнө хоёр сарын өмнө ашиглалтад орж байсан уг цэнгэлдэх хүрээлэнд нийт зургаан тоглолт болохоос өнөөдөр хамгийн сүүлийнх нь юм байна. 

 

ОХУ- ХОРВАТ

Өнөөдөр шөнө 02.00 цагт Сочи хотын төв цэнгэлдэхэд эхлэх тоглолт хамгийн их анхаарал татаж байгаа. Тэмцээнийг зохион байгуулагч орон Оросууд 1966 онд дөрөвдүгээр байрт орж байсан нь хамгийн том амжилт юм. Энэ дэлхийн аварг эхлэхийн өмнө хамгийн муу багаар нэрлэгдэж байсан ОХУ-ын шигшээ баг гялалзсан амжилтыг үзүүлж урагшилсаар байна.

Хэсгийн эхний тоглолтоос эхлэн олон баатруудыг таниулаад байгаа хойд хөршийн баг шөвгийн 16-д 2010 оны дэлхийн аварга Испанийг торгуулийн цохилтоор буулган авсан юм. Долдугаар сарын 1-д Москва хотод болсон тоглолтын баатар хаалгач Акинфеев байсан бөгөөд Испанийн Коке, Аспасын нарын цохилтыг хааснаар сүүлийн тав дахь цохилтоос өмнө багаа хожилд хүргэсэн. Энэ тоглолт оросуудад том итгэл найдварыг авчирсан. Хөлбөмбөг сонирхдоггүй хүн энэ тоглолтын үр дүнг хараад өөрчлөлт хийж байсан зэрэг олон үйл явдлууд орост өрнөсөөр байна.

Одоогоос 10 жилийн өмнө буюу 1998 онд Францад болсон дэлхийн аваргад анх оролцохдоо шууд хүрэл медаль авч байсан хорватчуудын хувьд хүнд тоглолт болно. Гэхдээ олон сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө гайхамшигийг бүтээж цааш тоглох эрхээ авах нь чухал байгаа. Сочи хотод болох энэ тоглолт хамгийн их хүлээлт үүсгэсэн тоглолтын нэг болж байна.

Хорватын шигшээ баг хэсэгтээ дэлхийн аварга Аргентинийг хожиж, ямархуу бэлтгэлтэй байгаагаа харуулсан. Улмаар хэсгээ тэргүүлж, Данийг хожин шөвгийн наймд үлдээд байгаа юм.


ӨНӨӨДӨР

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж