Инфляцийн өсөлт ирэх оны хагас хүртэл үргэлжлэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Инфляцийн өсөлт ирэх оны хагас хүртэл үргэлжлэх гэнэ

Хүнсний өргөн хэрэглээний бараа, нийтийн тээвэр, шатахуун, хөвөн бөс барааны үнэ нэмэгдсэнээс шалтгаалж инфляци сүүлийн таван сард тогтмол өсч 12 хувьд хүрээд байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсад инфляци жилийн 10.1 хувьтай байгаа гэж мэдээлсэн билээ. Харин Улаанбаатар хотод инфляци жилийн 11.4 хувьд хүрээд байгаа аж. Инфляцийн энэхүү өсөлтөд нийтийн тээврээр зорчих үнийг 400 төгрөг болгож нэмсэн, шатахууны үнэ огцом нэмэгдсэн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ. Түүнчлэн төсвийн өндөр зарлага, “Хүний хөгжил сан”-аас иргэдэд олгож буй бэлэн мөнгө ч инфляцийн өсөлтөд тодорхой үүрэг гүйцэтгэжээ. Харамсалтай нь инфляци цаашид ч өсөх хандлагатай байгаа гэдгийг дуулгая. Тодруулбал, энэ оныг дуустал, цаашлаад ирэх оны нэгдүгээр хагас хүртэл энэхүү таагүй үйл явц үргэлжлэх төлөвтэй байгаа гэдгийг Монголбанкныхан өчигдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Учир нь дээр дурдсанаас бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс одоо “Ирэх жилийн эхний хагас гэхэд инфляци чухам хэдэн хувьд хүрсэн байх бол. Тэр нь Монгол Улсын эдийн засагт ямар таагүй нөлөө авчрах бол” гэдгийг таамаглах л үлдэв бололтой. Гэхдээ төв банкнаас энэхүү мэдээллийг дуулгахын хажуугаар “Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурлаар бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлж, 11.75 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Мөн заавал байлгах нөөцийн хувийг хоёр нэгжээр нэмэгдүүлж 11 хувь болгосон” гэж мэдээлсэн юм. Дээрх арга хэмжээг авснаар инфляцийн хүлээгдэж буй дарамтыг сааруулах, санхүүгийн салбарын найдвартай байдлыг бэхжүүлэхэд тодорхой нэмэр болох гэнэ.  “Бодлогын хүүг ийнхүү нэмсэн нь аж ахуйн нэгж, арилжааны банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх юм биш үү” гэсэн асуултыг хурлын үеэр төв банкныханд тавихад “Бодлогын хүүг нэмэхдээ олон талаас нь тооцоолол хийсэн. Тийм зүйл болохгүй” гэв.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж