Завхан Улиастай суманд энэ сарын 4-5-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас хэд хэдэн газарт үер буужээ. Тухайлбал долдугаар сарын 4-ны өдрийн аадар борооны улмаас Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үер бууж Богдын голын усан цахилгаан станцын харьяа дизель станцын хаягдал тос /маслын/ тогоо усаар дүүрч Богдын гол руу урсч, аюултай нөхцөл байдал үүссэн байна.Энэхүү дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 4-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч холбогдох албаныхан шуурхай ажиллаж үерийн голдирлыг өөрчилсөн байна.
Түүнчлэн энэ өдөр Улиастайгаас Говь-Алтай чиглэлийн улсын чанартай А-1103 дугаартай автозамын модон гүүр унаж автомашин зорчих боломжгүй болсон учраас түр зам гаргаж автомашиныг саадгүй зорчдог болгожээ. Голын сав болон эрэг дагуу суурьшиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлалгүй, голд сэлэхдээ болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өнөөдөр их хэмжээний мөндөр орсны улмаас Арвайхээр хотоос зүүн чиглэл Онгийн голын пост хүртэлх замд үер буужээ. Үерийн улмаас зорчих хэсэгт их хэмжээний чулуу хайрга бөөгнөрөн зам эвдрэх магадлалтай байгаа учир жолооч нарыг хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа учраас амралт, аялал зугаалгаар хөдөө орон нутагт зорчигч иргэд болон малчид болзошгүй үер усны аюулаас сэргийлээрэй.
Э.Бурам