Ж.Очбадрахын ээж гэрээслэл бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Ж.Очбадрахын ээж гэрээслэл бичжээ

Насанд хүрээгүй охины амийг санаатайгаар бүлэглэн хөнөөсөн хэргээр бүх шатны шүүхээс 18 жилийн хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэгийн найз залуу Ж.Очбадрахын ээж М.Майцэцэг өнөөдөр 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр хүү Ж.Очбадрах болон түүний найз охин Ө.Хэрлэнчимэг нарт хилсээр ял оноосон гэж үзэж байгаа аж. Тиймээс энэхүү хэргийг Улсын дээд шүүх бүгд хуралдаанаараа дахин хэлэлцэж, хэргийн гол буруутныг олж, хүүхдүүдийг нь цагаатгаж өгөхийг хүсч  буйгаа дуулгалаа. Тэрбээр Дээд шүүх анхан болон давж  заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсны дараа Дээд шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй учир хэвлэл мэдээлэлд хандаж  байгаа гэлээ. Хурлын 40 минутад хэргийн талаарх  хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийн уншиж, хүүгээ гэм буруугүй гэж  байсан юм. Тэрбээр мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нотлох баримтыг яллах зорилгоор бүрдүүлсэн, нэг талыг баримталж ял оноосон гэсэн юм. Тэрбээр хэргийг Дээд шүүхийн бүгд хуралдаанаар хэлэлцэхгүй бол чигчий хуруугаа олны  өмнө тасалж,  цаашлаад цусаа юүлэн амиа хорлох болно  хэмээн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан гэрээслэл бичжээ. Түүний бичсэн гэрээслэлд “Миний бие Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсын шүүх байгууллагад итгэх итгэл алдарлаа. Иймд шударга  ардчилсан нийгмийн Ерөнхий шүүгч Ц.Зориг та бодит үнэнийг тунгаан, Монгол Улсын Дээд шүүхийн бүгд хуралдааныг хуралдуулж, үнэн хэзээд ялдгийг, шударга ёс хэзээд байдгийг Монголын ард түмэнд, эх надад харуулна уу. Би нэг сарын хугацаанд та бүхнийг арга хэмжээ авахыг хүлээнэ. Эс бөгөөс би шударга ёс байдаггүй, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн хэнийг ч сонин, телевиз ашиглан хүнийг гүтгэж, ял тулгаж болдог юм байна гэж ойлгон үүний эсрэг чигчий хуруугаа камерын өмнө олон түмний өмнө тасална. Тэгээд зогсохгүй үрийнхээ төлөө цусаа ханан амиа хорлохоос өөр арга алга” гэжээ. 

Энэ үеэр Ж.Очбадрахын ээж  М.Майцэцэгээс  зарим асуултад хариулт авлаа.

-Таны хүүгийн найз охин Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн  яагаад ирээгүй юм бэ?

-Би ойрд уулзаагүй, мэдэхгүй байна. Тэгээд ч Ө.Хэрлэнчимэгийн ээж хуулийн хүн. Өөрөө өмгөөлөгч хүн байж мэдээлэл хийгээд явахгүй байх.

-Шат шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад хүүгээ гэм буруугүй гэж үзэх нотлох баримт байгаа хэрэг үү?

-Байлгүй яах юм. Энэ хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч н.Дугарсүрэн, н.Мөнгөншагай хоёр анхнаасаа нэг талд ажиллаж, нотлох баримт бүрдүүлсэн. Үүнийг нь прокурор,  шат шатны шүүх нь нягтлалгүй, ял оноолоо. Гэрч гээд байгаа Д.Сарантуяа хэрэг гарсан газрыг Дамбадаржаагийн  гүүр, Сувдын шүр, Суварган гүүр гэх мэтээр янз бүрээр ярьж, мэдүүлгээсээ байнга буцаж байсан. Гэтэл мөрдөн байцаагч нь цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж аваад, мэдүүлэг зохиож бичсэн байгаа юм. Ер нь хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлгээр тэр хэргийг манай хүүхдүүд үйлдээгүй нь харагддаг. Гэтэл тэр гэрчийг хүртэл шүүх хуралдаанд оруулаагүй. Хэргийн гол гэрч гээд байгаа Д.Сарантуяагийн хэрэг гарсан цагийн талаарх мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлттэй ч зөрдөг. Хаана, хэдэн цагт энэ хэрэг гарсан нь хүртэл тодорхойгүй байхад ял оноосон.

-Та хуруугаа огтолж, амиа хорлоно гэж мэдэгдлээ. Энэхүү гэрээслэл чинь хуулийн байгууллагыг сүрдүүлж байгаа хэрэг  биш үү?

-Би сүрдүүлээгүй. Дээд шүүхэд энэ талаар хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Өөр арга байхгүй учраас л би үр хүүхдийнхээ төлөө ингэж явна.

-Танд хэргийг өөр хүн үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа  юу?

-Ямар ч гэсэн хэрэгт холбогдсон найман хүүхэд үйлдээгүй. Үнэхээр хүний амь хохирсон нь үнэн, хэн нэгэн хэрэг үйлдсэн болох нь ч үнэн. Гагцхүү гол буруутныг олохыг хүсээгүй, олж чадаагүй. Хөндлөнгийн гэрч н.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ “2008 оны долдугаар сарын 18-19-ний шилжих шөнө хүүхдээ 02.00-03.00 цагийн үед  шээлгэчихээд буцаад хэвтсэн. Энэ  үед эмэгтэй хүн “Хэн ээ, хэн ээ” гэж олон удаа хашхирсан гэсэн бол гэрч н.Борчулуун 03.00 цагийн үед гэрийнхээ хаяагаар харсан чинь цагаан өнгийн портер шиг ачаатай машин урд зүг рүү хурдтай явж өнгөрсөн гэсэн байдаг. Бас гэрч н.Энхтөр 2008 оны долдугаар сарын 18-ны орой эхнэр намайг дуудан сэрээсэн. Тэгээд чимээ чагнахад “Ганаа ах аа” гэх эмэгтэй хүний дуу сонсогдсон гэж мэдүүлсэн ч шалгаагүй. Тэгэхээр хэргийг Ганаа /хохирогчийн ах/ гэж хүн үйлдсэн ч байж болно. Цагдаагийнхан үүнийг шалгаагүй.

Ө.Хэрлэнчимэг болон түүний найз залуу Ж.Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийг өнгөрөгч зургадугаар сард Дээд шүүх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Тухайн үед Ж.Очбадрахын ээж М.Майцэцэг шүүхийн шийдвэрт гомдолтой  байгаагаа илэрхийлж байсан. Мөн давж заалдах шатны  шүүх хурал болохоос өмнө хэвлэлийн хурал зарлаж, үсээ хусч байсан билээ.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Ө.Хэрлэнчимэгт 20 жил зургаан сар,   Ж.Очбадрахад 18 жил нэг сарын хорих ял оноосон бол С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Улмаар 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн тухай хуульд хамруулсан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж