Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Хэнэггүй монголчууд

Хэнэггүй  монголчууд

Монголчууд ер нь жаахан хэнэггүй л дээ. Гэхдээ хэнэггүй гэхэд арай ч хэтэрмээр зураг сүүлийн хэдэн өдөр сошиалд орчин тарав. Барилгын хананд аннос байрлуулахаар эр зориг гаргасан залуус нэгнийхээ хөлөөс барьж байгаад л хадаж байх жишээтэй. Хэн нэгнийг муучлахгүй гэсэнгүй. Гэхдээ хэнэггүй нь дэндээд нэгнийгээ алдвал яах вэ, зориулалтын шат, өргөгч ашиглаад өлгөчих сүйхээ байсангүй эсвэл залхуурсан уу бүү мэд. Ямар ч гэсэн хэрэвзээ тэд “барьц алдсан бол яах вэ” гэдэг асуулт л тэр зургийг хараад төрж байв.

Яг бидний хэнэггүй зангаас бол сүүлийн нэг сарын хугацаанд хэчнээн ч хүүхэнд эндэв. Өглөө сэрээд л нэг бяцхан зүрх зогсч гэсэн мэдээ сошиалаар дүүрэн. Под станцын хаалга түгжсэн бол, шөнийн 22.00 цагт дэлгүүр явуулаагүй бол, хөлбөмбөгийн талбайн хаалгыг бэхэлсэн бол, жолоо барихдаа анхаарал болгоомжтой байсан бол, тогны утсаа далдалж, аюулгүй болгосон бол. Хэрэв бид хариуцлагатай байсан бол тэд өнөөдөр тоглож, наадаад, ээж аавынхаа элгийг дэвтээгээд байж байх байлаа. Хоёрхон настай хүүхдээ моринд суулгаад уралдуулсан малчин өрхийнхнийг нэг хэсэг нь өмөөрч байхад нөгөө хэсэг нь шүүмжилж, чичилж байсан нь саяхан. Өвлийн улиралд цасан шуургатай, хөдөө гадаа явахдаа болгоомжил гэж сануулаад байхад л замд гараад хөлдөх, цасанд суусан тохиолдлуудыг дурдаад ч хэрэггүй биз. Үер усны аюул, голд живх аюул, эрсдэлтэйг сануулсаар байтал л усанд амиа алдана. Энэ бүхэн бидний хэнэггүй, хариуцлагагүй зангаас үүдэлтэй. Дахиад хэн нэгний амь эрсдэхгүй, эндэхгүй, хэн нэгний элэг эмтрэхгүй байхын тулд хэнэггүй Монгол зангаасаа салж, хариуцлагатай болох цаг нэгэнт болжээ. Хэзээ хүүхдүүд нь хүүхэд шиг торниж, томчууд нь том хүн шиг хариуцлагатай болох вэ. Сошиалаар явж буй энэ олон үйлдлүүдийг даган баясахаас илүү өнөөдөр, яаг одоо өөртөө дүгнэлт хийж, хэнэггүй монголчууд биш хариуцлагатай монголчууд больё. Тэгж гэмээнэ бид дахин бяцхан зүрх зогсоохгүй, дахин хагацал үзэхгүй, амар тайван амьдарна. Ингэхийн тулд төр нь ч, түмэн олон нь ч хариуцлагатай больё.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж