Зуны урин дулаан цаг өнгөрч алтан шаргал навчис хийсэн хүн бүрийн сэтгэлд хөнгөн баяр гуниг төрүүлэн буй энэ сайхан өдрийн мэндийг үзэгч танд хүргэе. Кино код нэвтрүүлэг үзэгч таньтай цэцэг навч дэлгэрсэн хавар цагийг, мөн аяны шувууд ганган нисэх зун цагийг улиран өнгөрөөсөөр тариан түрүү халиурсан алтан намартай учран золгож байна. Энэ бүх хугацаанд хамт байсанд баярлалаа.
Та бидний дуртай киногоо хамтдаа бүтээх “Кино код” шоу нэвтрүүлгийн шийдвэрлэх үе 8р сарын 27нд тохиох гэж байна. Үзэгч таны сонголтоор түүхэн төрөл жанрын “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч- шилийн сайн эрс” сэдэвтэй Равдангийн “Ганган Төгс” зохиолоор 35мм-ийн хальсан дээр уран сайхны кино бүтээхээр болсон билээ. Харин энэ киноны гол дүрд хэн гэдэг жүжигчин тоглох нь одоохондоо тайлагдаагүй код хэвээр байна.
Сайт болон утас, мессеж дугааруудын саналаар УДЭТ-ын жүжигчин Баттөр 3-р байранд явж байна. Энэ үр дүн хэрхэн яаж өөрчлөгдөхийг үзэгч та л шийднэ. Ингээд бүгдээрээ хамтдаа жүжигчин Баттөрийн ертөнцөөр аялцгаая.
Баттөр гэдэг энэ залууг ихэнхи хүмүүс Тусгай салаагийн Түвшин гэдгээр нь андахгүй. Бүтээсэн дүрээрээ овоглож, чадварлаг тоглолтоороо ард түмний сэтгэлд үлдэж, 2008 онд СУИС-ийг төгссөн даруйдаа УДЭТ-т шалгалт өгч, босго өндөртэй том өрх айлын хаалгыг татан оржээ. Сул дорой, хөгшин, хараа муутай хүний дүрээр олны танил болсон болоод ч тэр үү хүмүүс Баттөрийг яг л энэ дүрээр нь төсөөлдөг. Гэхдээ жүжичин Баттөр бодьбилдингийн спортоор хичээллэдэг, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Тусгай салаа киноноосоо өмнө “хархны өгөөш” киноны эсрэг дүрд тоглож байжээ. Баттөрийн талаарх бас нэгэн сонирхолтой мэдээлэл гэвэл ихэр юм байна. Ихэртэйгээ усны мэт адилхан. Хобби нь Дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татаж байгаа дэлгэцийн бүтээлүүдийг цуглуулах, ялангуяа хүүхэлдэйн киног илүүтэй сонирхдог гэнэ. Залуу жүжигчин маань “Кино код” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч гол дүр буюу “Ганган Төгс”-ийн дүрд проб өгсөн юм.
Урлаг бол нийгмийн толь. Тийм ч болохоор залуучууд жүжигчдийг даган дууриаж, үлгэр жишээ авдаг учраас бүхий л талаараа залуучуудад үлгэр дууриалал болохыг хичээдэг дээ гэж байсан юм. Дэлхийд данстай театруудын том бүтээлүүдийн гол дүрд тоглож, хажуугаар нь хүмүүст туслах хувийн байгууллагатай болох мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ зурж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байгаа цагт биелэх нь тодорхой шүү дээ амжилт хүсье. Харин одоо бүгдээрээ жүжигчин Баттөрийн “кино код” нэвтрүүлэгт оролцож, шилийн сайн эрсийн тухай болон Монгол эр хүний омогшил, бахархалын талаарх ярианд нь анхаарлаа хандуулъя.
П.Баттөр /УДЭТ-ын жүжигчин/: Монголын ард түмэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний хувьд “Ганган Төгс” гэсэн том түүхэн дүрд ард түмний саналыг авч оролцож байгаадаа баяртай байна. Ард түмэн “Цахиур Төмөр” гэж мэддэг байсан бол шинээр “Ганган Төгс” гэх сайн эр “Манжийн дарлалын эсрэг тэмцэж “ байсныг энэ киноноос харах болно. Би “Ганган Төгс”-ийг “Хүлгийн сайныг унаж, эдийн сайхныг эдэлж явсан тийм эрх чөлөөтэй омголон залуу” байсан гэж сонссон. Монгол хүн гэдэг уудам оюун ухаантай, холч сэтгэлгээтэй, байх ёстой. Эх орноо харийн дарлалаас яаж аврах вэ? гэсэн агуу үйл хэргийг сэтгэл зүрхэндээ багтааж чадснаараа “шилийн сайн эр” гэж хэлэгдсэн гэж боддог. “Ганган Төгс”-ийг яг ийм зан араншинтай хүн гэж тодорхойлж мэдэхгүй байна л даа. Харин хийж бүтээсэн зүйлээр нь л дүгнэж тодорхой төсөөллийг олж авсан. Ууртай уцаартай эсвэл дөлгөөн даруу байсан эсэх нь оньсого. Би зохиол ямар байна түүнд зориулж хувирч жүжиглэнэ гэж бодож байна.
Би Баттөр гэдэг хүнийхээ хувьд хүн бүр эх орноо хайрлая гэж хоосон ярих бус, хувь нэмэр оруулах аливаа үйлдлийг хийж хэрэгжүүлсэн хүнийг л би бахархалтай, омогшилтой хүн гэж хэлж чадна.
Жүжигчин Баттөр Франц улсад кино зураг авалттай явж байгаа бөгөөд 8-р сарын 27ны шууд нэвтрүүлэгт амжиж ирэхээ амалсан юм. Энэ киноных нь талаар бяцхан нууц задлахад нэг ангитай. Киноны үйл явдлын ихэнх нь гадаадад өрнөх юм байна. Монголын сор болсон бүхий л төрлийн мэргэжилтэй залуучууд гадаадад ихээр ажиллаж амьдрах болсон. Эх орон гэдэг юунаас ч илүү үнэ цэнэтэй гэдгийг харуулахыг зорьжээ. Урд нь бүтээж байсан Түвшингийн дүрээс тэс өөр нэлээд сэргэлэн овжин залуугийн дүрд тоглож байгаа юм байна. Тун удахгүй жүжигчин Баттөр маань үзэгч та бүхэндээ Франц улсаас аяны ганзага дүүрэн, сайхан бүтээлтэй ирэх нь ээ. Уулзах мөч: 8-р сарын 27 нд 19 цаг 35 минут. Амжилт
хүсье.
хүсье.