Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод монгол, хятад, солонгос хоолны газрууд хаа сайгүй тааралддаг. Гэхдээ нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг аж. Ийм газар талбай багатай учир зориулалтын биш байранд хоолны үйлчилгээ явуулах нь зөрчилд тооцогддог байна. Мөн хоолны газруудад ашиглаж буй хийн түлш аюулгүй байдал хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд хийн түлш хэрэглэхийг хориглох нь зөв хэмээн албаны хүмүүс үзэж байна.
Иргэдээс хоолны салбартай холбоотой ирүүлж буй гомдлын 40 хувийг орон сууцны нэгдүгээр давхарт байрлах хоолны газрын хиншүү, хярвас гэрт орж ирж байна. Дуу чимээ ихтэй байна гэх мэдээлэл эзэлдэг аж. Иймээс иргэдээс ирүүлсэн гомдол мөн зөрчлүүдийг үндэслэн өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны үеэр орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлдэг хоолны газруудыг ирэх наймдугаар сарын 1-ээс хаах шаардлагатай байгаа тухай асуудал хөндөгдсөн байдаг.
Эл шийдвэрийг хоолны газрууд хүлээн авах эсэхийг тодруулахаар бид сурвалжлага бэлтгэсэн юм.
Улаанбаатар зочид буудлын ард байрлах 64 дүгээр орон сууцны нэгдүгээр давхарт олон байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Хүнсний дэлгүүр, бичиг хэрэг, үсчин, паб гэх мэт. Гэхдээ хоолны газрууд илүү их бий. Учир нь, энэ хавиар оффис болон их дээд сургуулиуд олонтой учраас эрэлтийг дагаж хоолны газрууд байрласан гэж хэлж болно.
Өнөөдөр 10.30 цагийн үед ”Ундрал зоог” хоолны газарт очвол саяхан нээсэн бололтой ямар ч хүнгүй байв. Гал тогоонд хэн, юу хийж байгаа нь нүдэнд ил харагдана. 40 эргэм настай эмэгтэй мантуу, хуушуурын гурил сурамгай гэгч нь илдэнэ Өөр нэг эмэгтэй махаа татаж, бусад эмэгтэйчүүд өөрт оногдсон ажлаа хийж байлаа. Харин үйлчлэгч бүсгүй “Жоохон хүлээлгэчихлээ. Ямар хоол авах вэ” гэсээр угтлаа. Түүнийг Ц.Ичинноров гэдэг.
“Тэгье гээд дэмжих хүн нэг ч байхгүй”
Орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг хоолны газруудыг ирэх наймдугаар сарын 1-нээс хаана гэсэн мэдээллийг тэрбээр өчигдөр телевизээр үзсэн. Энэ талаар өөрийн сэтгэгдлээ хэлж болно. Харин өөрийн зургаа авхуулахгүй гэдгээ хэлээд ийн ярилаа.
“Манай хоолны газарт 4-5 хүн ажилладаг. Хэрэв хаагдвал ажилгүйчүүдийн тоо л нэмэгдэнэ. Уг нь энд мэргэжлийн хүмүүс л ажилладаг. Байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудыг хаана гэвэл “Тэгье гээд дэмжих хүн нэг ч байхгүй”. Манай хоолны газар сарын сая 800 мянган төгрөгийн түрээс төлдөг. Дээрээс нь ус, цахилгааны төлбөр төлнө. Хүнээ цалинжуулна, бараагаа авна. Цаана нь үлдсэн хэдэн төгрөгийг өр зээлээ төлөхөд зарцуулдаг. Өр зээлгүй нэг ч хүн алга. Уг нь цахилгаан зуухан дээр хоол хийхээс илүү газ дээр хийвэл хурдан болдог. Өдрийн цайны цагаар орж ирсэн хүмүүсийг цахилгаан зуухан дээр хоолоо тавьчихаад хүлээлгээд суулгаж байлтай биш. Жижиг газар тоног төхөөрөмж тавих ямар ч боломжгүй. Газ ажиллуулж л таарна шүү дээ” гэв.
Энд ажилладаг таван эмэгтэй тавуулаа насны хувьд ойролцоо 45-50 насных байх аж.
Газ хэрэглэдэг ч хий алдаж, зөрчил гаргаагүй
“Цайны хулан газар”-ын хоолны газрын ажилтан Б.Хишигдэлгэр “Бид үйл ажиллагаагаа явуулаад 4-5 жил болж байна. Энэ хугацаанд манай газарт иргэдийн зүгээс гомдол ирж байгаагүй. Манай газрын хувьд хуушуур хайрдаггүй учраас хиншүү, хярвас гардаггүй. Газ хэрэглэдэг байлаа гэхэд хий алдсан зүйл ганц удаа ч гарч байгаагүй. Бид орчин тойрноо бохирдуулаад, газ хий алдаад хүмүүс хордсон бол манай хоолны газрыг хаана гэсэн бол би юм хэлэхгүй. Энд ажиллаж байгаа таван эмэгтэй амьдралын төлөө та нартай л адилхан тэмцэж явна. Хоолны газрууд шөнийн цэнгээний газар шиг шөнө орой болтол ажиллаад дуу чимээ гаргаад байгаа биш дээ. Монголын нөхцөлд бүхэл бүтэн оффис түрээслүүлээд ажиллах хүн байхгүй. Бүгд л орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ” гэж хэллээ.
нэгдүгээр давхарт хоолны газар ажиллуулдаг гээд хаах нь утгагүй
“Шилмэл бууз” хоолны газрын тогооч Б.Цэцэгсүрэн “Бид энэ газрыг түрээсэлж ажилладаг. Хоолны газраа ажиллуулаад 6-7 жил болж байгаа. Сардаа нэг сая 500 мянган төгрөгийн түрээс төлдөг. Байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явууллаа гээд хаах нь утгагүй хэрэг. 5-6 хүн ар гэрээ тэжээх гэж явж байна. Эдгээр хүмүүс ажлын байргүй болчихвол хэн гэр бүлээ тэжээх юм. Өөр ажилд орно гэвэл хөгшин гээд авахгүй. Хотын төвд байдаг учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт тогтмол ирдэг. Бид нарын хувьд албан ёсны ажиллах эрхтэй тогооч нар. Тийм болохоор үйлчлүүлж буй хүмүүсийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь л чухал” гэв. Тэд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулсан гэдэг шалтгаанаар хоолны газруудыг хаавал нэгдэж тэмцэнэ гэдгээ ярилаа.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тавигдах шаардлагад “Хоолны газар зай талбай хүрэлцээтэй халууны ажиллагаа явуулдаг өрөө, хүйтэн цех, бэлтгэлийн өрөө, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх өрөө, гаднаас бүтээгдэхүүн хүлээж авах цэг гээд бүх зүйл тусдаа байх ёстой” гэж заажээ. Гэвч эдгээр стандарт мөрдөгддөггүй байна.
Э.Бурам