“Заамарын амин сүнсийг аврахын тулд хатуу тэмцэнэ”

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

“Заамарын амин сүнсийг аврахын тулд хатуу тэмцэнэ”

“Заамарын амин сүнсийг аврахын тулд хатуу тэмцэнэ”

Төв аймгийн Заамар сумын иргэд нутагт нь хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар өнөөдөр /2018.07.06/ мэдээлэл хийлээ.

Ердөө 240 мянган га газартай Заамар суманд 1992 оноос хэрэгжиж эхэлсэн “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж 120 тонн алт олборлосон ч өнөөдрийн байдлаар нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй аж. Улмаар тус сумын 5000 гаруй иргэд уул уурхай явуулаагүй байгаа хоёр хэсэгт хуваагдан амьдарч байгаа юм байна.

Гэтэл уг хоёр хэсгийн нэг болох Өгөөмрийн арын тохойг “Эко алтан Заамар” хэмээх уул уурхайн компани ухаад эхэлжээ. Уурхайн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс /2018.5.30/ нутгийн иргэд тэмцэж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Уурхайн үйл ажиллагааны улмаас тус хэсэгт байрлах Баянгол хэмээх элэг, цөс, ходоодны рашаан ширгэсэн байна. Мөн Өгөөмрийн арын тохойд Хатан туулыг магтан бичсэн Цогт тайжийн бичигт хад, Кинданы үед хамаарах бичиг, тамга зэрэг олдвор байдаг аж.

Тиймээс аймгийн Засаг даргын удирдамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарч, шалгалт явуулжээ.  Шалгалтаар “Эко алтан Заамар” компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ) хийлгэхдээ нутгийн иргэдийн санал, тэмдэглэлийг тусгаагүй тул БОНБҮ-ний тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоож, уурхайг лацаджээ. Гэвч шалгалтын хэсэг явсны маргаашаас компани дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Аргаа барсан иргэд “Заамар сумын иргэд нутагт нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахын эсрэг олон жил тэмцэж, эрх бүхий хүмүүст шаардлага хүргүүлдэг ч тэднээс хариу ирдэггүй. Уурхайн гадаа жагссан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс энэ удаад нутгийн амин сүнс болсон Өгөөмрийн арын тохойг аварч үлдэхийн тулд эрх бүхий хүний шийдвэрийг хүлээлгүй, өөрсдийн хүчээр хатуу тэмцэнэ” гэж байлаа.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж