Тавантолгойг тойрсон ээлжит мэдээлэл тус компанийн ажилчидтай холбоотой асуудлаар үргэлжлэв. “Төрийн өмчит Тавантолгой компанийн ажилчид ажил хаялт зарлах гэж байна. Учир нь тус компанийнхан ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилчдынх нь цалин бусад уул уурхайн компанийнхаас бага” гэсэн мэдээлэл өчигдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тиймээс энэ мэдээллийн мөрөөр зарим хүмүүсээс тодруулга авсан юм.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболдтой уулзахад “Төрийн өмчит жижиг, том Тавантолгойн ажилчдын зүгээс манайд энэ талаар ямар нэг зүйл мэдээлээгүй. Түүнчлэн Өмнөговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, компанийнхаа Үйлдвэрчний эвлэлд албан ёсоор хандаагүй байгаа юм байна. Ажил хаялтыг хууль, журмын дагуу холбогдох байгууллагуудад хандаж байж зарладаг. Гэтэл одоогоор “Ажил хаяна” гэж мэдэгдсэн зүйл алга. Ерөнхийдөө албан ёсоор зарлаагүй гэсэн үг. Гэхдээ ажил үнэхээр хаях гэж байгааг, энэ талаар ярилцаж байгааг эсвэл мэдээлэл худал болохыг бид хэлж мэдэхгүй шүү дээ. Албаны хүмүүсээс тодруулахад энэ мэдээллийг үгүйсгэж байгааг бол баттай хэлж чадна. Төрийн өмчит уул уурхайн компанийн ажилчдын цалингийн хувьд бусад хувийн компанийнхаас бага байдаг нь үнэн. Энэ нь төрийн өмчит компанийн ажилчид гадны хөрөнгө оруулалттай компанид орж байгаагийн нэг шалтгаан ч болдог” гэж ярилаа. Түүнчлэн Өмнөговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мөнх-Эрдэнэтэй утсаар холбогдоход “Өмнөговь аймгийн Үйлдэрчний эвлэлийн хорооны зүгээс аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын ажилчидтай холбоо барилаа. “Ажил хаялт зарлана гээгүй” гэж байна. Бид “Эрдэнэс Тавантолгой” компанид энэ оны зургаадугаар сард шалгалт хийсэн. Энэ үеэр ажилчдаа хөлсний гэрээгээр ажиллуулж байсан нь үнэн. Тэр үед бидэнд “Ирэх долоо хоногоос эхэлж хөдөлмөрийн гэрээгээ байгуулж эхэлнэ” гэж байсан юм. Харин одоо гэрээгээ байгуулсан үгүйг нь хэлж мэдэхгүй байна” гэсэн хариултыг бидэнд өгсөн” гэв. Мөн “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш ч “Ташаа мэдээлэл байна” хэмээн үгүйсгэв. Түүний хэлж буйгаар хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ямар нэг асуудал байхгүй гэнэ. Ямартай ч холбогдох албаны хүмүүс ийн хариуллаа.
Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчидтай утсаар холбогдоход одоо авч буй цалиндаа тийм ч сэтгэл хангалуун биш байгаа гэдгээ хэлж байсныг энд онцолъё. Тус компанийн ажилтан “Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын цалин орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бусад компанийнхаас харьцангуй бага. Бидний зүгээс цалингаа нэмүүлэх тухай асуудлыг ярилцаж байгаа нь үнэн. Мөн ажил хаях талаар ч ярьж байсан. Гэхдээ ажил хаяна гэж албан ёсоор мэдэгдээгүй. Тийм зүйл огт байхгүй.Одоо ажлаа хэвийн хийж байна. ” гэлээ.
Т.Урангэрэл
"Улс төрийн тойм" сонин