Мэдээллийн дэд бүтцийг бий болгоход яарах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Мэдээллийн дэд бүтцийг бий болгоход яарах хэрэгтэй

 Ц.Ганхүү: Газрын харилцаанд суурилсан мэдээллийн дэд бүтцийг бий болгоход яарах хэрэгтэй

-Барилгын салбарын 85 жи­лийн түүхийг социализмын үеийн болон түүнээс хойшхи үеийн бүтээн байгуулалтын үе гэж хувааж авч үзэж болох юм. Тэр тусмаа 1990 оноос хойшхи хамгийн том бүтээн байгуулалтын эхлэл нь “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр бай­лаа. Мөн одоо хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явц танай салба­рынх­ны хувьд ойн баяраа угтсан хам­гийн том амжилт гэж хэлж болохоор байгаа?

-“40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хийх ажлууд 2005 онд эхлээд 2009 онд дууссан. Хөтөлбөрийн гол зорилго нь барилгын салбарыг хөгжүүлэх, иргэдийг урт хугацаатай  зээлд хамруулан орон сууцтай болгох  эдийн засгийн болон хууль, эрх зүйн тогтолцоог бий болгоход чиглэсэн. Мөн барилгын салбарт бизнес эрхэлж буй  компаниудад ногддог татварыг хөн­гөвчлөх, эдийн засгийн бусад хөн­гөлөлтийг эдлэхэд нь төрөөс дэмж­лэг үзүүлэхэд гол анхаарлаа тавьсан гэж хэлж болно. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр ч мөн ийм л зорилготой. Бизнесийн байгууллагуудын хөрөнгийг идэвх­жүүлэх, гэр хорооллыг орон сууц­жуулах, бага, дунд орлоготой ир­гэ­дийн амьдрах нөхцлийг сайж­руулах, Улаанбаатарыг утаагүй бол­гох гээд олон чухал асуудлыг давхар шийдэхээр зорилт тавин хэ­рэг­жүүлж байгаа. Энэ бүхнийг төр дангаараа хийх боломжгүй учраас төрийн зөв бодлого боловсруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүт­цийг нь хөгжүүлэх асуудлыг ха­риуцаад, хувийн хэвшлийнхэнтэй хамт­ран ажиллах нь хамгийн зөв гарц юм. Тухайлбал орон сууцны бор­луулалтын асуудлыг шийдэхэд дөхөм болох үүднээс орон сууцны зээлийн хүүг зургаан хувиас хэтрүүлэхгүй байлгах, “Хүний хөгжил сан”-аас хүртэх хувь хишгээс нэг сая төг­рөгийг орон сууцны зээлийн урьд­чилгаа төлбөр болгох замаар шийдэх зэрэг нь төрийн дэмжлэгийн эхлэл болсон арга хэмжээнүүд мөн.

-Барилгын чанар, барилга яаж баригдах ёстой вэ гэх арга тех­­нологид хуучин, шинийн зааг гараад байдаг. Шинэ үеийн­хэн олон улсын стандартад нийц­сэн, хамгийн сүүлийн үеийн  техно­логиор барьсан хэмээн барилгаа магтдаг. Гэтэл ахмад барилгачид “Ийм байдаггүй юм. Энэ барилга аюултай” гэх жишээтэй.  Энэ зө­рүүг салбарын яам, агентлагийн зүгээс хэрхэн зохицуулдаг вэ?

-Би харин үүнийг өөр өнцөгөөс хардаг.  Барилгын салбар нь анх артель гэгчээс эхлэлтэй. Энэ нь хэдэн  хүмүүс нийлээд  модон бай­шин барьж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өнөөдрийн байд­лаар 1940-1950 оны хооронд ба­ригдсан  барилгууд шаардлага хан­гах­гүй болоод  байгаа.  Үндсэндээ ба­рилгын салбар нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжөөд 50 жил болж байгаа юм. Өнөөдөр барилгын бат бөх чанар бүх зүйл нь  хөрсний үндсэн механик шинж чанар,газар хөдлөлтийн зүйлээс хамаарч байна.Социализмын үед бид угсармал  тоос­гон байшин барилгууд барьдаг бай­сан. Тэр үед  газар хөдлөлийн бүсийг зургаан баллаар тогтоож бай­сан бол одоо долоон балл гэж үздэг болсон. Мөн орон зай, талбай их эзэлдэг таван давхар барилгуудыг барихаа больсон. Газар хөдлөлтийн бүс 7-8 балл болоод ирэхээр заавал цут­гамал барилга барих хэрэгтэй болоод байгаа юм. Барилгын норм, нормативийн шаардлага нь ч өндөр болсон. Нөгөөтэйгүүр хэрэглэгчид орчин үеийн, илүү тохилог, том орон зайд амьдрахыг хүсдэг болж. Энэ бүхэнтэй зэрэгцэн барилгын салбар маш хурдацтай хөгжиж байгаа. Чанар, бат бөхийн хувьд гэвэл хуучин тогтолцооны үед  тогтсон системтэй, чанар, хяналтын механизмаар явж, ба­рилгын салбарыг төвлөрсөн маягаар удирддаг байсан. Харин одоо ба­рил­гын салбарынхан зах зээлийн сис­темд шилжээд, мэргэжилтэй, мэргэ­жилгүй хүмүүс энэ салбарт биз­несийн үйл ажиллагаа эрхлэх болс­ноор эерэг, сөрөг янз бүрийн нөх­цөл байдал үүсч байгааг үгүйсгэх арга­гүй . Энэ нь нийт барилгачдын нэр хүндэд муугаар нөлөөлдөг тал бий.

-Монгол Улсын зөвлөх инже­нерийн хувьд та шинээр баригдаж бай­гаа барилгуудын чанар, аюул­гүй байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Жишээ нь Турк улс 9-9.5 баллтай,  газар хөдлөлтийн хамгийн идэвхжилтэй бүсэд тооцогддог. Тэнд жилд 1000 орчим удаа газар хөдөлдөг. Энэ эрсдэлд дунджаар 700 орчим хүн ямар нэгэн байдлаар өртдөг гэсэн тооцоо байдаг. Гэвч тэнд ялгаагүй л өндөр барилгууд барьсаар, иргэд нь түүнд ажиллаж, амьдарч л байна. Бид техникийн дэвшлийн хувьд хот төлөвлөлт, байгуулалтад гарч байгаа энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Харин иргэд хуучин барил­гууддаа дасаад, шинэ зүйлд итгэж өгөхгүй эргэлзээд байгаа тал ажиг­лагддаг. Нөгөөтэйгүүр манай барил­гын салбарынхан яаравчлахгүй бол олон улсын хэмжээнд энэ салбар маш түргэн хугацаанд хөгжиж бай­на. Манайд хот байгуулалтын төв­лөрлийг сааруулж, үйлчилгээний байгууллагуудыг тараан байрлуулах зэрэг хот байгуулалтын өөр бодлогыг баримтлах нь зүйтэй юм болов уу гэж би боддог.

-Барилгаас гадна газрын ха­рил­цаа, геодези, зураг зүйн сал­бар  манай улсад хэр хөгжиж бай­на вэ. Сүүлийн үед л бусад ор­ны туршлагаас суралцаж, арай илүү анхаарах болсон юм шиг са­нагддаг?

-Би Газрын харилцаа, барилга, геодизи,  зураг зүйн даргаар энэ оны нэгдүгээр сард томилогдсон. Ба­рилгаас бусад салбарынхаа ажилтай гүнд нь орж танилцахад ихэнх цагаа зориулж байгаа. Геодези, зураг зүйн салбарыг манайд дагавар хэлтсийн хэмжээнд авч үзсээр ирсэн. Гэтэл бусад улс оронд бол орон зайн мэ­дээллийн дэд бүтэц гэдэг тусгай сал­бар бий болгоод тэндээ орон зайн мэдээллүүдээ төвлөрүүлэн, түүн­тэй уялдуулан төрийн бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Бид өн­гөрсөн долоодугаар сарын 23-нд олон улсын хурал зохион байгуулж, үүнд 13 орны төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Тэдний туршлагаас харахад газар гэдэг асуудал дээр суурилсан цогц мэдээллийн хөтөлбөрийг бий болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл газрын зураг нь барилга, зам, ашигт малтмал болон иргэдийн бүхий л мэдээллийг агуулдаг. Газрын харил­цааны яам нь ч тусдаа байх нь бий. Манайд бол газрын зураг нь дөнгөж зураглалын хэмжээнд байгаа. Өөр ямар ч ач холбогдолгүй болгоод орхигдуулсан. Энэ бол төрийн зүгээс судалж, яаралтай арга хэмжээ авах ёстой маш том асуудал юм.

-Төгсгөлд нь танд болон танай хамт олонд удахгүй болох гэж буй барилгын сал­барын 85 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье?

-Баярлалаа. Барилгачдыг уран гартай, бурхан ухаантай хүмүүс гэж ярьдаг. Монголын ахмад, дунд, залуу үеийн нийт барилгачид, тэдний гэр бүлийнхэн, энэ салбарт ихийг хийж бүтээж байгаа бизнесийн байгууллагуудын хамт олонд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85 жил ойн баярын мэнд хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Жаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж