Айл өрх зээлээр хэрэглээгээ залгуулж байна | News.MN

Айл өрх зээлээр хэрэглээгээ залгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Айл өрх зээлээр хэрэглээгээ залгуулж байна

Айл өрх зээлээр хэрэглээгээ залгуулж байна

Монголбанкнаас энэ оны хоёрдугаар улирлын инфляцын төлөв байдлын тайланг танилцууллаа.

Уг тайланг танилцуулахын өмнө төв банк энэ онд бодлогын хүүг өөрчлөхгүй, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан мөнгөний болон төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Ингээд өнөөдрийн танилцуулгад тусгасан онцлох мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотын инфляци 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 6.7 хувь болсноор хоёр сар дараалан буурах хандлага ажиглагджээ. Харин одоо бол инфляци 8 хувийн орчимд хадгалагдаж байна.

Цаашид инфляц харьцангуй тогтвортой байх төлөвтэй аж. Нийт нутгаар өвөлжилт сайнгүй байснаас үүдэн махны үнэ оны эхэнд хурдтай өссөн, цаашид махны үнэ өнгөрсөн оноос өндөр хэвээр хадгалагдаж, хүнсний инфляцыг нэмэгдүүлэх төлөв ажиглагдаж байна гэж Монголбанкнаас мэдээлэв.

Эдийн засгийн өсөлт, идэвхжил цаашид нэмэгдэнэ

Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, худалдаа, боловсруулах болон эрчим хүчний салбар гол хувь нэмэр оруулжээ. Харин ирэх онд уул уурхайн түүхий эдийн үнэ буурах хүлээлт байгаа нь энэ салбарын үйлдвэрлэлийг хумих нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзжээ. Төв банкны мэргэжилтнүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтаас бусад хэлэлцээрийн түвшинд буй томоохон хөрөнгө оруулалтын төслүүд бодитоор хэрэгжиж эхэлбэл эдийн засгийн өсөлт суурь төсөөллөөс өндөр гарна гэдгийг онцлов.

Өрхийн бодит орлого өссөн ч зарлагаасаа давж чадахгүй байна

Өрхийн бодит орлого сүүлийн таван улирал дараалан өмнөх оны мөн үеэс өндөр гарчээ. Өрхийн нэрлэсэн орлого 15.9 хувиар, бодит орлого 7.4 хувиар өссөн байна. Үүнд цалин, хувийн аж ахуйн орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Хэдийгээр өрхийн орлого өсч байгаа ч 2015 оны дөрөвдүгээр улирлаас хойш өрхийн зардал орлогоос давсан хэвээр байна. Энэхүү орлогоос давсан зардлыг хэрэглээний зориулалттай зээлээр санхүүжүүлж байгааг Монголбанкны шинжээчид тогтоожээ. Хэдийгээр өрхүүдийн орлого өсч байгаа ч орон сууц худалдан авах чадвар хязгаарлагдмал, орон сууцны захад идэвхжил сул хэвээр байна.

Засгийн газрын хэрэглээ нэмэгдсэн байна

Засгийн газрын хэрэглээ өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар тэлж, улирлын ДНБ-ий өсөлтөд 0.9 нэгж хувийн нэмэгдүүлэх нөлөө үзүүлжээ. Энэ оны эхний улиралд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 810 тэрбум төгрөг, төсвийн зардал 1 их наяд 836 тэрбум төгрөг байснаар тэнцвэржүүлсэн тэнцэл 25.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ оны 1-р улиралд гадаад, дотоод үнэт цаас төлөх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт нийт 1 их наяд 84 тэрбум төгрөг шаардлагатай болсноос 853 тэрбум төгрөгийг Засгийн газраас Төв банкинд байрших харилцах болон хадгаламжийн данснаас төлжээ. Үлдсэн хэсгийг Ирээдүйн өв сангийн шилжүүлэг, гадаадын төслийн зээлээр бүрдүүлсэн байна.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-07-06 202.9.42.1

Цалин тэтгэвэр нэмэгдэхгуй байхад яагаад орлого еслее гээд байгааг ойлгохгуй байна

Avatar

БАГА ШИГ ДОРОМЖИЛ 2018-07-06 66.181.160.52

ИРГЭДИЙН ОРЛОГО НЭМЭГДЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЯАГААД ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР БУУРААД БАЙГАА ЮМ ВЭ? ЯДАЖ ХЭВЭНДЭЭ БАЙМААР ЮМ. ТӨР ЗАСАГ НЬ АРД ИРГЭДЭЭ БАГА ШИГ ДОРОМЖИЛМООР ЮМАА. ТА НАРЫН ЯРЬЖ БАЙГАА ТОО СУДАЛГАА АРД ТҮМНЭЭС УРГАН ГАРАХГҮЙ ӨӨР ХАРЬ ГАРИГААС УРСАЖ ИРЭЭД БАЙГАА ЮМ УУ? СОЛИОТОЙ ЮМАА……….

Avatar

z 2018-07-06 202.131.225.197

Yaduu archaagui baigaadaa oortoo gomd bitii zasgiin gazar ch yum uu esvel hen negend tohoj bai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж