Н.Энхбаяр: Би өнгөрсөн хугацаанд хүмүүжсэн

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Би өнгөрсөн хугацаанд хүмүүжсэн

Н.Энхбаяр: Би өнгөрсөн хугацаанд хүмүүжсэн

МАХН өнгөрсөн хоёрдугаар сард Их чуулганаа хийж  намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Гэвч  Дээд шүүхийн зүгээс  “Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг нь бүртгэхээс татгалзсан  байдаг. Тиймээс маргааш буюу долдугаар сарын 7-нд дахин ээлжит бус Их чуулган хийхээр болсон талаар өнөөдөр /2018.07.06/ тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ. 

МАХН 2011 онд баталсан намын дүрэмдээ  гишүүнээ намаас чөлөөлөх хариуцлагын заалтыг тусгаагүй байна. Сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан хүмүүсийг намаасаа хөөх гэхээр намын дүрэмд хөөх заалт байхгүйгээс тус хариуцлагын заалтыг намын шинэ дүрэмдээ оруулж өгөхөөр тусгасан ч Дээд шүүх тодорхой бус шалтгааны улмаас бүртгээгүй гэдгийг тэд хэлж байна. 

МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга:

Ээлжит бус Их  чуулганд бүх сумаас, нийслэлийн дүүрэг хороо бүрээс төлөөлөгчид оролцоно. Чуулган зохион байгуулах Үндэсний хорооны гаргасан журмын дагуу  намын анхан шатны байгууллагаас сонгогдсон нийтдээ 1044 төлөөлөгч  МАХН-ын ээлжит бус их чуулганд оролцоно. МАХН-ын хоёрдугаар Их хурал энэ оны хоёрдугаар сард болсон.Харамсалтай нь Дээд  шүүх тодорхой бус шалтгаанаар манай намын дүрмийн шинэчлэлт, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Бидэнд хэлж байгаа шалтгаан нь тус чуулганыг хийсэн гэдэг нь тодорхойгүй, батлагдахгүй байна гэдэг үндэслэл шалтгааныг хэлсэн учраас бид дахин ээлжит бус их чуулганаа хийх гэж байна. Тус Их чуулганаар  2011 онд батлагдсан намынхаа дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг тусгаж өгнө. Мөн 2011 онд батлагдсан мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг цаг үетэйгээ уялдуулж шинэчлэхээс гадна  дотоод зохион байгуулалт, сонгогдох албан тушаалтнуудын асуудлыг авч хэлэлцэнэ. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

2011 онд батлагдсан манай намын дүрэм мөн оны Онц их хурлын бүх шийдвэр хүчин төгөлдөр гэдгийг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн байгаа. Гадуур яригдаад байгаа шиг МАХН-ын сонгуульд оролцох бүрэн эрхийг нь хасаагүй  гэдгийг тодотгож хэлмээр байна. Хэн ч хасах эрхгүй.  Улстөрийн намын тухай хуульд намын дотоод буюу зохион байгуулалттай холбоотой асуудалд шүүх оролцохгүй  зөвхөн тухайн намын дотоод хяналтын байгууллага шийдвэрлэдэг дүрэмтэй.  2011 оны намын дүрмийнхээ дагуу өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд  С.Ганбаатар нэр дэвшсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Их хурлаар хэлэлцэж намын шинэ дүрэмдээ намынхаа эсрэг ажиллавал намаасаа хассанд тооцох тухай заалтыг оруулж өгсөн. 2011 оны баталсан намын дүрэмд ямар ч тохиолдолд гишүүнээ хасах заалт байхгүй. Өөрөөр хэлбэл  тухайн гишүүн намаасаа урваж шарваж, сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан ч бид хөөх эрхгүй учир хуучин  дүрмээрээ өнөөг хүртэл явж ирсэн. 

Ирэх аравдугаар сард болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд та нэр дэвших үү гэсэн асуултад тэрбээр хариулахдааНөхөн сонгуульд намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг  Бага чуулганаар шийднэ. 2012 оны УИХ-ын сонгуульд намайг боловсролгүй гэдэг шалтгаанаар оролцуулаагүй учир өнгөрсөн хугацаанд би  боловсролоо дээшлүүлэх тал дээр ажиллалаа. Мөн 2017 онд намайг хүмүүжилгүй гэдэг шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй. Сүүлийн нэг жил намын нөхөд  маань ард түмэн намайг хүмүүжүүлж байгаа.  10 дугаар сард болох нөхөн сонгуулиар ямар шалтгаан хэлэхийг нь хэлж мэдэхгүй байна.  Гэхдээ тоглоом тоотой нь дээр.

Бага чуулганаар  намайг, эсвэл МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын Хэнтий дэх намын Ононбаяр, Жаргал нарын хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг одоогоор хэлж чадахгүй байна. Хэдий би намын дарга ч гэсэн нөхөн сонгуульд нэр дэвших үгүй эсэхээ хэлж мэдэхгүй байна.  Гагцхүү намын Бага чуулганаар шийдвэрлэнэ.

Мэдээж нөхөн сонгуульд МАХН туйлын хариуцлагатай оролцоно. Яагаад гэвэл МАН, АН  энэ хоёр намын аль аль нь өнөөдөр амлалтаа биелүүлж мөн хээл хахуультай тэмцэж чадахгүй байна.  Түүнчлэн хууль шүүхийн байгууллагыг засаж чадахгүй байна. Тиймээс тэдний хийхгүй байгааг засахын тулд  МАХН Хэнтий аймгийнхаа сонгогч түмэнтэй хамтран ажиллана. Хэрэв манай намын  нэр дэвшигч сонгогдвол МАН, АН-ын бий болгосон бурангуй дэглэмийг сулруулах, цаашлаад эрүүл саруул төрийн тогтолцоог бий болгохын төлөө идэвхтэй ажиллана” гэсэн юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж