Цэнгэлдэх хүрээлэнг шинээр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Цэнгэлдэх хүрээлэнг шинээр байгуулъя

Цэнгэлдэх хүрээлэнг шинээр байгуулъя

Хотын дарга аа, ярьснаа ажил хэрэг болгоход шуурхайлахгүй бол Төв цэнгэлдэхийн сандал тойрсон маргаан хүндрэх нь ээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь 12500 орчим хүний суудалтай. Гэтэл аялал жуулчлалын компаниудад өнөө жил 12 мянган жуулчин наадмын нээлт үзэх захиалга ирүүлжээ.

Зохион байгуулагчдын зүгээс жуулчдад зориулж 2500 суудал хуваарилсан нь захиалга өгсөн арван жуулчны хоёрыг наадмын талбайд оруулж, үлдсэн найман жуулчныг Төв цэнгэлдэхийн гадаа үлдээхээс аргагүйд хүргэсэн байна.

Наадмын нээлт гэдэг зөвхөн жуулчдад эрэлттэй байдаг үзвэр биш. Монголчууд ч өөрсдөө үзэхийн тулд хэдэн өдрийн өмнөөс хар үүрээр босоцгоон, дугаарлаж тасалбар авдаг эрэлттэй эвент. Сандал нь хүрэлцээтэй байсан бол ийм чирэгдэл гарахгүй л дээ.

Гэтэл аялал жуулчлалын компаниуд цаг нь тулсан хойно “1000 суудал өг” гэж нэхэж суух жишээний. Эрэлт хэрэгцээгээ эртнээс хэлж, ойлгуулсан бол жуулчдад зориулсан суудлын тоог нэмж болох ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Тэгэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тайлбараар нэмэлт суудал олгох боломж алга.

Мөн наадмын нээлтийг хоёр удаа хийж болох уу гэдэг асуудал яригдсан ч боломжгүй гэдэг хариултыг зохион байгуулагчид өгчээ.

Уг нь олох орлого, жуулчин татахаа бодвол 1000 тасалбарыг жуулчдад зориулаад өгчихмөөр байдаг. Гэтэл нийслэлчүүд маргаашнаас худалдаанд гарах наадмын тасалбарт хүчээ үзэхээр зэхэж суудаг. Нэг хүнд хоёроос илүү тасалбар худалдахгүй гэдэг зарчмаар хуваарилалт хийх нь. Хэн хүчтэй, хэн танилтай нь л наадмын тасалбар квотоос нь илүү олж авч чадна гэсэн үг шүү дээ.

Хэдий болтол ингэж 12500 хан суудалтай цэнгэлдэх хүрээлэнд хашигдаж суудаг юм бэ?. Ирэх жилээс хэтрүүлэлгүй 45 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх барих ажлыг эхлүүлбэл яасан юм бэ. Газар нь олдвол Хүй долоон худаг орчимд байна уу, Төв аймаг руу байна уу хаа ч ялгаагүй.

Жилээс жилд хүн ам өсөж, жуулчдын тоо ч өсөж байна. Аялал жуулчлалаар валют босгоно гэж том амлалт өгөх хэрнээ ганц жуулчдын эрэлтийг татах наадмаа сандлын хүрэлцээнээс болж түлхээд байхаар Монголыг зорьж ирэх жуулчны тоо нэг саяд хүргэтэл өдий.

Монгол өв уламжлал, Монгол наадам энэ бүхнээр дэлхийд Монгол цор ганцаар дархлагдая гэвэл наадмаа томоохон газарт хийдэг болох.

ОХУ өнгөрсөн өдрүүдэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэчнээн ч хотдоо ямар ч асуудалгүйгээр зохион байгуулав. Үүн шиг нэг том цэнгэлдэх хүрээлэн байгуулчихад зөвхөн наадамд ашиглахгүй, олон улсын томоохон тэмцээнүүдээс эхлээд олон зүйлийг хийх нөхцөл бүрдэнэ.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. 45 мянган хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнг яаралтай байгуулахын тулд хандивын арга хэмжээ өрнүүлсэн ч иргэд дэмжээд л бололцоогоороо дэмнэнэ. Энэ байтугай хүнд цаг үед монголчууд хандив өргөөд, төрөөс тодорхой хувийн санхүүжилт гаргаад Монгол бөхийн өргөөг байгуулчихсан юм шүү дээ. Даан ч олиггүй хэдэн нөхөд л тус өргөөг тойрч хэрүүл маргаан үүсгээд байгаа болохоос биш.

2020 оны наадмаас урьтан шинэ цэнгэлдэхтэй болох юмсан даа, энэ бол наадамчин олны хүсэл. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж