Үдэш бүр тантай мэндчилэн, танай гэрийн хойморт зочилдог “Кино код” нэвтрүүлгийн ээлжит дугаар эхэлж байна. Өчигдөрийн дугаартаа бид “Кино код” нэвтрүүлгийн жүжигчин шалгаруулах проб шоуны оролцогч Г.Бямбадорж гэдэг залууг хувь хүнийх нь хувьд илүүтэй танилцуулсан. Харин өнөөдрийн дугаарт “Ганган Төгс” киноны гол дүрд өрсөлдөж байгаа дуучин, жүжигчин М.Мягмарын талаарх мэдээллийг хүргэхээр бэлдлээ.
М.Мягмарын нэрийн хуудас болсон нэг зүйл бол “Guys” хамтлаг. Энэ хамтлагийн залуус хамтаараа лаг байж, театр тайз дэлгэцийн олон уран бүтээл дээр ажиллаж, амжилт бүтээл, урам зоригоор дүүрэн алхаж яваа залуус. Тэд 2001 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчын мэргэжлээр төгсчээ. Туурвисан уран бүтээлүүддээ амьдралын гэрэл гэгээ, сайн сайхан бүхнийг тусгаж, хайр дурлал, эрч хүч, залуу нас, хүсэл тэмүүлэлийг илэрхийлж өгсөн байдаг.
Жүжигчин М.Мягмар “Тавилан”, “Бидний найзын хайр”, “Төрийн дайсан” зэрэг кинонуудын гол болон туслах дүрийг чадварлаг бүтээжээ. Кино сонирхогчид “Сайн уу амьдрал минь” киноны Билэгтийн дүрээр нь андахгүй. Энэ киноны дараа М.Мягмарын фенүүд улам ихээр нэмэгдэж, мессеж дуудлагаар бөмбөгдөх болсон.
Сүүлчийн цас, анхны бороо
Зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ гээд дуулаад эхлэхээр залуусын сэтгэл зүрх огшиж, тэдний дунд нэлээд хит дуу болжээ.
Дуулах гэхээсээ илүүтэй сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд хүч сорих болсон жүжигчин маань ард түмний сонголтоор уран сайхны кино бүтээхээр зорьж байгаа “Кино код” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, гол дүрийн жүжигчин буюу “Ганган Төгс”-ийн дүрд проб өгсөн юм.
“Ганган Төгс” киноны ерөнхий найруулагч Баатар гол дүрийн жүжигчин сонгохдоо мөн л ард түмний санаа бодлыг чухалчлахыг зорьсон юм. Өрсөлдөж байгаа таван жүжигчнээс хэн нь гол дүрд тоглохыг үзэгч та шийднэ. Үзэгчдийн саналыг 155068 sms дугаар, 1970 дугаарын утас, movie.news.mn гэсэн сайтаар авч байгаа бөгөөд одоогийн байдлаар хамгийн өндөр саналтай явж байгаа жүжигчин бол М. Мягмар юм. Эцсийн шийдвэр 2011 оны 08-р сарын 27 нд 19 цаг 35 минутад явах шууд нэвтрүүлгээр тодорхой болно.
Олон хүн дуучин, жүжигчин Мягмарыг шилийн сайн эрийн дүрийг чадварлаг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Харин жүжигчин маань Монгол эр хүний бахархал, омогшилын тухайд ямархуу бодолтой явдаг бол?
М. Мягмар /Дуучин, жүжигчин/: Монгол бол Дэлхийд хамгийн олон бахархах зүйлтэй орон. Жишээлбэл: хэл соёл, түүх, газар нутаг, ард түмэн, ёс заншил, уламжлал гэх мэт олон зүйлийг дурьдаж болно. Мөн Дэлхийн бусад улс орны хүмүүс Манай улсад ирээд мэндчилгээг нь хүртэл гайхдаг. “Амар байна уу” гээд мэндлэх, хүндлэх нь хүртэл ерөөл магтаалаар дүүрэн байдаг. Бахархах зүйл маш их. Тэр дундаа энэ бүгдийг түүх болгон үлдээсэн өвөг дээдэс маань Монголын хамгийн том бахархал. Өөрийгөө “Ганган Төгс”-ийн ямар зантай адилтгаж болох вэ? гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би хүмүүст их ширүүн харагддаг юм шиг байна лээ. Гэхдээ аль болох зөөллөж харагдуулахыг хичээдэг. Шилийн сайн эр гэдэг ер нь харахад эмээж, сүрдмээр байх ёстой юм бол уу гэж боддог. Миний хувьд “Ганган Төгс” бол эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, хүлээцтэй, ноён нуруутай, буурьтай, ухаалаг хүн . Хэрвээ энэ киноны гол дүрд тоглох юм бол жүжигчин хүнийхээ хувьд өөрт байгаа бүхий л зүйлээ дайчлах болно.
Ариун нандин хайрын тухай дуулж, бүждэг залуу маань хайрын тухай ямархуу бодолтой явдаг нь олон хүний сонирхолыг татна гэдэгт эргэлзэхгүй байна.Тэрээр “Хайр гэдэг бол гэгээн хөгжим. Энэ хөгжим хэрхэн дуугарах вэ гэдэг нь эзнээс нь их хамаарна. Хөгжимөө гоё дуугарахын тулд хөгжим чинь зүрх сэтгэлээсээ тоглох ёстой.Хайр булаг шиг сэтгэл зүрхнээс ундардаг зүйл. Хайр мөхсөн цагт л хүн төрөлхтөн мөхөх байх даа” гэжээ. Ингээд жүжигчин Мягмарыг дэмжиж байгаа олон мянган хайртай фенүүдийнх нь өмнөөс амжилт хүсье.