Бээжингээс захиа ирэх вий

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Бээжингээс захиа ирэх вий

Бээжингээс захиа ирэх вий

Энэтхэгийн агаарын тээврийн компани албан сайтдаа Тайванийн нэрийн тухай алдаа гаргаснаа залруулжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан “Энэтхэгийн агаарын тээврийн компани ийнхүү алдаагаа залруулснаар дэлхийд нэг л Хятад улс бий, Тайвань бол Хятадын нэг хэсэг гэсэн үндсэн ойлголт, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг харуулж байна. Үүнийг үнэлэх ёстой юм” гэжээ.

Энэтхэгийн хэвлэлийн мэдээлснээр Хятадын Иргэний агаарын тээврийн удирдах газраас захидал илгээснээс хойш хоёр сарын дараа Энэтхэгийн агаарын тээврийн компанийн албан ёсны сайт дахь Хятадын хуулийг зөрчиж Нэг Хятад улсын бодлогыг зөрчсөн нэрийн алдаагаа залруулсан байна.

Мөн арав гаруй хоногийн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 19-нд Японы агаарын тээврийн хамгийн том хоёр компани JAL /Japan Airlines/ болон ANA /All Nippon Airlines”/ нь Бээжингийн шаардлагын дагуу хятад хэл дээрх вэб сайтдаа “Тайвань” /Taiwan/ нэрийг “Хятадын Тайвань /China Taiwan/ болгон өөрчилснөө зарласан. Гэхдээ зөвхөн хятад хэл дээрх сайтдаа тэгж өөрчлөөд бусад хэл дээрх сайтдаа Тайванийн нэрийг хэвээр үлдээсэн билээ. Гэхдээ энэ өөрчлөлттэй холбоотойгоор Тайпэй дахь Японы төлөөлөгчийн газарт Тайвань эсэргүүцэл илэрхийлж болзошгүй гэдгийг NHK мэдээлсэн байдаг. Уг нь Япон улс Тайваньтай худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай боловч “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрдөг буюу Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг боловч зах зээлээ алдахгүйн тулд ийнхүү “доголон буулт” хийжээ.

Хятадын иргэний агаарын тээврийн захиргаанаас өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаадын томоохон 36 компанид хандаж Тайванийн нэрийг Хятадын газар нутаг гэж харагдуулахаар өөрчлөхийг шаардсан юм. Ихэнх компани Хятадын агаарын тээврийн том зах зээлийг алдахгүйн тулд дээрх шаардлагыг хүлээж авч байгаа аж.

Дашрамд сануулахад энэ оны эхээр буюу Хятадын цагаан сарын өмнөхөн тус улсын “Дорнын агаарын шугам” нэртэй авиа компани зорчигчдын урсгал нэмэгдэхтэй холбогдуулан нэмэхээр төлөвлөсөн 106 нислэгээ цуцалж билээ. Шалтгаан нь Тайванийн талтай урьдчилан зөвшилцөхгүйгээр дээрх шийдвэрийг гаргасантай холбоотой байв. Цаашилбал, өнгөрсөн жилийн өдийд билүү, Энэтхэгийн “India Today” сэтгүүлийн нүүрэнд Хятад улсын газрын зургийг нийтлэхдээ Тайвань, Түвдийг оруулаагүй нь Хятадын сошиал сүлжээнд тарж, дуулиан тарьж билээ. Тухайн үед Хималайн уулсын бүсэд тус хоёр орны хил дээр зөрчил үүсээд байсныг зорилготой нийтэлсэн зураг дэврээсэн юм. Уг сэтгүүлийн нүүрэнд “Хятадын шинэ дэгдээхэй” гэсэн тайлбартайгаар Хятадын газрын зургийг том тахиа, Пакистаны газрын зургийг дэгдээхэй болгон дүрслээд Түвд, Тайванийг хасчихсан байв. 

Зам харилцаа гэдэг харилцааны чухал хэрэгсэл. Монголын онцлог нь агаарын харилцааны талдаа эдийн засгийн хөгжлийн явцаа дагаад чамлалттай байсан нь үнэн. Дээр нь МИАТ гэгч вант улсын дайтай монополчлол чөлөөт өрсөлдөөнийг нь боомилчихоод байв. Харин өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд нь Сөүл, Бээжингийн чиглэлд хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байсан нь өрсөлдөөнийг боож, монополийг дархалсаар, нислэгийн тийзийн үнэ буурахгүй байгаад үйлчлүүлэгчид дургүйцсээр байсныг хүлээн зөвшөөрч алдааг засч хэдийгээр гал дуудах эрсдэлтэй ч либеральчлалыг зоригтой эхлүүллээ. “Нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого нуран уналаа гэж хэлж болно.

Шинэ онгоцтой, шинэ буудалтай, шинэ өрсөлдөгчтэй болохын цаана дээр дурдсан кэйсүүдээс харагдах нөлөөллийн аюулыг анзаарахад илүүдэхгүй. Бээжингээс захиа ирэхэд сэмээрхэн ханцуйдаа уучлал гуйгаад сууж байж мэдэх нь.

Тэгэхээр Бээжингийн тулгалтын хэрхэн давж бусад улс оронтой харилцах вэ гэдэг асуудал гол зангилаа болно. Хамтын ажиллагаагаар халхавчилсан дарангуйллын хаагуур нь улс орноо залуурдах вэ гэдэг асуудал агаарын харилцаанд ч онц чухал хамааралтай тул Бээжингээс захиа ирэхээс өмнө бодлогоо зангидаж эхлэхэд гэмгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж