АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бэлтгэлээ аль хэдийнэ эхлүүлсэн байна. Түүний сонгуулийн кампанит ажилд хэрэглэгдэх тугийг Хятадын үйлдвэр хийж байгаа аж. Уг үйлдвэр өмнө нь 2016 онд Доналд Трамп болон Хиллари Клинтон нарын сурталчилгааны тугийг үйлдвэрлэж байжээ.
“Бид Трампад зориулж туг хийж байгаа. Тэр 2020 сонгуулийн кампанит ажилтай биз дээ. Бид өдөр болгон 100000 туг үйлдвэрлэж байгаа” хэмээн тус үйлдвэрийн эзэн Ли Жианг Америкийн олон нийтийн радиод ярилцлага өгчээ. “Бид бусад өрсөлдөгчдөө бодвол үнийн саналаар давуу тэгээд ч бидний захиалагчид маш ухаалаг. Тэд үргэлж хямд үнэ рүү тэмүүлдэг. Хэрэв Америк үйлдвэр хямдхан бол түүнд хандах ёстой. Тэгэхээр би үүнд санаа зовохгүй байна” гэж Ли Жианг үргэлжлүүлэн ярьжээ.
Гэвч “Business Insider” мэдээллийн сайт уг захиалгыг Трампын сонгуулийн комисс өгсөн эсэхийг тодруулж чадаагүй гэж тэмдэглэжээ. Өнгөрсөн өдрүүдэд Трампын засаглал Хятадын бараануудад өндөр татвар ногдуулан, сүрдүүлж байгаа. Тэгвэл Ли Жианаас энэ талаар асуухад тэрбээр “санаа зовохгүй байгаа” гэж хариулжээ.
Эх сурвалж : TheHill
Г. Батмандах