Олон улсын томоохон хэвлэл, мэдээллийн агентлагийн нэг “Reuters” агентлагийн сэтгүүлч Ж.Томсон болон уул уурхайн мэдээ, мэдээллийг байнга шуурхай хүргэдэг www.business.financialpost.com сайтын “Mining” буланд Монгол Улсын ирээдүйг ийнхүү бичсэн байна. “Төв Азийн цээжинд орших, амгалан тайван ард түмэн болох Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий Тавантолгойн ордын асуудалд Америк, Хятад болон Орос гэх мэт орнууд давамгай эрх эдэлж байгаа болов уу. Учир нь ОХУ болон БНХАУ эрт дээр үеэс Монгол Улстай сайн хөршийн холбоотой байсаар ирсэн. Түүнчлэн газар зүйн байрлалаар далайд гарцгүй Монголын хувьд гуравдагч оронд боломж олгох тухай нааштай сураг дуулдсан ч эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа. Гэхдээ монголчууд АНУ-ыг гуравдагч хөршөөр дэлхийд зарласан мөч саяхан. Энэ нь Азийн томоохон бусад орон болох Өмнөд Солонгос, Япон зэрэг улсад “Тавантолгойгоос горьдох зүйл үгүй” гэж байгаатай адил сонсогдсон. Харин энэ сарын 21-ээс 23-ны хооронд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Баг болон тэргүүн хатагтай Ким Юн Үг нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан. Түүнчлэн Орос болон Хятадын хувьд асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа ч бодит байдал дээр өөр гэдэгт итгэлтэй байна” хэмээн нийтэлжээ.
Харин уг асуудлын талаар хятадууд ихээхэн болгоомжилж байгаа бололтой. Тэд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг “Баталгаатай хийхийг хүсэж байгаа” талаар www.сhinadaily.com.cn сайт мэдээллэв. Тус сайтын сэтгүүлч Ду Хуаны бичсэн нийтлэл “Тавантолгойн гэрээний баталгаа, нь ирээдүйд болгоомжтой байхын цондон” гэх утгатай. Тэрбээр “Монгол-Хятадын хамтын ажиллагаа зөвхөн Тавантолгойн гэрээн дээр суурилахгүй гэдгийг хэн хэн нь ухаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв албан ёсоор Тавантолгойн 40 хувийг БНХАУ-ын “Шинхуа” групп эзэмших эцсийн шийдвэр гарах юм бол Монголын хилийн ойр орчим дахь цөлжилтийг үгүй болгож, төмөр замын салбарт томоохон чиглэлийн өөрчлөлт хийж, Монголоор дамжин өнгөрөх төмөр замын хоёр дахь замыг эхлүүлж магадгүй” гэсэн байв. Мөн тэрбээр “Монголчууд 40 хувь дээр дахин сайн бодож байж хариугаа хэлнэ гэсэн байр суурь илэрхийлсэн нь томоохон сэрэмжлүүлэг гэдгийг сануулахад буруудахгүй байх” гэжээ.
Харин манай улсын зүгээс Тавантолгойн асуудал дээр Хятадад ийнхүү хариулт хэлсэн нь тэдний хувьд цочрол өгсөн талаар ч бусад Азийн хэвлэлүүдээр онцолсоор байна. Жишээ нь Тайванийн өдөр тутмын “Thaiwandaily” сонинд “Хятадууд монголчуудаас гуйгаад болохгүй бол гуядаад авах уу” гэх утга бүхий мэдээлэл цацсан аж.
АНУ-ын хувьцаа борлуулдаг томоохон байгууллагуудын нэг “NASDAQ”-ын мэдээлж буйгаар “Дэлхийд нүүрсний нөөцөөрөө хоёрт ордог Монгол Улсын Тавантолгойн уурхайн хувьцаа эзэмших асуудал ерөнхийдөө хумигдаж байна. Жилдээ 156 сая тонноос дээш нүүрс олборлох хүчин чадалтай уг уурхай Орос болон Хятадын томоохон компаниудад боломж олгоход татгалзаад байх зүйлгүй мэт байгаа аж. Гэхдээ хувьцааны талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа учраас багагүй хугацаа шаардагдах бололтой. Энэ сарын 22-д Америкын дэд ерөнхийлөгч Шозеф Байден Монгол Улсад зургаан цаг саатад буцсан. Уг айлчлалын дараа тэрбээр “АНУ, Монголын төр засагт томоохон итгэл хүлээлгэж байгаа” хэмээгээд “Ер нь монголчуудын хувьд улс орон нь хэд дахин хурдан хөгжих томоохон гарцын нэг бол Тавантолгой юм. Монгол Улсын хувьд ч “Хөгжлийн шинэ гарц” гэдэгт итгэлтэй байгаа талаар хэвлэлүүд нь онцолдог. ОХУ, БНХАУ гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд оршдог Монгол Улс өөрт олдсон боломжийг зөв ашиглана гэдэгт уул уурхайн салбарын томоохон байгууллагууд итгэлтэй байгаа болов уу” гэсэн байна.
"Улс төрийн тойм" сонин