Үндэсний Дата Төв нь ‘Itools” компанитай төрийн мэдээллийн Хур системд холбогдож ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт өчигдөр /2018.07.05/ гарын үсэг зурлаа. “Itools” компанитай хамтран ажилласнаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшил болон иргэд төрийн үйлчилгээг хурдан, аюулгүй авах боломж бүрдэж буй юм. Учир нь төрийн үйлчилгээг шуурхай, найдвартай хүргэх техникийн нөхцөлийг ‘Itools’ тус компани хангаж ажиллана.
Хур систем нь бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн хүргэх бололцоог хангах юм. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, иргэдийн цагийг хэмнэх зорилготой. Иргэд хурууны хээ болон иргэний цахим үнэмлэхийн тусламжтайгаар хүссэн үйлчилгээгээ авах боломжтой юм. ‘Хур’ системд иргэдийн үйлчилгээ авсан мэдээлэл хуримтлагдаж архив үүсэх ажээ.
Мэдээлэл технологийн салбарт цахиур хагалж буй “Itools” компани дотоодын Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргасан билээ. 10,000 гаруй харилцагчтай бөгөөд тэдний 90 хувь нь дотоодын харилцагчид аж. Даатгал, санхүү, банк бус санхүүгийн байгууллага зэрэг олон аж ахуйн нэгж “Itools” компаниар үйлчлүүлдэг юм байна.