Төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрнэ

Сангийн сайд С.Баярцогт өчигдөр 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн төслийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Засгийн газраас өмнө нь төсвийн тодотголыг тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй холбогдуулан хийх хэрэгтэй тэр дундаа Тавантолгойгоос орж ирэх орлоготой уялдуулах шаардлагатай гэж үзэж байсан. Харин энэ удаа манай эдийн засгийн байдал эхний долоодугаар сарын байдлаар Сангийн яамны төлөвлөж байснаас илүү их хэмжээний орлого орсон байна. Тиймээс төсвийн тодотголыг хийх шаардлагатай хэмээн үзжээ. Сангийн сайд С.Баярцогтын хэлж байгаагаар “Эхний долоодугаар сарын байдлаар 248.8 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн. Энэ нь манай нийт импортын хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 50 хувиар өссөн юм. Олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн дүн гарч байна. Бодит эдийн засгийн өсөлт импортын нэмэгдлээс шалтгаалан энэ жилдээ 456.2 тэрбум төгрөгийн нэмэгдэл эх үүсвэртэй байх төсөөлөлтэй байна.Тэгэхээр төсвийн тодотголыг хийж уг орлогын эх үүсвэрийг ашиглах нь зүйтэй юм” гэлээ. Үүнтэй холбогдуулан төсвийн тодотголоор одоо байгаа нийт хөрөнгө оруулалтынхаа арга хэмжээн дээр нэмж 230 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаандаа нэмж оруулахаар болжээ. Ингэснээр ихээхэн хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг хийх боломжтой гэдгийг Сангийн сайд дуулгалаа. Төсвийн тодотголыг хийснээр нийт зарлага 680.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай буюу нэг их наяд төгрөгт хүрэх аж. Харин хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэхгүйгээр төсвөө алдагдалгүй болгох боломж бий гэнэ. Гэхдээ хамгийн гол нь бодит эдийн засгийнхаа үйлдвэрлэлийг дэмжих үүднээс төсвөө тодорхой хэмжээний алдагдалтай баталсан хэмээх тайлбарыг сайд С.Баярцогт өгөв. Уг нь төсвийн тодотголыг өнгөрсөн хаврын чуулганаар батлах байсан хэдий ч Сонгуулийн тухай хуулиас болж гацсан. Харин ээлжит намрын чуулганы эхэнд эсвэл ээлжит бус чуулган зарлаж Төсвийн тодотголыг батлах боломж бий юм. Ерөнхий сайдын бодлогын нөөц гэгчийг 2007 оноос хойш гаргаж эхэлсэн. Ерөнхий сайд асан С.Баяр гэхэд бодлогын нөөцөө “Атрын III” аянд зориулж байсан. Харин Ерөнхий сайд С.Батболдын тухайд бодлогын нөөцийнхөө ихэнх хэсгийг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж. Мөн улс төрийн намын 2008 оны сонгуулиар амласан гол, гол зүйлийг багтаах талаар төлөвлөсөн байна.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж