‘Ньюс’ агентлагаас хуурамч шатахууны тухай хөндсөн ‘Нэг сэдэв найман эх сурвалж’ мэдээллийг бэлтгэн хүргэсэн билээ. Энэ удаад бид Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважаваас хийсэн тодруулгаа хүргэж байна.
-Монголд хуурамч шатахуун зарж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Яагаад тэгж хардах болсон юм бэ?
-Хардах үндэслэлтэй л дээ. 2017 оны тавдугаар сараас евро стандартын шатах тос, тосолгооны материал ашиглах тухай стандарт хэрэгжиж эхэлсэн. Танхимын зүгээс энэ стандартыг бүртгүүлэхийн тулд нэлээд хөөцөлдсөн. Шатахуун нийлүүлдэг ОХУ болон Хятад энэхүү евро стандартыг мөрддөг. Гэвч үнэндээ стандартын шатахуун дотоодод зарагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй санагдсан. Учир нь, сүүлийн жилүүдэд Монгол Улсын хилээр керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафтаг их хэмжээгээр оруулж ирсэн байсан. Тиймээс л Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж байж болзошгүй гэж хардаж байгаагаа хэлсэн л дээ. Энэ асуудал одоо эрчимтэй яригдаж байна. Маш их хэмжээний түүхий эд хилээр орж ирсэн мөртлөө хаашаа орсон нь тодорхойгүй байгаа.
-Шатах тос, тосолгооны материалыг юунд хэрэглэдэг юм бол?
-Зэс угаахад ашигладаг. Эрдэнэтэд “Петролеум продакшн” гэж үйлдвэр байгаа. Тэр үйлдвэрийн ашигладаг шатах тос, тосолгооны материалыг манайд орж ирж байгаа түүхий эдийн хэмжээтэй харьцуулбал маш бага. Ер нь авто бензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд ямар ч татваргүй их хэмжээгээр Монголд орж ирдэг болсон. Тиймээс л ийм хардлага гарч байгаа юм.
-Хуурамч шатахуунаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Мэргэжлийн хяналтынхан бол тийм зүйл байхгүй гэж дандаа үгүйсгэдэг?
– Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгочих юм бол энэ төрлийн импорт хязгаарлагдана. Дотоодод хуурамч шатахуун үйлдвэрлэх асуудал хумигдана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ төрлийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар тавина гэсээр бараг хоёр жил боллоо. Яагаад шатах тос, тосолгооны бүтээгдэхүүнд онцгой албан татвар тавьдаггүй шалтгааны бол мэдэхгүй юм байна. Тэгэхээр хууль эрх зүйн талаас зөрчилгүй болчихоод байгаа юм. Яагаад ийм хардлага гарав, нөгөө талаар хилээр орж ирж байгаа их хэмжээний шатах тос, тосолгооны материал юун зориулж байна вэ гэдгийг шалгах нь Мэргэжлийн хяналтын хийх ажил шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг татвараар л зохицуулна, өөр ямар ч арга байхгүй. Гол нь энэ төрлийн бүтээгдэхүүнд яагаад татвар тавихгүй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамнаас асуух ёстой.
-Ямар компани оруулж ирдэг юм бол та сайн мэдэх үү?
-Багануурт нэг компани байдаг гэсэн мэдээлэл сонссон. Яг нарийн асуудлыг нь хэлж мэдэхгүй байна. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо гээд хэдэн залуус энэ асуудлаар хөөцөлдөөд байгаа юм билээ. Ер нь шударга бизнес хийх асуудал бас энд давхар хөндөгдөж байгаа юм л даа. Нэг жишээ ярихад, Монголын нэг байгууллага Тоёототай гэрээ хийхээр болсон юм билээ. Япончууд манайд зарагдаж байгаа шатахууныг судлаад “Танайд ийм шатахуун зарагдаж байгаа нөхцөлд бид машинаа нийлүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм билээ.