Эмч нартаа баярлалаа!

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Эмч нартаа баярлалаа!

Эмч нартаа баярлалаа!

Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 5-наас эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтныг хамруулан ажил хаялт зарлахаа мэдэгдээд байв. Энэ мэдээг уншаад амьтай бүхэн харамссан болов уу. Бүх баялгийн эхлэл нь хүний амь нас, эрүүл мэнд учраас тэр. Харин товлосон өдрийнхөө өмнөх орой дахин хурал зарлан ажил хаялтыг хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Шалтгаан нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад холбогдох албаныхантай тус холбооны төлөөлөл уулзалт хийсний үр дүн, ойлголцолтой хамааралтай аж. Уулзалтаар 26 зүйл заалттай хэлэлцээрийн 24-ийг хуульд нийцсэн хэмээн үзэж, бүртгэж авсан ч цалинтай холбоотой хоёр заалтыг хуульд нийцүүлж, дахин судалсны дараа бүртгэх боломжтой гэсэн хариу өгчээ. Тиймээс ажил хаялтаа түр хойшлуулаад байгаа аж.

Ямар ч байсан эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа үлдлээ. Баярлалаа, эмч нар аа!

Олон хүүхэдтэй айл “Манайхаас заавал нэг эмч төрөх ёстой” гэхийг олонтаа сонсож байлаа. Айлд нэг эмч байх ёстой гэж. Сайнаар хэлбэл өвдөж зовохын цагт түшээд очиход элэг нэгтнээрээ эмчлүүлж тойлуулбал илаарших нь илүү байх шиг санагддаг сэтгэлийнх биз. Саараар хэлбэл “таньдаг эмчгүй бол цаанаа л гомдмоор, хүнд сурталтай хөшүүн үйлчилгээтэй” байдгийнх болов уу.

Айл бүрт эмч байх ёстой гэвэл үүний цаана айл бүрт эмчийн цалингаар амьдардаг байж таарах нь. Ямар хүнд хөдөлмөр эрхэлж хэр ачаалал үүрдгийг эмчийн гэр бүлийнхэн л ойлгоно. Гэхдээ аль ч оронд гэдэг өргөн хүрээнд авч үзэхэд гэмгүй. Тухайн эмч анх энэ мэргэжлийг сонгож байхдаа л энэ талаар судалсан байх ёстой. Дэлхийн улс орнуудад хамгийн өндөр цалинтай мэргэжлээр эмч тодорсон орон хэд байдаг юм бэ. Хэзээ хувийн эмнэлэгтэй ч юм уу, өндөр үнээр үздэг тэр дээд зэрэглэлд очих зэргээ тооцоолж байж энэ мэргэжлийг сонговол ажил хаялт зарлах хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлэх нь өөр хэрэг. Харин анхнаасаа хүний амь насыг аварч, эрүүл энхийн жаргалыг эдлүүлэх л гэж эмчийн мэргэжлийг сонгосон бол “Уучлаарай, Та зүтгээд байхаас өөр аргагүй”. Бахархал болсон тангарагаа дахин нэг уншаад үзээрэй. Амьдралын нугачааг давах бүртээ дахин нэг уншиж байгаарай.

“Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө

Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа

Тангараглая Тангараглая Тангараглая”

Энд “цалин хүрэлцэхгүй бол…” гэсэн үг байхгүй байгаа биз. “Харамгүй зориулна” гэдэг ямар их буян байх вэ. Дээр нь үүрэг чинь “төрийн хуулийг чандлан сахих”, зорилго тань “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө байх нь”. Энэ л таны эмч мэргэжлийг сонгон амьдарсны гавьяа. Гэхдээ эмч ч гэсэн хүн. Эмч хүн хэчнээн сайхан гээд бахархлаа идэхгүй. Бахархал дотроо амьдрахгүй. Амьдралын хатуу үнэн энэ. Тийм ч учраас төр эмчээ энэрэх үүрэгтэй.

Эрүүл мэндийн яам энэ удаад Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой дөрвөн бүлэг 26 заалттай Хамтын хэлэлцээр байгууллаа. Үүнд зөвхөн цалин орлого нэмэгдүүлэх бус сувилагчийн орон тоог 1800-аар нэмэгдүүлэх, цалингийн ангилал, зэрэглэлийг шинэчлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлыг тусгасан ажээ. Эрүүл мэндийн яамны удирдлагуудад олгогдсон эрх мэдэл л энэ.  

Хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө үхэлтэй нүүр тулж, цусан дунд ажиллаж яваа эмч нартаа төр нь хайртай. Гэхдээ талхаа авч хүрэхгүй байхад нь ОУВС-гийн олон зуун сая ам.долларын өрөөр тайлбар хийх нь тун зохимжгүй. Хэдийгээр эмч нар Монголын их зовлон, жаргалын дотор амьдарч яваа боловч ийм хариу сонсох гэж ажил хаяхдаа тулаагүй. Гэхдээ нөхцөл байдал илааршиж байгаа, Засгийн газар ажиллаж байна. Тиймдээ ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эмч нарыг ажил хаяхгүй гэдэгт итгэж байна” гэж хэлээд ядаж эмнэлгийн байгууллага олсон орлогоо ажилтнууддаа зарцуулдаг байх эрхийг нээх гэж оролдлоо.  Эхний ээлжинд Сангийн сайдын 47 дугаар тушаалаар Эрүүл мэндийн байгууллага дотоод нөөц бололцоогоо ашиглан нэмэлт орлогоороо цалин, урамшуулал, нийгмийн асуудлаа шийдээд явах боломжийг бүрдүүлж төсвийн захиран зарцуулагч нарт эрхийг нь олгов. Эмнэлгийн дарга “хууль зөрччихнө” гээд дотоод нөөц боломж байсаар байтал цалин, урамшуулал олгож чаддаггүй байсан бол одоо нөөц боломж бүрдүүлж, түүнийгээ эмч, ажилтнуудынхаа төлөө зарцуулж болдог болох нь. Харин одоо тэр дотоод нөөц боломж чинь хэр байгааг ил тод болгож, хамтын шийдвэр гаргахад өөрсдөө суралцах хэрэгтэй. Сая олж авсан “эрх” чинь чухал эрх шүү. Наанадаж аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, амралтын өдрүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх боломж бий. Ашиглаад хэвшсэн эмнэлэг ч олон. Үүнийгээ 100 хувь өөрсдөө ашигла гэж байна. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх төсөвт эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг шингээсэн. Өмнө нь зөвхөн оношлуур, эмнэлгийн хэрэгслийн мөнгийг төсөвлөөд, тэнд ажиллаж буй хүмүүсийн тусламж, үйлчилгээний зардлыг шингээдэггүй байсан юм билээ.

Хүн гэдэг мөнгөний “амьтан” биш сэтгэлийн “амьтан”. Эмч хүн бол бусад хүнээс илүүд шахам тавигдах хүндэт “амьтан”.

Төр нь эмчээ энэрч, эмч нь иргэнээ энэрдэг нь хүний ёс. Хайртай хүнийхээ амийг авруулчихаад яаж талархал илэрхийлэхээ мэдэхгүй нууж хааж хэдэн төгрөг хандивлах гээд гүйж яваа баярласан иргэнтэй хэзээ ч тааралдаж байгаагүй л гэж бүү хэлээрэй. Тийм хүн байдаг юм шүү. Түүгээр нь тухайн эмнэлэг ил тод сан байгуулж яагаад болохгүй гэж. Ямар Гандангаас л дор байв гэж хуралдаад хуваагаад тухайн сард сайн ажилласан нэгнээ шагнах эрхтэй боллоо шүү дээ. Ямар ч тэнэг дарга өвчтний ар гэрийнхэнд “Эмнэлгийн үүдэнд байгаа шилэн санд төдөн төгрөг хий” гэхгүй шүү дээ. Ганцаараа хагалаад хулгайлж суухгүй. Эрүүл мэндийг худалдаж авч болдоггүйн нөгөө талд өгье гэсэн сэтгэл багаддаггүйг санахад илүүдэхгүй.

Ярьдаггүй л болохоос гомдож явсан эмч нартаа хэлдэггүй л болохоос иргэд нь хайртай. Эмч нар аа, ажил хаяагүйд тань баярлалаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж