ДАШТ: Өнөөдөр Уругвай, Францын аль нь хожих вэ?

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Өнөөдөр Уругвай, Францын аль нь хожих вэ?

ДАШТ: Өнөөдөр Уругвай, Францын аль нь хожих вэ?

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 8-д өрсөлдөх багуудын эхний хоёр тоглолт өнөө шөнө болно. Өнөөдрийн тоглолтын хуваарийг танилцуулья:


  • УРУГВАЙ – ФРАНЦ (Долдугаар сарын 6-ны 22.00, Доод Новгород хот)
  • БРАЗИЛ – БЕЛЬГИ (Долдугаар сарын 7-ны 02.00, Казан хот)

УРУГВАЙ

21 дэх удаагийн ДАШТ-д Уругвайн шигшээ баг хэсэгтээ ОХУ, Тунис, Панамыг хожин есөн оноогоор тэргүүлэхдээ хаалгандаа гоол алдаагүй. Гэхдээ шөвгийн 16-д Португалтай тоглоход нэг гоол алдсан юм. Уругвайчуудын 597 минут хаалгандаа гоол алдаагүй гэсэн амжилтыг Португалын Пэпэ зогсоосон. 1930, 1950 оны дэлхийн аварга Уругвайн шигшээ баг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду тэргүүтэй Португалын шигшээ багийг нутагт нь буцааж шөвгийн наймд үлдээд байна.  

Уругвайн шигшээ баг 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д үхлийн хэсэг болох Итали, Англи, Коста-Рикагийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан юм. Хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ч шөвгийн 16-д Колумбид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн удаатай. Энэ удаа ‘А’ хэсэгт багтаж, хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлэн улмаар Португалыг хожоод  байна.

ФРАНЦ

Францын шигшээ баг “С” хэсгийг тэргүүлсэн Аргентинтай хасагдах шатны эхний тоглолтоо хийсэн. Казан хотод болсон тоглолт 4:3-аар Францын ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын гол баатар 19 настай Францын Килиан Мбаппэ байсан бөгөөд тэрбээр хоёр гоол оруулж, багаа ялалт байгуулахад гол үүргийг гүйцэтгэсэн.

Францын шигшээ баг хоёр мянганы заагт оргил амжилтаа үзүүлж байсан. 1998 оны дэлхийн аваргад түрүүлсэн бол ердөө хоёр жилийн дараа Европын аваргын цомыг өргөсөн. Улмаар 2006 онд дахин дэлхийн аваргын финалд үлдэж, Италид торгуулийн цохилтоор ялагдаж байсан юм. Харин 2014 онд Бразилд болсон дэлхийн аваргын шөвгийн наймд Германд хожигдсон. Энэ удаагийн Францын шигшээ багийн залуу тоглогчид гялалзсан амжилтыг үзүүлсээр байна. Мөн Килиан Мбаппэ энэ дэлхийн аваргад өөрийгөө бүрэн нээж чадлаа.

Шөвгийн наймд учраа таарсан Франц, Уругвайн тоглолт долдугаар сарын 6-нд хуучнаар Горький, одоогийн Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолт Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.


 

БРАЗИЛ – БЕЛГИ (Долдугаар сарын 7-ны 02.00, Казан хот)

БРАЗИЛ

Америк тивийн төлөөлөл Бразил болон Мексикийн шигшээ багууд шөвгийн 16-д учраа таарсан. Тоглолт Самара хотын “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд 2:0-оор дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн юм.

Багаа шөвгийн наймд үлдэхэд дэлхийн үнэтэй хөлбөмбөгчин Неймар болон Роберто Фирмино нарын гоол үнэ цэнэтэй байв.

26 настай довтлогч Неймар бол Бразилын шигшээ баг төдийгүй дэлхийн шилдэг тоглогч гэдгээ өчигдрийн тоглолтод дахин харууллаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси, К.Роналдо нар гэртээ харьсан энэ үед Неймараас их зүйлийг хүлээж байгаа. Тэрбээр багаа ялалтад хүргэсээр байна. Дэлхийн аваргад түрүүлэх боломжтой байсан Аргентин, Испани, Португал зэрэг топ багууд эрт тэмцээнийг орхисон. Ийм үед Бразилын шигшээ баг боломжийг ашиглаж чадах уу гэдгийг харах үлдлээ. Гэхдээ дэлхийн үнэтэй хөлбөмбөгчин Неймарын үйлдлийг олон улсын хэвлэл мэдээлэл онцолсоор байна. Тоглолтын үеэр Бразилын супер од Неймар нэг гоол хийсэн ч түүнийг хэд хэдэн удаа зохиомлоор унан баашилсан хэмээн бичиж эхэллээ. Зарим спортын сувгууд энэ талаар нэвтрүүлэг хийгээд эхэлсэн байна. Неймарын энэ үйлдлийг залуу үеийнхэнд сөрөг үлгэр дууриалал үзүүлж байна гэж иргэд саналаа илэрхийлж, Олон улсын хөлбөмбөгийн холбоо анхааралдаа авах хэрэгтэй хэмээн зөвлөгөө ч хүргэж эхлэв.

БЕЛГИ

Бельгийн шигшээ баг G хэсгийг ганц ч хожигдолгүйгээр 9 оноогоор тэргүүлсэн бол Японы шигшээ баг хэсгээсээ хоёроор хасагдах шатанд шалгарсан. Хоёр багийн тоглолт Дон мөрний хөвөөнөө орших Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, 3:2-оор Белгийн шигшээ ялснаар шөвгийн наймд үлдсэн. Хэдийгээр Японы шигшээ баг түрүүлж хоёр гоол оруулан тэргүүлж байсан ч сүүлийн 25 минутад гурван гоол оруулсан белгичууд хожлыг өөрийн болгосон.

Ази тивийн төлөөлөл болон шөвгийн 16-д ганцаараа үлдсэн Японы шигшээ баг харамсалтайгаар нутаг буцсан бол белгичууд цааш өрсөлдөх эрхтэй болсон. Белгийн шигшээ багийн энэ амжилт 1966 оноос хойш ДАШТ-ий хасагдах шатны тоглолтын үндсэн 90 минутад 2 ба түүнээс дээш гоолын зөрүүтэй хожигдож яваад гүйцэж хожсон анхны баг болж байна. 1996 онд Португалын шигшээ баг Хойд Солонгост 3:0-оор хожигдож яваад 5:3 болгон хожиж байсан түүхтэй юм. Бельгийн шигшээ багийн дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 1986 оны Мексикт болсон ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан амжилт юм. 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий шөвгийн наймд Аргентины шигшээ багт хожигдож (1-0) байсан.

Бразил, Белгийн тоглолт долдугаар сарын 7-ны шөнийн 02.00 цагаас Казан хотод болно.

ӨНӨӨДӨР 

 

МАРГААШ

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж