Одоогоос 35 жилийн өмнө үндэсний бөхийн соёлоор дамжуулж монгол үндэснийхээ онцлогийг харуулсан “Гарьд магнай” кино бүтээгдэж, гол дүрд аймгийн хурц арслан Д.Батдорж тоглосон түүхтэй. Уг киноны гол дүр болох Далайцэрэнгийн хайртай бүсгүй Удвалыг олохын тулд найруулагч нар их сургуулийн оюутнууд дундаас шалгаруулалт хийж байжээ.
Бид энэ удаад үзэгчдийн сэтгэлд Удвалын дүрээр хоногшсон, өдгөө Хавдар судлалын төвийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байгаа, эм зүйн ухааны доктор Оточийн Уранчимэгийг ‘Мартагдашгүй танил’ буландаа урилаа.
ХУВЦАСНЫ ӨЛГҮҮРИЙН ДЭРГЭД НАЙРУУЛАГЧТАЙ УУЛЗСАН НЬ
“Монгол кино” нэгтгэлийнхэн ‘Гарьд магнай’ кинонд тоглох жүжигчдийг их сургуулиудаар явж хайжээ. Мэргэжлийн жүжигчнээс гадна тухайн дүрд тохирсон хүнийг олох нь найруулагч нарын ажил, бас мэдрэмж юм. Олон сургуулийн оюутнууд кино зурганд ороход Анагаахын сургуулийн гурван оюутан байсны нэг нь О.Уранчимэг аж.
Анх сургуулийнхаа хувцасны өлгүүрийн дэргэд Б.Чимэддорж найруулагчтай таарсан түүний хувьд кинонд дүрээ мөнхлөх их хувь заяа тохиожээ. Тухайн үед найруулагч “Гарьд магнай” киноны Удвалын дүрийг хайж байгаагаа хэлж, багахан зүйл асуужээ. Өвлийн улирлын шалгалтууд эхэлчихсэн завгүй үе таарсан учраас кинонд тоглох бодол ер төрөөгүй гэдэг. Удалгүй сургуулийн захирлаас бичиг ирж, Кино үйлдвэрт зурганд орох болсныг дуулгажээ. Тухайн үед Монгол Улсын их сургууль, Багшийн дээд, Анагаахын дээд сургуулийн 50-60 орчим оюутнуудыг Удвалын дүрд тохирох эсэхийг шалгасан байна. Монгол үндэсний хувцастай зураг авалтаас нэг л оюутан үлдэх учиртай байж. О.Уранчимэгийн хувьд кинонд тоглохоос илүүтэй хичээлээ бодон анхны зураг авалтад орж байжээ.
СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ НЬ БАЯР ХҮРГЭВ
Анагаахын сургуулийн эм зүйн анги тухайн үед Заводын дэргэд байрладаг байсан байна. 1983 оны нэгдүгээр сарын өвлийн амралт дуусаад хичээлдээ орох үед сургуулийн захиргаанаас О.Уранчимэгийг дууджээ. “Бүх шалгалтуудаа өгчихсөн байхад яагаад дуудсан юм бол” гэж эмээрсээр сургууль дээр иртэл “Гарьд магнай” киноны зураг авалтанд орох болсон тухай хэлжээ.
Соёлын яамнаас хийж байгаа “Гарьд магнай” киноны зураг авалтанд Анагаахын дээд сургуулийн оюутан тэнцсэн нь энэ. Захирал нь түүнд өвлийн зургийг авах хэрэгтэй байна гэсэн тодорхойлолт үзүүлж, баяр хүргэснээр Удвал дүрийн эхлэл тавигджээ.
Тэрбээр дүрийнхээ тухай “Би ч тухайн үед өөрийнхөөрөө тоглоод өнгөрсөн. Үнэндээ кинонд тоглоно гэж бодоогүй. Юутай ч сургуулийн захирал бичиг хийж өгсөн учраас ямар ч байсан зураг авалтанд орсон. Анхны зураг авалт их олон хүний дунд байсан болохоор тэр үү тийм ч амархан байгаагүй. Гэхдээ найруулагчийн хэлсний дагуу зургаа авахуулсан” гэж ярилаа.
УЯАЧДЫН ГАЛД ӨНЖДӨГ НААДМЫН ӨДРҮҮД
“Гарьд магнай” киноны зураг авалт Төв аймаг болон Баянхонгорын “Шаргалжуут”, Архангай аймгийн Их Тамирт хийгджээ. Киноны зураг авалт их нарийн байдгийг очоод мэдэрсэн гэдэг. Хэцүү зүйл их байсан ч олон мундаг хүмүүсийн ач буянаар киноны дүрийг бүтээснээ О.Уранчимэг хэлж байв. Зургадугаар сарын 1-нд эхэлсэн зураг авалт наймдугаар сарын 20-нд дууссан байна. Түүний аав, ээж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас 1960 оны эхээр хотод ирж суурьшжээ. Улаанбаатарт төрж өссөн О.Уранчимэг наймдугаар ангиасаа морь унаж сурсан нь кино багийнханд амар байсан гэдэг.
Тухайн үед түүний зуслангийн ойролцоо Яармагт наадмын хурдан морины уралдаан болдог байжээ. Аймаг бүрээс ирсэн уяачид цугларсан дэнжид зуны улирал өнгөрдөг учраас түүнд морь унах боломж ч их гардаг байсан байна. Энэ нь кино зураг авалтын үеэр ч хэрэг болжээ. Харин гүү саахыг зураг авалтын үеэр сурчээ.
“Түмний олон хүний дундаас миний охин шалгараад орсон нь сайн хэрэг байна. Гэхдээ тэр кинонд дүр гаргаж чадах юм болов уу. Миний охин мэргэжлийн бус хүн шүү дээ” гэж санаа нь зовж байгаагаа эцэг, эх нь Бунтар найруулагчид хэлж санаа нь амарч байжээ.
“Зураг авалт тийм ч амар байгаагүй. Ядам өвгөний охины дүрийг гаргахын тулд их зүйл болсон доо. Шантрах үе ч байсан. Хийж чадахгүй гэр рүүгээ явлаа гэж хэлэх ч үе гарсан. Олон сайхан хүмүүсийн буянаар энэ дүрийн ард гарч байв” гэж Удвалын дүрийг бүтээсэн О.Уранчимэг хэлж байв. 1983 оны намар “Ард” кино театрт ‘Гарьд магнай’ киноны нээлт болж, Удвал дүрээр олонд танил болжээ.
МОСКВАД ӨНГӨРҮҮЛСЭН ДОЛОО ХОНОГ
1983 онд кино дэлгэцийн бүтээл болсны дараа найруулагч “Монголын түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн чиний хувьд одоо жүжигчин мэргэжлийг эзэмших хэрэгтэй. Анагаахын ийм сайхан мэргэжилтэй юм чинь одоо Багшийн дээдийн кино драмын гуравдугаар курсээс орж болно” гэж хэлжээ. Түүнд дахин кинонд тоглох, бүр цаашлаад жүжигчин болох хүсэл байгаагүй.
1984 онд Монгол, Зөвлөлтийн найрамдлын 60 жилийн ойгоор Москвад олон улсын кино фестивальд О.Уранчимэг оролцжээ. Энэ фестивальд “Гарьд магнай”, “Ардын элч”, “Хатанбаатар” киноны уран бүтээлчид оролцсон байна. Эрдэмтэн зохиолч Э.Оюун, “Ардын элч”-ийн Ариунаа буюу гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Дарьбазар буюу жүжигчин Ж.Занабазар, кино найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн нарын аваргуудтай хамт том наадамд оролцож, мартагдашгүй дурсамжийг үлдээжээ. Урлагийн хүмүүсийн буянаар их олон зүйлийг үзэж, хүндлэгдэж яваагаа хэлж байв.
УДВАЛЫН ДҮРИЙГ БҮТЭЭСНИЙ ДАРАА УУГАН ХҮҮГЭЭ ТӨРҮҮЛЖЭЭ
“Гарьд магнай” кинонд тоглосоны дараа сургуулиасаа нэг жилийн чөлөө авч хүүгээ төрүүлжээ. Түүний гэр бүлийн хүн А.Галсумъяа нь хамт сурдаг байсан аж. Том хүүдээ Баярмагнай гэдэг нэр өгч байжээ. Мөн Ж.Бунтар найруулагчийн гэргий кино гарсны дараа төрж, хүүдээ Гарьд гэдэг нэрийг өгчээ. Том хүү Г.Баярмагнай нь өдгөө бизнесийн салбарт ажиллаж, JCI олон улсын байгууллагад амжилттай ажиллаж яваа. Мөн бага хүү нь “Киа моторс” компанид ажиллаж, ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын хөтөчөөр монгол хүүхэд сонгогдох ажлыг эхлүүлжээ. Энэ ховор боломж Ө.Амар хүүд олдсон юм.
Манай энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийн эзэн Уранчимэгийн аав 91 настай Оточ гуай өдгөө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд аж төрөн амьдарч байна. Жил бүр нутагтаа очиж, овоондоо мөргөдөг эднийхэн энэ сард Алтан овооны их тахилгад очихоор бэлтгэж байгаагаа хэлж байв.
ГАРЬД МАГНАЙ
- 1983 оны дэлгэцийн бүтээл
- Зохиогч: Дэмидийн Хишигт, Шаравын Сүрэнжав
- Ерөнхий найруулагч: Жамъянгийн Бунтар
- Ерөнхий зураглаач: Гэсэржавын Маш
- Зураач: Д.Энхболд
- Хөгжмийн зохиолч: Нацагийн Жанцанноров
- Зургийн дарга: Д.Махбал
ГОЛ ДҮР:
- Далайцэрэн – Даваагийн Батдорж
- “Молиго” Очир – Д.Алтангэрэл
- Равсал – Бадамраагийн Магсаржав
- Ядам – Рагчаагийн Дамдинбазар
- Удвал – О.Уранчимэг
- “Хулгар Нацаг” – Дэндэвийн Амгаа
- Жигмэд арслан – Б.Орхонсэлэнгэ
Фотог: Б.ЭНХБАТ
Холбоотой мэдээ