Хүчилтөрөгч хүргэсэн сайн дурын ажилтан амиа алдав

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Хүчилтөрөгч хүргэсэн сайн дурын ажилтан амиа алдав

Хүчилтөрөгч хүргэсэн сайн дурын ажилтан амиа алдав

Тайландын Там Луанг агуйд гацсан 12 хүүхдийг багшийнх нь хамтаар дахин бороо орохоос өмнө урьтан гаргаж авахаар аврах багийнхан ажиллаж байна. Ирэх долоо хоногт бороо орж, дахин үер бууж болзошгүй тул түүнээс өрсөж аврах ажиллагаагаа дуусгах нь чухал болоод байна. 

Гэвч хүүхдүүдийг аврахаар очсон сайн дурын нэгэн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг урьд шөнө болжээ. Тодруулбал, эл хэрэг явдал урьд шөнө 02.00 цагийн орчимд болсон байна. Сайн дурын туслагч агуйд гацсан хүүхдүүдэд хүчилтөрөгчтэй канистр хүргэж өгчихөөд буцах замдаа амь үрэгджээ. Түүнд хангалттай хүчилтөрөгч байгаагүй улмаас агаар дутагдаж амиа алдсан аж. Энэ мэдээг өнөө өглөө /2018.07.06/  Тайландын усан цэргийн ахлах Арпакорн Ёооконгкаев олон нийтэд мэдээлжээ.

Хөлбөмбөгийн өсвөрийн багийн 11-15 насны 12 хүүхэд багшийнхаа хамтаар өнгөрсөн зургадугаар сарын 23-нд Тайландын хойд хэсэгт орших Чианг Рай байгалийн цогцолборт газарт очоод сураг тасарсан. Харин ес хоносны дараа хайгуулын багийн хоёр Британи шумбагч тэднийг олсон юм. Агуйд орсон хойно нь бороо орж, үер бууснаас буцаж гарах аргагүй болсон байдаг. Одоо тэд агуйд 12 хонож байна.  

Камерын тусламжтайгаар хүүхдүүдийн байр байдлыг гэр бүл, аврах багийн ажилчид, хамаатан садан гээд бүх хүмүүс харж байгаа аж. Одоогоор тэдэнд санаа зовох зүйл бага гэнэ.   

Анх тэднийг агуйгаас гаргахад сарын хугацаа шаардлагатай болж буй тухай Тайландын эрх баригчид мэдээлсэн.

Аврах ажиллагааг явуулахын тулд Тайландын аврах багийн ажилчид хүүхдүүдэд шумбалтын хичээл зааж эхэлсэн юм. Гэвч хугацаа их алдах тул  аргаа өөрчилжээ. Аврах багийнхан агуйд хуралдсан борооны усыг тусгай хоолойн тусламжтайгаар соруулж, түвшинг нь бууруулж байгаа аж. Ингэхдээ  агуйн хаалганаас хүүхдүүдийн байгаа газар хүртэл нийт 4 км урт хоолой ашиглан усыг соруулж буй юм байна.

Тайландын дотоод хэргийн сайд Пүүнсак Вүүнгсатнгием-ийн хэлснээр өнгөрсөн өдрүүдийг бодвол усны түвшин 40 хувиар буурсан ба их хэмжээний  булингартсан усыг соруулсан гэжээ. Усны түвшинг бууруулахын тулд хүүхдүүдийн бүсэлхий орчмоор татах хүртэл усыг соруулах шаардлагатай. Харин хүүхдүүд хоргодож байгаа цэгт хүрэхэд 2.5 км үлджээ. Хэдийгээр усыг хэдий хэр хугацаанд соруулж дуусах нь тодорхойгүй ч аврагчид маргааш буюу бямба гариг гэхэд соруулж дуусгахаар чармайн ажиллаж байна. 

Чианг Рай мужийн дарга Наронгсак Осатанакорн хэлэхдээ ‘Бид цаг тутамд цаг агаарын нөхцөл байдлыг Цаг уурын хүрээлэнгээс авч байна. Учир нь Тайландад борооны улирал эхэлсэн’ гэжээ.

Хятадын шумбалтын багийн гишүүн Ванг Инг Жи ‘Хүүхдүүдийн биеийн байдал маш сайн байгаа. Гэхдээ гурван хүүхдийн гэдэс нь заримдаа базалж өвддөг, нарийн гэдэстэй нь холбоотой байж магадгүй’ гэжээ. Хүүхдүүдэд эм, бусад шаардлагатай зүйлсийг хүргэсэн байна. Одоогоор 30 шахам аврах багийнхан усыг соруулан хүүхдүүдийг аль болох хурдан гаргах арга хэмжээг авахаар ажиллаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж