ШХАБ-ын гишүүнээр элсэхгүй ч транзит тээврийн хэлэлцээрт нэгдэж болно

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын гишүүнээр элсэхгүй ч транзит тээврийн хэлэлцээрт нэгдэж болно

ШХАБ-ын гишүүнээр элсэхгүй ч транзит тээврийн хэлэлцээрт нэгдэж болно

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарынхаа бодлого, үйл ажиллагааны талаар зангиагүй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр тус яамны удирдлагууд болон Авто тээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран Авто тээврийн салбарт баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулж сонирхсон асуултад хариулсан.

Тухайлбал, Олон улсын болон бүс нутгийн тээвэр, ложистикийн нэгдсэн сүлжээнд холбогдсон үндэсний тээвэр, ложистикийн сүлжээг бий болгох гол зорилт хамгийн ихээр анхаарал татлаа. Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд худалдааны эргэлт өнгөрсөн онд 84 тэрбум ам.доллар байсан бол 2020 он хүртэлх зорилтдоо 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн байна. Хөгжлийн бодлогод Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг Европын холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засаг, худалдааны тээврийн коридоруудтай холбох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа юм байна.

ШХАБ-ын хүрээний коридорт л гэхэд ОХУ, БНХАУ, Узбек, Казахстан улсууд нэгдэж нийт зургаан чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх бөгөөд “Олон улсын тээвэрлэлтэд зориулсан таатай нөхцөлийг бүрдүүлэх тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрт эрх бидэнд бий гэнэ. Учир нь энэ хэлэлцээрт нэгдэхийн тулд заавал гишүүн орон байх албагүй аж.

Мөн Европын холбооны болон Төв Азийн улсууд руу дамжин өнгөрөх тээврийн сүлжээг өргөтгөхөөр олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Европын холбооны улсуудтай байгуулахаар тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан баг ажиллаж байгаа тухайгаа ярилаа.

Тухайлбал, Герман, Чех, Словак,Унгар зэрэг улсуудтай хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажих хүртэл тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгүүдийг солилцоод байгаа юм байна.  Ингэснээр дээрх улсууд уруу Монгол жолооч нар тээвэрлэлт хийх боломж бүрдэж байгаа юм байна.

Далайд гарцгүй Монгол  орны хувьд дэлхийн хоёр том гүрний хооронд оршин байгаа газар зүйн байршлаа ашиглан дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэх, гадаад зах зээлд гарах том боломж бий. Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд Монголын тээврийн салбарын нийт ачаа тээврийн 57,8 хувийг авто тээврээр, 42,1 хувийг төмөр зам, 0,1 хувийг агаарын тээвэр эзэлж байгаа бөгөөд зорчигч тээврийн 98,8 хувь авто тээвэр, 1,2 хувь төмөр зам, 0,3 хувь агаарын тээврээр гүйцэтгэсэн үзүүлэлт байгааг онцлов. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2020”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” зэрэг бодлогын баримт бичгүүдэд зам, тээврийн салбарт ямар бодлого баримтлах талаар тодорхой тусгасан байдаг. Үүнд, Зам, тээврийн салбарт эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй ая тухтай тээврийн үйлчилгээг хөгжүүлнэ гэсэн гол зорилтууд тусгагдсан байдаг тул энэ хүрээнд тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлага гарч “Зангиагүй уулзалт”-ын үеэр салбарын сайд болон Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд тайлбарласан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж