Монголд 96 их, дээд сургууль бий. Эдгээр сургууль жилд 30-35 мянган оюутан шинээр элсүүлдэг аж. Харин энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг 43846 сурагч өгч байгаа. Ийм хэмжээний сурагч их, дээд сургуульд элсч, хүссэн мэргэжлээрээ суралцахыг хүсч байна гэсэн үг. Гэвч их, дээд сургууль нь 30-35 мянган оюутан элсүүлэх боломжтой тул 10 мянга орчим хүүхэд сургуульгүй хоцроход хүрч байгаа юм. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалаас тодрууллаа.
Монголчууд бүгд дарга болчихвол хэн ажил хийх юм бэ
-Яагаад энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо өмнөх жилийнхээс харьцангуй их байна вэ?
-Боловсролын систем 10 жилийн сургалтын программтай байж байгаад 12 жил рүү шилжсэн. Ингэхдээ анги үсэргэж сургасан тохиолдол бий. Үүнээс үүдэн хоёр жилийн төгсөлт давхцаж байгаа байх. Дараа жил 19 мянган сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Энэ тоо 2-3 жил давтагдана. Түүний дараа энэ тоо өсөх хандлагатай байна.
-Энэ жил 43846 сурагч ЭЕШ өгсөн байна. Гэтэл их, дээд сургууль жилд 35 мянган хүүхэд элсүүлэх боломжтой. Салбарын яам үлдсэн 10 мянга орчим хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Бүх хүүхэд дээд боловсролтой болох албагүй юм.
-Их сургуульд элсч, дээд боловсрол эзэмших гэж л ЭЕШ өгдөг байх?
-Их сургуульд элсээд, суралцаад төгсөх 43 мянган хүнийг хангах ажлын байр бидэнд байхгүй. Их сургууль төгсөгчдийн 38 хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдог. Төссөнөөс хэдэн сарын дараа 78 хувь нь ажлын байртай болдог. Зарим сургууль нь төгсөгчдийнхөө 90 гаруй хувийг ажлын байртай болгодог. Олон улсад мэргэжилтэй боловсрон хүчний харьцаа гэж байдаг. Үүгээр ажиллах хүчний хэдэн хувь нь дарга, хэд нь дунд төвшний ажилтан байх вэ гэдгийг гаргасан байдаг. Харамсалтай нь, манай улсад энэ харьцаа алдагдсан. Үүнд давуу болон сул тал бий. Давуу тал нь монголчууд дээд боловсролтой болох гэж тэмүүлж байна. Гэвч хавар, сургууль төгсөх үед “Диплом өвөртөлсөн энэ олон ажилгүй хүнийг яах вэ. Яам бодлогогүй байна” гэдэг. Дээд боловсрол эзэмшсэн хүн дунд төвшнөөс дээгүүр ажил, менежер, дарга болно гэж зүтгэдэг. Монголчууд бүгд дарга болчихвол хэн ажил хийж, бүтээн байгуулалт өрнүүлэх вэ.
-Тэгэхээр үлдсэн хүүхдүүд МСҮТ-д суралцах боломжтой юу. Есдүгээр ангиас нь элсэлт авдаг юм биш үү?
-МСҮТ-д сурагчдыг IX анги төгсөх үед нь элсэлт авч 2.5 жилээр сургадаг. Харин XII ангиа төгссөн сурагчдыг нэг жилээр сургаж, төгсгөдөг. Түүнээс гадна политехник коллеж бий. Энд сурснаар C дипломтой болж төгсдөг.
-Их, дээд сургууль элсэгчдээ цахимаар бүртгээд, элсүүлдэг болж байна. Энэ үйл ажиллагаа шударга явж байгаа эсэхэд хаанаас хяналт тавьдаг юм бэ?
-Төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгчдийн квотыг 2016 он хүртэл яамнаас тогтоодог байсан. Боловсролын хуульд орсон өөрчлөлтөөр их, дээд сургууль өөрсдийн удирдах зөвлөлөөр элсэгчдийн тоог тогтоодог болсон. Ингэхээр сургуулиуд харьцангуй олон квот тогтоох хандлагатай байна. Тиймээс өнгөрсөн жил УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг гарч ажиллаад 26 дугаар тогтоол гаргасан. Тогтоол дээр квотыг төр тогтоодог байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Одоогоор тухайн сургуульд хэдэн оюутан элсүүлэх, элсэлтийн журмыг хэрхэн явуулахыг тухайн сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэж байгаа.
Өмнөх жилээс 200 оюутан илүү элсүүлж байгаа
МУИС сургуулийн элсэлтийн талаар Элсэлтийн албаны ахлах мэргэжилтэн Б.Наранцогтоос тодрууллаа.
-Энэ жил улсын хэмжээнд өмнөх жилийнхээс харьцангуй олон сурагч ерөнхий боловсролын сургууль төгсч байна. Үүнтэй холбоотойгоор танай сургууль элсэгчдийн тоогоо нэмэгдүүлсэн үү?
-Манай сургууль энэ жил 4450 оюутан элсүүлж байна. ОХУ-д суралцахдаа нэг жил хэлний бэлтгэлд сурдаг. Үүнтэй холбоотойгоор манай сургуульд хэлний бэлтгэлийн нэг жилийн анги энэ жилээс нээгдэж байна. Энэ ангид 200 оюутан элсүүлж байгаа. Ерөнхийдөө манай сургууль 97 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Ингэхдээ нэг жилийн дараа мэргэжлээ сонгодог.
-Танайд бүртгүүлсэн оюутан болгон элсэх боломжтой юу?
-Манай бүртгэл зургадугаар сарын 22-нд эхэлж, долдугаар сарын 2-нд хаагдсан. Манай сургуулийг сонирхон бүртгүүлсэн хүүхдүүдийн жагсаалт гарсан. Бүртгэлийн хураамжаа төлсөн тохиолдолд манай аль ч салбар сургуульд бүртгүүлэх боломжтой байсан. Хүүхдүүд хоёр гурван сургуульд зэрэг бүртгүүлчихдэг. Тиймээс зарим нь хуваариа авахгүй байх тохиолдолд олон гардаг. Цаг хугацаандаа хуваариа аваагүй тухайн оюутны бүртгэл автоматаар цуцлагдаж, үлдсэн хүүхдүүдэд боломж гарч байгаа. Хуваарь олголтыг ийм системээр долдугаар сарын 9-нийг хүртэл олгоно.
-Бүртгүүлсэн сурагчдыг онооны жагсаалтын дагуу элсүүлж байгаа. Үүнээс харахад хэдэн оноотой хүүхэд танайд элсч байна вэ?
-Салбар сургууль бүр дээр өөр байна. Тухайлбал, Хуулийн сургуульд Улаанбаатараас 70 гаруй оюутны элсэлт авч байгаа. Эндээс харахад 700-гаас дээш оноо авсан оюутан элсч байна.
надаас өмнө 800-Гаад хүүхэд байгаа
Дараа нь ШУТИС орсон юм. Сургуулийн урд сургуульд элсэхийг хүссэн олон сурагч зогсч байлаа. Тэдний төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.
-ЭЕШ-ыг англи хэл, математик, физик, нийгмийн хичээлээр өгч, тус бүр 600 гаруй оноо авсан. Ингээд математик, физикийн хичээлийн оноогоор ШУТИС-д тэнцэж, инженерийн ангид бүртгүүлсэн. Жагсаалтын дагуу надаас өмнө 800-гаад хүүхэд байгаа ч би энэ сургуульд л элсмээр байна. Сургуулиа төгсөөд сангийн инженер болно.
Намрын элсэлтээр босго оноо хүрч байвал, бүртгүүлээгүй байсан ч элсүүлдэг
З.Баярцогт шиг тус сургуульд элсч, инженер болохыг хүсч байгаа олон сурагч бий. Тиймээс тус сургууль хэдэн оюутан элсүүлж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх талаар Элсэлт албаны дарга Х.Энхжаргалаас тодрууллаа.
-Одоогоор танайд хэдэн оюутан элсэхээр бүртгүүлээд байна вэ. Үүнээс хэдийг нь элсүүлэх вэ?
-Манай сургууль энэ хичээлийн жилд 5200 оюутан элсүүлнэ. Манай сургууль ангиудаа хэдэн бүлэгт ангилдаг. Нэгдүгээр бүлэгт Улаанбаатар хотоос 1953 сурагч бүртгүүлсэн байна. Үүнээс 1200 орчмыг нь элсүүлнэ. Улаанбаатар хотоос IV бүлэгт элсэхээр 1800 гаруй сурагч бүртгүүлсэн байна. Үүнээс 400 орчмыг нь элсүүлнэ.
-Намар дахин элсэлт явуулдаг. Үүнийг хэрхэн явуулдаг вэ?
-Орон нутгаас элсүүлэхээр төлөвлөсөн тоо гүйцээгүй тохиолдолд намар дахин элсэлт явуулдаг. Мөн зарим сурагч гадаадад, эсвэл өөр сургуульд сурахаар явчихдаг тул төлөвлөсөн тоонд хүргэхийн тулд наймдугаар сарын 20-нд дахин элсэлт авдаг. Энэ үед босго онооны шалгуур урьдынхтай адил байна. Мөн энэ үед босго оноо хүрч байвал манай сургуульд бүртгүүлээгүй байсан ч элсүүлдэг.
-Өмнөх жилийнхээс олон оюутан элсүүлэх боломжтой юу?
-Төлөвлөгөөний дагуу оюутнаа элсүүлнэ. Түүнээс илүүг элсүүлэх боломжгүй. Савны багтаамжийн хэмжээгээр байх хэрэгтэй шүү дээ.
Төлөвлөгөөндөө хүрч чадахгүй нь
МУБИС-ийн элсэлтийн талаар тус сургуулийн Оюутны хөгжлийн албаны дарга Г.Батсууриас тодрууллаа.
-Энэ жил танай сургууль хэдэн оюутан элсүүлж байна вэ?
-Манай сургууль 60-аад мэргэжлийн дагуу 3500 орчим оюутан элсүүлнэ. Өмнөх жилд ийм байсан ч олон шалтгаанаар энэ тоонд хүрч чадахгүй нь. Улаанбаатарын сургуульд 480-аас дээш оноо авсан оюутан элсэх боломжтой болсон. Мөн хотын хувийн сургуульд 410-аас илүү оноотой бол элсэх боломжтой гэсэн шийдвэр гарсан. Энэ нь төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүргэж байна.
-Одоогоор танайд хэдэн сурагч элсэхээр бүртгүүлээд байна вэ?
-Орон нутгаас 2279 сурагч элсүүлсэн байгаа. Мөн Улаанбаатараас 2340 сурагч элсэхээр бүртгүүлсэн ч бүртгүүлчихээд ирэхгүй байгаа сурагч олон байна.
-Элсэгчдийн оноо бага байна гэсэн үг үү?
-Бага оноо авсан гэж байгаа юм биш. Дээрх ялгаатай шийдвэр нь хувийн сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлж байна. Үүнээс болоод төлөвлөгөөндөө хүрч чадахгүй нь.