Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчид өнөөдөр /2018.07.05/ хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцлээ. Энэ үеэр “Эрхзүйн хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэгийн тавьсан “Гэр бүл цуцлах явцад хүүхдийн өмчлөх эрхийг шүүхээр хэрхэн шийдвэрлэдэг вэ” сэдэвт илтгэл сонирхол татсан юм. Тэрбээр энэхүү судалгааны ажлаа 2017 оны арваннэгдүгээр сараас эхлүүлжээ. Судалгаандаа 2015 оны долдугаар сарын 1-ээс 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 117 шүүхийн шийдвэр байгаагаас түүврийн аргаар 80 шийдвэрийг сонгон авсан байна. Анхан болон давж заалдах хяналтын шатны шийдвэрүүдийг хамтад нь авч үзээд хэдэн шатаар орсноос хамаарч 160-240 шийдвэрийг судалсан гэдгээ энэ үеэр хэллээ.
Дагавар хүүхдийн асуудал шүүх дээр хаягддаг
Гэр бүл цуцлах явцад хүүхдийн өмчлөх эрх шүүхээр зөрчигддөгийн тод жишээ бол дагавар хүүхдийн асуудал юм. Дагавар хүүхдийн асуудал шүүх дээр хаягддаг юм байна. Хүүхдийн асрамж тогтоох юм уу, хүүхдийн өмчлөх эрхтэй асуудлыг шийдэхэд дагавар хүүхдийг эцэг, эхийнхээ аль нэгнийг дагаж ирсэн гэх шалтгаанаар хүүхдэд хөрөнгө хуваарилдаггүй. Шүүхээс дагавар хүүхдийн асуудлыг шийдэхгүй хаядаг гэдгийг судлаач тодотгосон. Гэтэл хуулиараа төрсөн хүүхэд, үрчлэн авсан, дагавар хүүхдүүд бүгд л адилхан хүүхэд учраас гэр бүлийн гишүүнд тооцогдон өмчөөс хуваарилагдаж авах ёстой гэсэн хуулийн заалт байдаг.
шүүхийн шийдвэр хүүхдийн үгээр хэзээ ч шийдвэрлэгддэггүй
Шүүхээр гэр бүл цуцлах явцад долоон наснаас дээш насны хүүхдээс эцэг эхийнхээ хэнтэй байх вэ? гэдэг асуулт асуудаг. Гэвч, шүүх шийдвэр гаргахдаа тэдний хүсэл саналыг харгалздаггүй гэв. Уг нь гэр бүлийн тухай хуульд хүүхдийн саналыг харгалзаж үзнэ гэж заасан байдаг. Энэ нь заавал хүүхдийн саналын дагуу шийд гэсэн үг бол биш. “11 настай хүүхэд манай аав намайг зоддог” гэсээр байхад шүүхээс аавтай нь үлдээх шийдвэр гаргажээ. Шүүх гаргасан шийдвэрийнхээ талаар “Эдийн засгийн хувьд аав нь илүү боломжтой” гэж тайлбарласан байна. Тиймээс өнөөдөр хүүхдийн эрхийн асуудлыг ярьж байгаа бол эдийн засгийн боломжоор нь харж шийдэх ёстой юм уу эсвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхгүй орчинд өсөхөөр нь харгалзаж шийдвэрлэх ёстойюу гэдгийг анхаарах цаг болсоныг онцоллоо.
хүүхдийн өмчлөх эрхээс татгалзах эрх ээжид бий юу?
Ээж нар өөрсдөө шүүх хурлын үеэр шазруун бардам зангаасаа болж “Би хүүхдийн тэтгэлэг авахгүй”,“Би чамаас юу ч авахгүй” гэж нөхөртөө хэлдэг. Хэлснийх нь дагуу шүүх шийдвэрээ гаргадаг. Үүнээс тухайн ээжид хүүхдийнхээ нэрийн өмнөөс хүүхдийн өмчлөх эрхээс татгалзах эрх бий юу гэдэг асуудал гарч ирдэг байна. Гэр бүл цуцалж байгаа бол эх хүүхдийн өмчлөх эрхээс татгалзах эрхгүйгээр хуульчилж өгөх ёстой. Энэ асуудалд хуулийн нэмэлт өөрчлөлт, зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Энэ хүүхдийг би тоохгүй. Миний эцэг байх эрхийг хасаад өг
“Нөхөр маань хүүхдээ хайхрахгүй байна. Хөдөө хээр аваачаад хүүхэд бид хоёрыг дарамталдаг’ гэж нэгэн гэр бүл шүүхээр гэр бүлээ цуцлуулах үедээ эхнэр нь ярьжээ. Нөхөр нь хурлын үеэр тайлбар хэлэхдээ “Энэ хүүхдийг би тоохгүй. Миний эцэг байх эрхийг хасаад өг” гэсээр байтал шүүх эцэг байх эрхийг нь хасахгүй шийдвэр гаргэж. Эцэг байх эрхийг нь хасаагүй шалтгаан нь “Та энэ хүүхдийн эцэг. Тийм болохоор хүүхдээ харж хандах үүрэгтэй” гэж тайлбарласан байна. Гэтэл тухайн эрэгтэй эхнэр хүүхдээ хөдөө хээр аваачаад, хүчирхийлээд, хүүхдээ хөнөө гэж ээжийг нь сэтгэл зүйн хувьд дарамтад оруулсан нь шүүх хуралдааны үед бүх баримтаар нотлогдсон байх жишээтэй.
Гэр бүлийн хүчирхийлэл байгаа бол хүчирхийлэгчээс нь салгаж хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг асуудал хүүхдийн өмчлөх эрхийн хажуугаар давхар яригдах том сэдэв болжээ. Шүүхийн шийдвэрүүд дан ганц гэр бүл цуцлах гэдэг нэхэмжлэлийн шаардлага хэзээ ч байдаггүй. Ихэнх тохиолдолд гэр бүл цуцлах нэхэмжлэлд хүүхдийн асрамж, хүүхдийн өмчлөх эрх, тэтгэмжтэйгээ хамт дурдагддаг. Тиймээс шүүх хуралдаанаар гэр бүл цуцлалтыг шийдвэрлээд дээрээс нь хүүхдийн эрх, асрамжийн асуудлыг шийддэг. Гэтэл Монголын шүүхийн шийдвэр гэр бүл цуцлах уу үгүй юу гэдэг дээр голчилдог учраас цаана нь байгаа хүүхдийн өмчлөх эрх хаягддаг аж.
Тэтгэлгийн асуудлыг хуулиараа хүүхэд тус бүрд тогтоох ёстой
Хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хуулиараа хүүхэд тус бүрд тогтоох ёстой. Гэтэл гурван хүүхэдтэй айл байлаа гэхэд дунд нь тэтгэлэг тогтоочихдог шүүхийн шийдвэр давамгайлж байсан. Уг нь хүүхэд гэдэг тус бүрдээ хувь хүн. Тиймээс тэтгэлгийг голд нь тогтоож байгаа нь хүүхдийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа шийдвэр гэдгийг “Эрхзүйн хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг хэллээ.
нотариатын газарт хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой зөрчлүүд хамгийн ихээр илэрдэг
Нотариатын газарт хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой зөрчлүүд хамгийн ихээр илэрдэг байна. Тухайлбал, аав ээж нь хүүхдийнхээ нэр дээр байгаа байр, газрыг зарна шууд барьцаалахаар тэдэнд ханддаг аж. Өөдөөс нь танд ингэх эрх байхгүй гээд тайлбарлаад явуулахаар “Чи баталж өгөхгүй бол дараагийн нотариат батална” гээд явчихдаг тухай ч энэхүү хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Олон улсын хуулийн зохицуулалтыг судлаад үзэхэд хүүхдийн өмчийг эцэг эх нь насанд хүрэхээс нь өмнө захиран зарцуулсан бол насанд хүрэхэд нь буцаагаад төлдөг зохицуулалттай байдаг аж. Тэгэхээр Монгол Улсад ийм төрлийн зохицуулалт үгүйлэгдэж байгааг ч дурдлаа.
Хүүхдийг үрчлэн шилжүүлэхэд дан ганц нотариатын шийдвэрээр болчихдог
Залуу хосууд гэрлээд хоёр жилийн дараа охинтой болжээ. Тэд удалгүй салж ээж нь охиноо аваад явсан байна. Сүүлд эхнэртэй нь суусан залуу охиныг нь өөрийн нэр дээр үрчилж авах гэж төрсөн аавтай нь уулзжээ. Охины төрсөн эцгийг халамцуу байх үед нь нотариат дээр дагуулж очоод гарыг үсгийг нь зуруулж, хүүхдийг нь өөр дээрээ үрчлээд авсан байна. Удалгүй хагас жилийн дараа охины ээж нь нас баржээ. Гэтэл төрсөн эцэг нь болох асран хамгаалагч нь охиноо өөр дээрээ авах гэтэл маш олон асуудлууд үүссэн байна. Төрсөн эцгээс нь хүүхдийг авахад нотариат батлаад өгчихдөг. Өөр хуулийн заалт байхгүй. Тэгсэн мөртлөө төрсөн эцэг нь хүүхдээ буцаагаад авъя гэхээр эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх зэргээр олон асуудлууд үүсдэг гэдгийг шүүмжлэв. Хамгийн аймшигтай нь, охиныг үрчилж авсан залуу түүнийг хил давуулан гаргаж, АНУ-д хүнд өгөхөөр тохиролцсон байж. Элчин сайдын яам асуудлыг нарийн судалж үзсэний дүнд охин эндээ үлдсэн байна. Хүүхдийг үрчлэн шилжүүлэхэд дан ганц нотариатын шийдвэрээр болчихдог. Энэ нь нэг ёсны хүн худалдан наймаалах гэмт хэргийг өөгшүүлсэн хуулийн цоорхой гэдгийг судалгаандаа дурджээ
Хүүхдээ гудамд гаргаад хаячихна. Тухайн хүүхдийг төрийн бус байгууллагууд аваад хүүхдэд тэтгэлэг хөөцөлдөөд бүтээсэн хойно эцэг эх нь гэнэт хаанаас ч юм гараад ирдэг. Би энэ хүүхдийн мөнгийг авах эрхтэй .Би хууль ёсны эх/эцэг/ нь байна гэхчлэн асуудал гаргадаг аж. Энэ талаар асрамжийн газрын хүмүүс ярьж байна. Асрамжийн газрууд хүүхдийг гэмтэл ослын даатгалд хамруулдаг аж. Хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтээд даатгалын мөнгө ороод ирэхээр эцэг эх нь гараад ирдэг. Үүн дээр зүйлчилсэн хуулийн заалтууд их бүрхэг байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
Эрхзүйн хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг дараагийн судалгааны ажлын сэдэв нь “Гэр бүл цуцлах маргааны үед ипотекийн барьцаанд байгаа байр, газрыг хэрхэн хуваах вэ” гэдэг асуудал гэнэ. Тэрбээр “Төлбөр нь төлөгдөөд 10-20 жилийн дараах орон сууцны асуудал яригдах учир зээл төлөгдөж дуусахаас өмнө гэр бүл цуцалъя гэвэл байрыг хэрхэн яаж хуваах ёстой юм бэ. Үүнийг шүүхээр хэрхэн яаж шийдвэрлэж байгаа’ талаар судлах аж.
Э.Бурам