Л.Элдэв-Очир: Утаатай тэмцэхийн тулд зуухтай зууралдахаас аргагүй

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Л.Элдэв-Очир: Утаатай тэмцэхийн тулд зуухтай зууралдахаас аргагүй

Л.Элдэв-Очир: Утаатай тэмцэхийн тулд  зуухтай зууралдахаас аргагүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд давхардсан тоогоор 24 хуулийн төсөл, УИХ-ын тогтоол гурав, сайдын мэдээлэл долоон удаа сонсч, дөрвөн хууль, нэг УИХ-ын тогтоол батлуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах, Баяжуулсан хүнсний тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гол гол хуулийн төслүүдийг хэлэлцэн, чуулганаар батлуулсан байна.


Тус байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир:

-Байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн онцлох хуулийн төслүүд баталсан. Тухайлбал, Баяжуулсан хүнсний тухай хууль батлуулсан ч хуулийн төслийг хэрэгжих хугацааг нь чуулганаар хойшлуулсан. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулж, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой иргэд шим тэжээллэг хүнс хэрэглэх боломж бүрдэх, бага зардлаар хүн амын аминдэмийн хэрэгцээг хангах, улирлын чанартай шим тэжээлийн дутлаас сэргийлэх, хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой байсан. Хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд хэрэгжүүлэхээр болсон. Түүнээс өмнө бэлтгэл ажлыг хангах, холбогдох журам баталж, идэвхтэй ажиллах үүргийг хоёр яаманд хүргүүлээд байна. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах, түүний хамт өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ажлын хэсгүүд ажиллаж байна. Байнгын хорооны хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл болон Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцол, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, Туул голын эрэг дагуух аялал жуулчлал зэрэг асуудлаар холбогдох сайдын мэдээллийг сонсч чиглэл өгсөн.

Түүнээс гадна Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн тайлан, ажлын хэсгийн мэдээллийг сонсч, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад нь чиглэл өгч ажилласан.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ус бохирдуулсны төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байсан. Хэр зэрэг нэмэгдүүлсэн бэ. Уул уурхайн компаниуд байгаль орчныг бохирдуулсан төлбөрөө хангалттай төлөхгүй байна гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль анх 2012 онд батлагдаж байсан. Түүнээс хойш Засгийн газар журам гаргаж байж хэрэгжих байсан боловч өдий хүртэл журмаа гаргаагүй, хууль хэрэгжээгүй. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ус бохирдуулсан төлбөрийг нэг ч байгууллага төлөөгүй байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр зөвхөн мөнгө авах бус ус бохирдуулж байгаа байгууллагууд хариуцлагатай ажиллах юм. Үнэхээр их бохирдуулж байгаа бол төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлж байгаа бол бага бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Энэ хуулийг 2012-2016 оны парламент баталсан. Тухайн үеийн Засгийн газар журам гаргаж баталгаажуулах байсан боловч журам гаргаагүйн улмаас энэ хууль хэрэгжээгүй өдийг хүрсэн. Энэ хууль зургаан жил хэрэгцээгүй. Энэ хугацаанд хэдий хэмжээний ус ашигласны төлбөр төвлөрүүлэх боломжийг алдсан, үүнийг яагаад алдсан, хэн хариуцлага хүлээх вэ, хэний лоббигоор Засгийн газар журмаа гаргахгүй энэ хуулийн хэрэгжилтийг сунжруулж байна вэ гэдэг асуудлууд гараад байгаа. Тухайн хууль баталсан парламент, байнгын хариуцлага хүлээх ёстой. Засгийн газартаа шаардлага тавьж журмаа батлуулж, хуулиа хэрэгжүүлээгүй.

-Агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ. Ялангуяа байнгын хороо энэ асуудалд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хоёр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэгт орсон гишүүд хариуцлагагүй ажиллаж байгаа. Нэгдсэн төлөвлөгөө гаргаагүй. Утаа бууруулахад шаардлагатай хөрөнгийг тооцооллыг гаргаагүй гэх мэт асуудал бий. Зун болохоор утаагаа мартчихад. Утааны улирал эхлэнгүүт бие биерүүгээ дайраад эхэлдэг. Энэ асуудал дээр хоёр байнгын хорооны ажлын хэсэг зунжингаа ажиллана. Сар бүрийн эхний долоо хоногт ажлын хэсэг хуралдаж байхаар болсон. Салбарын яамд утааг бууруулах чиглэлээр сайн ажиллаж байгаа. Утааг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан. Энэ зорилгынхоо төлөө энэ зун амралтгүй ажиллана. Гол нь утааг үүсгэж байгаа зүйл нь гэр хорооллын зуух, яндан байгаа. Тиймээс энэ зуух янданг ярихгүйгээр богино хугацаанд утааг сааруулна гэсэн асуудал байж болохгүй. Холын хугацаандаа орон сууц, хийн түлш гээд утааг бууруулах арга хэмжээ бий. Гэхдээ үүнд маш их хугацаа, хөрөнгө шаардана. Богино хугацаандаа зуух, яндантайгаа ноцолдохоос өөр аргагүй. Тиймээс Засгийн газраас 120 мянган өрхөд утааг бүрэн шатаадаг, агаарт хаягдал багатай янданд нь голын хотол, зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар хөрөнгө мөнгийг нь шийдэд захиалсан байгаа. Есдүгээр сараас эхлээд төхөөрөмжөө суурилуулаад эхэлнэ. Энэ бол утааг бууруулахад нэлээд бодитой ажил болно.

-Энэ төхөөрөмжид хэдэн төгрөг зарцуулах вэ. Төсөвт санхүүжилтийг нь тусгасан уу?

-Засгийн газар мөнгийг нь шийдчихсэн юм билээ. 250 ам.долларын үнэтэй байсныг 200 ам.доллар болгож бууруулаад захиалгаа өгсөн. Авчраад суурилуулахдаа айл өрийн амьжиргаанд дарамт болохгүй замаар Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ гэсэн.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Утааны эсрэг төлөвлөсөн ажлууд явж байгаа. Утааг гүйцэд шатаах төхөөрөмжийн асуудал дээр Хятадуудын зээл тусламжаар шийдсэн. Мөн БНСУ-аас 500 сая ам.долларын 0.2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авна. Энэ мөнгийг утааг бууруулахад зарцуулна гэдгээ Засгийн газар зарласан. Утааг бууруулахдаа ямар аргаар, аль төсөлд зарцуулах вэ гээд хэд хэдэн хувилбарыг Солонгосын талтай ярьж байгаад орон сууц руугаа оруулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.

-БНХАУ-ын зээлээр цэвэрлэх байгууламж шинээр барихаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Хятадын талтай хэлэлцээр хийсний үндсэн дээр цэвэрлэх байгууламж шинээр барих асуудал явж байгаа. Хятадын талаас энэ ажлыг хариуцсан хүмүүс нь Монголд ирж ажилласан. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээд Хятадын талаас эхний судалгааг хийгээд эхэлсэн. Засгийн газраас нөөц хөрөнгөнөөс хөрөнгийн асуудлыг шийдээд лагийг нүүлгэх ажлыг эхлээд явж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж