Ерөнхийлөгч Малайзын Шадар сайдтай уулзаж, Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Малайзын Шадар сайдтай уулзаж, Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарахыг хүсчээ

Ерөнхийлөгч Малайзын Шадар сайдтай уулзаж, Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарахыг хүсчээ

 

Малайз улсын Шадар сайд хадагтай Дато Се Азаза Ван Исмайл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өчигдөр бараалхжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайз улсад хөнөөсөн хэргийг Малайз улсын Засгийн газраас анхаарч, шүүх байгууллагаар үнэн зөвөөр шийдвэрлүүлэх өндөр хүлээлт үүссэн талаар ярьж, энэ хэрэгт анхаарал хандуулж өгөхийг хүссэн байна.

Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл энэ хэрэгт Засгийн газар нь анхаарал тавьж байгаа талаар хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөрийнх нь улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамадад хаягласан захидлын талаар мэдээлэлтэй байгаа гэлээ. Мөн захидалд дурдсанчлан гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд Засгийн газар нь ихээхэн анхаарал хандуулж байгаа талаар ярьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидал очсоны дараа Малайзын холбооны улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамад Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзсан, Монгол эсвэл Малайз байхаас үл хамаарч хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа хэлсэн юм. Мөн хатагтай Дато Се Азаза Ван Исмайл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлын хариуг өгөх асуудлаар нутагтаа очоод Ерөнхий сайдтайгаа ярилцана гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сарын 15-нд Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээсэн. Энэхүү захидалд,

“Саяхан болсон Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд Таны тэргүүлсэн эвсэл ялалт байгуулж, Эрхэмсэг ноён Та Ерөнхий сайдаар дахин томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж мэндчилье” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг. Ерөнхий сайд та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна” гэжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж