Монгол Улсад хуралдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал урьдчилан сэргийлэх асуудлыг нийт хэлэлцүүлгийнхээ цөм болгон авч үзэж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг томоохон хэсэг нь даатгал болохыг Азийн улсуудын гамшгаас хамгаалах байгууллагууд нэгэнт хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр үнэлгээ дүгнэлт, судалгаа тооцооллын ажлуудыг хийж байна.
Хүртээмжтэй даатгалын асуудлаарх харилцан мэдлэг, туршлага солилцох сүлжээ буюу MEFIN (The Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-ий улсууд гамшгийн эрсдлийн даатгал, түүний хяналт зохицуулалт, бизнесийн загвар, чадавхи бий болгох болон гамшгаас урьдчилан сэргийлэх, даатгуулах талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг дээшлүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр тодорхой санаачилга, туршлага бий болгож харилцан солилцоод байна. MEFIN-ий ажлын албанд нэгтгэн боловсруулсан “Гамшгийн эрсдэлийн даатгалын гарын авлага” (Disaster Risk Insurance Manual, DRIM)-д тус сүлжээний улсууд болох Монгол, Индонези, Вьетнам, Филиппин, Балба, Шри Ланка улсуудад учирч буй эрсдлүүд, тэдгээрийн онцлог, гамшгийн эрсдлийг бууруулах талаар Засгийн газраас явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэг бүрчлэн танилцуулж, даатгалын аргаар гамшгийн эрсдлийг бууруулах эрэлхийлэл, сорилт, туршлагуудыг тоймлон танилцуулж буй юм.
Хэдий сүлжээний улсууд харилцан солилцож буй ч энэхүү туршлага, санаачилгын гарын авлагыг гамшгийн эрсдэл, ялангуяа байгалийн гамшгийн ижил төстэй нөхцөл бүхий улс орнууд татан авч, судлан үзэхэд нээлттэй юм. НҮБ-аас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сэндайн үйл ажиллагааны хүрээ”-нд Засгийн газрууд үр дүнд чиглэсэн шат дараатай бодлого, стратегийг хэрэгжүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй энэ үед MEFIN-ий улсуудын туршлага, санаачилга нэмэр болох нь гарцаагүй юм. Учир нь гарын авлагад эрсдлийг үнэлэх, гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, стратегийг хэрэгжүүлсний дараа үлдэж буй эрсдлийг хэрхэн арилгах, даван туулах болон эрсдлийг бууруулах санхүүгийн арга хэрэгслүүд зэрэг олон асуудлыг тусгасан байна.
MEFIN бол Азийн орнуудын даатгалын зохицуулагч байгууллагууд хоорондоо мэдлэг, сайн туршлагыг солилцох зорилгоор бий болгосон хамт ажиллагааны бүтэц юм.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО