Х.ГАНХУЯГ: Залуучууд хамтдаа маш олон сайн өөрчлөлтийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Х.ГАНХУЯГ: Залуучууд хамтдаа маш олон сайн өөрчлөлтийг хийнэ

Х.ГАНХУЯГ: Залуучууд хамтдаа маш олон сайн өөрчлөлтийг хийнэ

‘Хера холдинг’ группийн ерөнхийлөгч Хассуурийн Ганхуягтай ярилцлаа. 


-Сайхан зусаж байна уу. Хассуурийн Ганхуягийн санаачилгаар “сайнаар өөрчлөх нэг санал” нөлөөллийн аян Баянгол, Сонгинохайрхан дүүргийн залуучуудын дунд амжилттай явагдлаа  гэсэн мэдээлэл фэйсбүүк дээрээс олж уншлаа. Та залуучуудтай нийлж юуг сайнаар өөрчлөхөөр зорих болов?

-“Хера холдинг” групп маань Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг юм. Бид компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр дүүргийн залуучуудад чиг хандлагаа сайнаар өөрчлөхийг нь дэмжих зорилгоор зорилтот төсөл хэрэгжүүлсэн. Манай ихэнх компаниуд нийгмийн хариуцлага гэхээр маркетингийн хүрээнд авч үзэж, эмзэг бүлэгт нэг удаагийн тусламж үзүүлэхээс хэтэрдэггүйг бид өөрчилье гэж эхлүүлсэн ажил. Компанийн нийгмийн хариуцлага бол юуны өмнө нийгэмд үнэ цэнийг бүтээх байдаг. Дүүргийнхээ идэвхитэй, сэтгэлтэй залуучуудаар дамжуулан орчноо сайнаар өөрчлөх чиг хандлага, шинэ үнэ цэнийг буй болгохыг “ван чэнж” уриатайгаар зорьсон хэрэг л дээ. Санаснаас олон залуучууд оролцсон. Нийт 200 орчим төсөл бүхий 1000 орчим залуучууд шууд оролцож, 4000 орчим залуучууд холбогдсон байна лээ. Финалд 30 залуу шалгарч 5 төслийн баг болон ажиллаж сая төслийн санхүүжилтийн эрхээ авсан нь сошиал орчинд нэлээд дэмжигдсэн байх шүү. 

-Ихэнх хүн өөрчлөлт бүхэн л сайн гэж ойлгодог. Сайнаар өөрчилнө гэж тодотгохоор муугаар ч өөрчлөгдөж болох эрсдэлтэй байдаг уу?

-30 жил сайнаар өөрчлөнө гэж итгэж одоо байгаа эрх мэдэлтэй хүмүүст саналаа өгсөн сонгогчдын гомдол  ямар ихээр цөхөрсөн байгааг л харчих.  Одоо шинэ үеийн залуучууд нэг зүйлийг ухаарсан нь хэн нэгэн эрх мэдэлтэн, олон дахин сонгогдож буй улстөрч амьдарч буй орчныг нь сайнаар өөрчлөхгүй юм байна. Залуус өөрөө өөрсдөө орчноо сайнаар өөрчилж чадна гэсэн үнэ цэнийг мэдэрсэн байгааг харах үнэхээр урам зориг төрж байна. Удахгүй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн залуучууд хамтдаа маш олон сайн  өөрчлөлтийг хийх болно. Цаг ирвээс түмэн  бурхан байгаад ч зогсоож чаддаггүй гэсэн богд хааны нэг алдартай үг бий. Нэг санал л бүх зүйлийг өөрчлөх шидтэй ардчилсан нийгэмд. Баянгол, Сонгинохайрхан дүүрэг өөрчлөгдөх ёстой. Цаашдаа залуусын, шинэ үеийнхний эерэг өөрчлөлт улс орны хөгжилд сайныг авчиртлаа давалгаалах ёстой

-Залуус улс орны хөгжилд сайныг авчирах ёстой гэдгийг тань дэмжиж байна. Гэхдээ одоогийн шийдвэр гаргагчдад нийтээрээ л сэтгэл дундуур байна. Юунаас болоод ажил явахгүй байна вэ?  

Засаглалын хямрал улам даамжирсаар л байна. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад гүйцэтгэх  эрх мэдлийг нь бүрэн өгөхгүй бол нийт ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд хутгалдсанаар зөрчил үүсэж, ажил гацдаг нь бараг Монголын улс төрийн өв боллоо. Нэмээд Засгийн газрын шийдвэрийг УИХ дээр дэмжихгүй зогсооно. Өмнөх жилүүдэд хүчтэй, харизмтай Ерөнхий сайдтай байх үед л Монгол улс маань урагшилсан түүх харагддаг. Н.Энхбаярын үед их өрнөөс салж, С.Баярын үед Оюутолгойг хөдөлгөсөн байдаг. Бусад Ерөнхий сайд нарын үед попуудад зодуулсаар байгаад ажлаа өгч байгаа харагддаг. Ард түмэн 2016 оны сонгуулиар МАН-д  65 суудал өгсөн нь хий попролгүй бодитой ажил эхлүүл гэсэн захиалга байсан юм. Үндсэн хуулинд сайн өөрчлөлт оруулж засаглалын дээрх хямралыг үгүй болгох, Ерөнхий сайд нь парламентаа тараах, танхимаа бүлэглэлүүдийн тохиролцоон дээр биш мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлдэг гэх мэт бүрэн эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай байж л нийт монголчуудад өгөөжтэй том төсөл, бүтээн байгуулалтууд явдаг болох юм болов уу.

-Монголд яагаад том төслүүд аль ч намын үед явахгүй гацчихдаг юм бэ. Бизнес эрхлэгчийн хувьд та юу гэж харж байна?

-Үнэнийг хэлэхэд өөрсдөө л биш бол ямар ч ашигтай хувилбар байсан Тавантолгойг явуулахгүй байх сонирхолтой бүлэг бизнесүүд байгаа харагддаг. Зарим нь бүр уг мега төсөл явахгүй байснаар тэндээс ашиг хүртдэг гэж хардахад хүргэж байна. Жишээлбэл, Эрдэнэс тавантолгойг явуулахгүй байх нь одоо тэнд оператор хийж байгаа, түлш нийлүүлж байгаа, тэсэлгээ хийж байгаа компаниудад ашигтай тул тэд поп улстөрчид, төөрөлдсөн эх орончид, мэргэжлийн шантаажны хөдөлгөөнүүд болон PR- чдыг санхүүжүүлж төслийг унагаадаг, зогсоодог гэж би хувь хүний хувиар харддаг.

-Тавантолгойг ямар ч байсан хөдөлгөхөөр болж байх шиг. Тавантолгой бидний хүлээлтэнд хүрэхээр үр өгөөжөө өгч чадах болов уу. Уул уурхайгаас хүлээх өгөөжид нийтээрээ сэтгэл хангалуун бус байх шиг. Шалтгааныг та юу гэж харж байна вэ?  

-Ямар ч байсан ард иргэд, олон нийтийн хяналт тодорхой хэмжээнд байж, үйл ажиллагаа сайжирна. Хөрөнгийн зах зээл дээр IPO хийснээр хараат бус аудит хийлгэх, үйл ажиллагаа нь тунгалаг байх шаардлага тавигддаг тул одоо байгаагаас хавьгүй дээрдэнэ ээ.

Уул уурхай шууд утгаараа татвар, ажлын байр, дэд бүтцийн салбаруудыг босгож ирдэг.  Ямар ч салбар ийм өгөөж өгдөггүй ш дээ. Монголын хувьд одоохондоо ганц доллар олдог зүтгүүр нь уул уурхай. Бусад салбар татаасаар л амь зогоож байгаа нь харамсалтай үнэн. Ганц дээлт барилдаач. Ганц морьт уралдаач гэж өвгөдийн хэлсэн үг их учиртай юм шүү. Бид одоо ганц тэжээдэг уул уурхайгаа тойрч хүн бүхэн л уул уурхайн мэргэжилтэн болж байна. Ихэнх улстөрчдийн хэлэх ярихыг нь сонсоход уул уурхайг ноцож олон нийтийн анхаарал татаж байгаад шантаажны хэдэн төгрөгтэй болно, чадахгүй бол нэр хүндээ өсгөнө гэсэн л санаархал цухалзах юм. 

Уул уурхайн өгөөжийн талаар маш товчхон хэлэхэд тэр Ардчилсан намын үед авсан бондыг уул уурхайгаа үзүүлж байж л авсан, бүх аймаг руу зам тавьсан, 8 хувийн ипотекийн зээл олгосон. Одоо тэр бондын мөнгийг уул уурхайгаас орж ирж байгаа татвараар төлж байна. Тэгэхээр бид бүгд уул уурхайн хишгийг хүртэж байгаа нь үнэн. Яагаад нийтээрээ сэтгэл хангалуун бус байгаа шалтгаан нь уул уурхайгаас орж ирж байгаа тэр их мөнгийг зөв менежмент хийж чадахгүй байгаа эсвэл мэдлэг чадвар нь хүрэхгүй байгаа улстөрчдийн арчаагүйнх юм. Одоо байгаагаас хамаагүй илүү хишиг үндэстнээрээ хүртэх боломж үргэлж бий.    

-Түшмэл ажил бүтэхгүй байх шалтгааныг түрүүнд хардаг. Бизнесмэн боломжийг түрүүлж хардаг гэдэг. Та манай эдийн засаг өсөх, иргэдийн амьжиргаа дээшлэх ямар арга замууд байна гэж харж байна вэ?

Хүмүүсийн амьдралын өртөгийг бууруулах бодлого манайд алга байна. Шийдвэр гаргагчид инфляцаар бүх юмаа зохицуулж байна гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ хүмүүсийн цалингаа зарцуулж байгаа гол бараа, үйлчилгээний, шатахууны  өртөгийг яаж бууруулах вэ гэдэг дээр зорилт болгож ажиллах ёстой юм. Тэр нь засаг гарч ирээд дэмжээд татаас өгөөд зохицуулаад бай гэсэн үг мэдээж биш. Бизнест байгаа шударга өрсөлдөөний орчныг хангаснаар хүссэн хүсээгүй зах зээл өөрөө зохицуулчихна. Сая шийдсэн иргэний агаарын тээврийн либералчлал бол бодит жишээ яах аргагүй мөн. Иргэд хямд нисэх боломжийг бүрдүүлэх ёстой. Одоо дараагийн шийдэх асуудал бол ихэнх иргэдэд санхүүгийн дарамт  болж байгаа лизинг ипотекийн зээл. Зах зээлийг чөлөөлөөд, өрсөлдөөнийг дэмжээд ирэхээр аяндаа зээлийн хүү буурна.  Ингэснээр хувиараа бизнес эрхлэгчид нэмэгдэж ажлын байр бий болох хөгжлийн тойрог үүсдэг.  Үүнийг л эхлүүлэх хэрэгтэй.

-Хэн эхлүүлнэ гэж. Яг хариуцлага үүрэх хүн олддоггүй шүү дээ Монголд?

-Хөгжлийн тойргийг эхлүүлж, одоо байгааг сайнаар өөрчилж чадах шинэ үеийнхэн. Заавал дарга, түшмэлээс өөр хэн нэгнээс амьдрал нь хамаардаг гэж боддоггүй, нэхдэггүй монгол хүн бүр. Бас чөлөөт нийгмийн тухай суурь ойлголттой шинэ үеийн улстөрчид хамтдаа л хийнэ дээ. Мэдээж эд бүгдийг манлайлах хэсэг бүлэг хэрэгтэй. Тэр манлайлагчдыг олж нээхийн тулд би өөрийнхээ хэмжээнд залууст зориулсан “сайнаар өөрчлөх нэг санал” төслийн уралдааныг санхүүжүүлж эхэлсэн хэрэг юм.

Танд баярлалаа

О.Билэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж