Бөхчүүдийг Спортын төв ордонд бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Бөхчүүдийг Спортын төв ордонд бүртгэнэ

Бөхчүүдийг Спортын төв ордонд бүртгэнэ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэлийг долдугаар сарын 9, 10-ны өдөр Спортын төв ордонд авахаар болжээ. Учир нь бөхчүүдийн дундах хэрүүлээс болоод Бөхийн өргөөг цагдаа нар битүүмжилж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх аж.

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдана. Мөн хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд  долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Хүүхдийн ордонд бүртгэнэ.

Наадмын өмнө болдог сорилго барилдаан цуцлагдаж, бөхийн галууд сорилго барилдаанаа хийжээ. Бөхчүүдийнхээ бэлтгэлийн өнгө, эрч хүчийг сонжсон галын наадмын товч мэдээллийг хүргэе.

  • Хэнтий аймгийн бөхийн дэвжээний сорилго Ар гүнтийн даваан дахь “Цагаан хустын ам” гэдэг газар болжээ. Наадмын сорилгод 40 гаруй бөх барилдаж улсын арслан Э.Оюунболд түрүүлсэн байна.п

  • Завхан аймгийн “Даян” дэвжээний хүчит бөхчүүд “Сүүж” амралтын газар бэлтгэлээ базааж байна. Тэднийг улсын гарьд Б.Гончигдамба ахалсан. Тэгвэл наадмын сорилго барилдаанд улсын начин Б.Чимэдвандан түрүүлж, аймгийн арслан Т.Бэгзсүрэн үзүүрлэжээ.

  • Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээ, Булган аймгийн бөхчүүдийн галын сорилго барилдаан “Хайрын бэлэг” амралтад болжээ. Барилдаанд 64 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын начин Д.Тамир түрүүлж, аймгийн хурц арслан Ө.Сүхбат үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, хурц арслан Б.Батжаргал нар шалгарчээ.

  • Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” дэвжээний галын наадам “Харзтай”-д болсон байна. Барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын начин Б.Серик үзүүрлэжээ.

  • Ховд аймгийн “Ховд” дэвжээний наадмын сорилго барилдаанд Чандмань сумын харьяат, улсын начин Ч.Цогбаяр түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэжээ.

  • Увс бөхчүүдийн бэсрэг наадам ‘Шүтээн’ амралтын баазад болжээ. Сорилго барилдаанд таван дэвжээний 96 бөх зодоглосноос улсын арслан Н.Батсуурь түрүүлж, гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан У.Береке шалгарчээ. 

  • Баян-Өлгий аймгийн бөхчүүд “Шүтээн” амралтын газар наадмын бэлтгэлээ базаажээ. Наадмын сорилго барилдаанд 32 бөх хүч сорьсноос Улаанхус сумын харьяат, улсын начин Б.Серик түрүүлж, Булган сумын харьяат, улсын начин Б.Баатарцол үзүүрлэв.

 

  • Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны галын сорилго “Төв хурх” аманд болжээ. Сорилго барилдаанд 48 бөх зодоглосноос улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Ц.Мөнхбаяр үзүүрлэв. Тус галд улсын заан Н.Жаргалбаяр, харцага Т.Баасанхүү тэргүүтэй 50 гаруй бөх наадмын бэлтгэлээ базаажээ.

  • “Алдар” спорт хорооны бөхийн галын наадам Тавантолгойд болжээ. Барилдаанд 64 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн заан Ч.Эрдэнэсайхан түрүүлж, улсын начин Ц.Мөнхбаяр үзүүрлэсэн байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж