Чөлөөт бөхчүүдээс допинг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхчүүдээс допинг илэрчээ

Чөлөөт бөхчүүдээс допинг илэрчээ

БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээсэн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс хоёр нь допинг хэрэглэсэн гэсэн хариу гарчээ. Ингэхдээ аймгийн арслан Б.Гончигтавхайгаас хориотой эмийн бодис илэрсэн гэж үзсэн байна. Түүнээс Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр шинжилгээ авчээ. Мөн улсын заан Б.Соронзонболд допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан учир дүрмийн дагуу допинг хэрэглэсэнд тооцжээ. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч нэгдүгээр сард Орхон аймгийн ‘Хангарьд’ спортын ордонд болсон бөгөөд энэ үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан талаар News агентлаг мэдээлж байсан юм. Тэгвэл шинжилгээний хариу гарч Б.Гончигтавхайгаас хориотой эмийн бодис илэрч, улсын заан Б.Соронзонболдыг шинжилгээ өгөхөөс татгалзсан учир допинг хэрэглэсэн гэж үзжээ. 

Монгол чөлөөт бөхийн холбооноос улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нарыг тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлээд байна. Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн дүрмийн 10.12.1-д заасны дагуу допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тамирчид бусад төрлийн спортын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй байдаг ажээ. 

Боловсрол, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 16 спортын нийт 198 тамирчнаас допингийн шинжилгээ авч Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болон БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээн шинжлүүлжээ. 2017 онд 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой эмийн бодис илэрсэн байдаг. Тэгвэл 2018 он гараад 12 бөхөөс шинжилгээ авахад хоёр бөхөөс допинг илэрсэн бөгөөд ‘В’ сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ БНСУ-ын лабораториад илгээгээд байгаа аж. Тиймээс допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг зарлах боломжгүй байгаа юм байна. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж