Алтан түншийн медаль ямар үнэд хүрэх бол | News.MN

Алтан түншийн медаль ямар үнэд хүрэх бол

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Алтан түншийн медаль ямар үнэд хүрэх бол

Өмнийн говьд  дэлхийн хэм­­жээний  уурхайг удир­дан ажил­луулж буй “Рио Тин­то” компани 2012 оны Лон­дон­гийн олимпын наа­дам, па­ралимпод оролцох Мон­го­лын баг тамирчдыг ивээн тэтгэх алтан түнш болохоор Монгол үндэсний олимпын хо­роотой (МҮОХ) гэрээ бай­гуулсан. Гэрээнд “Рио Тин­то” компанийн Монгол Ул­сыг ха­риуцсан захирал Да­вид Па­терсон, МҮОХ-ны Ерөн­хий­лөгч Д.Загдсүрэн нар га­рын үсэг зурсан билээ. Мөн Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон энэ­хүү онцгой үйл явдлыг тохиол­дуулан Монгол Улсад айлчилж буй Олон улсын олимпын хо­рооны ерөн­хийлөгч Жак Рогге нар байлцжээ.

Энэ үеэр “Рио Тинто” ком­­панийн Монгол Улсыг ха­­риуцсан захирал Давид Патерсон “Бид Монгол Улс бо­­лон Оюутолгойн ордод урт хугацаанд үр өгөөжтэй үйл ажил­лагаа явуулах үүр­гийнхээ дагуу Монголын олим­пын ба­гийг ивээн тэтгэж байна. “Рио Тинто” компани нь ирэх жил Лондон хотод болох олимп, паралимпын наад­муу­дад Мон­го­лын тамирчдад ам­жилт гар­гах, медаль хүртэх хам­­гийн дээд боломжийг хан­ган өгө­хөд өөрийн хувь нэм­рийг оруу­лахыг хүсэж байна” хэ­мээсэн байна. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн олимпын багийг ивээн тэтгэж буйд талархлаа илэрхийлэн “Рио Тинто компани нь Мон­гол дахь олимпын алтан түнш байгууллага болж буйд бид тун бахархалтай байна.  Та бүхний дэмжлэг нь 2012 онд Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлэхэд чухал дэмжлэг болно” гэв.

“Рио Тинто” нь энэ са­рын 9-нд Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шиг­шээ багийн та­мирчин, Хөдөл­мөрийн баатар Хашбаатарын Ца­гаанбаатарыг 2012 оны олим­пын их наадамд  “Оюу Тол­гойн  Элч”-ээр  сонгогд­соныг зарласан билээ.Мөн олимпын анхны монгол авар­га Н.Түв­шинбаярыг нэг тонн зэс­тэй тэнцэх хэмжээний мөнгөөр урам­шуулсан зэрэг олимптой хол­боо­той олон үйл ажиллагаанд оролц­сон байдаг. Тус компани Мон­голын үндэсний шигшээ багийг ивээн тэт­гэхээс гадна Лондонгийн олим­пын тамирчдад гардуулах нийт 4700 медалийг үйлдвэрлэх эрх бүхий металлын албан ёсны нийлүүлэгч билээ. Энэхүү нийлүүлж буй металлыг Монголын Оюутолгой болон АНУ-ын Юта муж дахь Кеннекот зэсийн уур­хайгаас олборлон нийлүүлж буй юм.  Дашрамд дурдахад “Рио Тин­то” нь олимпын наадмуудын медальд хэрэглэх металын албан ёсны нийлүүлэгч байсан бая­лаг, ба­хархалтай түүхтэй би­лээ. Ту­хайлбал, 2002 онд тус компани АНУ-ын Юта му­жийн Солт Лейк хотод бол­сон өвлийн олимпын наа­дамд мөн өөрийн бүтээг­дэ­хүүнийг ний­лүүлж бай­жээ. “Рио Тинто” нь мөн Авст­­ралийн олимпын ба­гийн түнш байгууллагаар ажил­лахаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Бат­болд, энэ сарын 23-нд Олон ул­сын олимпын хо­рооны ерөн­хийлөгч Жак Рог­гег Төрийн ордонд хү­лээн авч уулзах үеэрээ мөн л эх орных нь баялгаар олимпын авар­гуудын медалийг урлах болсонд талархан, ба­хархаж байгаагаа  илэрхийлж байсан. Тэрбээр “Анх 1986 онд Олон улсын олимпын хорооны ерөн­хийлөгч Ж.А.Са­маранч манай улсад айл­чилж  байсан. Үүнээс хойш 25 жилийн дараа буюу Монгол Улсын хувьд олон түүхт ой тохиосон энэ онд болоод 2012 оны олимпын их наадмын өмнө ОУОХ-ны ерөнхийлөгч дахин зочилж байгаа нь билэг дэмбэрэлтэй явдал” хэмээлээ.

Түүнчлэн  Олон улсын олимпын хорооноос манай улсад үзүүлж байгаа тусламж, дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлээд “Манай баг тамирчид 1964 онд анх удаа олимпын наадамд оролцож, өнөөг хүртэл хугацаанд 19 медаль хүртээд байгаа. Мөн 2008 оны Бээжингийн олимпоос анх удаа алтан медаль авч, улс ор­ныхоо нэр хүндийг дэлхийд дуурсгасан. Ирэх онд Лондонд болох олимпод манай тамирчид есөн төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаагаас одоогоор дөрөв нь эрхээ аваад байна. Манай та­мирчид Лондонгийн олимпод ам­жилт­тай оролцож Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа давтан улмаар ба­татгана гэдэгт итгэлтэй байгаа, Засгийн газрын зүгээс ч шаардлагатай бүх арга хэмжээг авч, онцгой анхаарч байна. Монгол тамирчид өөрийн ур чад­вар авьяас билэг, хүч чадлаа дэл­хийн дэв­жээнд гайхуулж,  эх орныхоо үнэт эрдэ­нэсээр хийсэн алт, мөнгө, хүрэл медаль авна  гэдэгт ит­гэлтэй байна” гэсэн юм.

Сонирхуулахад 1960 оны Ро­мын олимпын медалийг 2008 онд дууд­лага худалдаагаар зара­хад 9525 ам.долларын үнэ хүрч байжээ. Ха­­рамсалтай нь чухам аль төрөлд хэн гэгч тамирчин хүртсэнийг нь тогтоож чадаагүй гэсэн. Хожмын өдөр Монголын алт, зэсээр урласан медалийг монгол тамирчин хүртэж байсныг тогтоогоод олон улсын дуудлага хуралдаанд оруулбал ямархан үнэ хүрэхийг таашгүй юм. Ямартай ч энэ бол үндэсний бахархал яах аргагүй мөн.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ББ 2011-08-26 182.160.10.234

Авсан ганц медалиа үнэ хаялцуулна гэв үү Би буруу дуулаагүй л байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж