Тэмпо: Хайртай байсан хүнээ хамгаална

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Тэмпо: Хайртай байсан хүнээ хамгаална

Тэмпо: Хайртай байсан хүнээ хамгаална

‘Mixx’ хамтлагаас урлагийн карьерээ эхлүүлж уран бүтээлдээ үнэнч үлдсэн хоёр  л хүн бий. Тэдний нэг болох Тэмпо буюу Б.Болдбаатартай сүүлийн үеийн уран бүтээл болон  хувийн амьдралынх  нь талаар  ярилцлаа.


-Темпо, энэ зун амрах ч завгүй байгаа бололтой?

Наадмын  дараа дөрөв дахь уран бүтээлээ гаргах гээд завгүй л явж байна.  Ихэнх цагийг  студи дээрээ өнгөрөөж байна даа. Шинэ уран бүтээл маань нийгэмд эерэг хандлагийг түгээх,  хөнгөхөн латин америк хэмнэлтэй дуу байгаа. 

-Хамгийн сүүлд дуулсан “Ex calling’ дуу чинь залууст нэлээд хүрсэн байх. Экс амрагтаа зориулсан гэл үү?

-Ер нь бол хүмүүсийн  хандалт ихэнх нь эерэг байгаа. Би ч өөрөө дуугаа гаргасны дараа өндөр хандалт авна гэж бодоогүй. Сэтгэл зүрхний угаас  мэдэрсэн зүйлс хүмүүст их хурдан хүрдэг юм болов уу гэж бодож байна. Уран бүтээл маань хүмүүст таалагдаж байгаад их баяртай байгаа шүү. Миний хувьд Шүүдрээг тайван орхихыг хүсч байсан ч гаргасан уран бүтээл маань олон хүнд ташаа ойлголт төрүүлсэн байна лээ.

-Жүжигчин П.Шүүдэрцэцэгээс салаад удаагүй байхдаа эксийнхээ тухай дуулахаар хүмүүст мартаагүй юм байна гэж ойлгогдсон байх?

-Хэн нэгэн хүнд шууд утгаар зориулж хийсэн дуу биш. Бүх хүний амьдралд тохиолддог явдал. Салаад удаагүй байхдаа санаад хуучин амраг руугаа залгадаг тэр мэдрэмжийг гаргахыг хичээсэн. Хүн болгонд өмнөх хэн нэгэн байдаг, түүнийгээ сайн муугаар дурсдаг. “Ex calling” дуу бүх хүний эксд зориулж бичсэн дуу гэж хэлж болно.

-Дууны үгийг өөрөө зохиодог уу?

-Тийм.

-Ямар үед шүлэг бичмээр санагддаг вэ?

-Сэтгэл шаналсан ганцаараа баймаар санагдах үе бий. Ганцаараа баймаар байгаа хэрнээ, хэн нэгэнд тэврүүлмээр ч юм шиг. Хэтэрхий их шаналал, гунигтай үедээ юм уу даа.  Эсвэл эсрэгээрээ хэтэрхий их аз жаргалтай байх үед үг  зохиох “онгод” орж ирдэг гэж хэлж болно. Иймэрхүү үед өөрт төрсөн сэтгэгдлээ үг болгон буулгадаг. Сэтгэлийн угаас мэдэрсэн зүйлсийг үгээр илэрхийлэх амаргүй. Харин шаналсан, ганцаардсан үед  өөрийн эрхгүй л шүлэгийн үг ороод ирдэг юм. 

-Ихэвчлэн бүтэлгүй хайрын тухай та дуулдаг. Яагаад?

-Дэлхий дахинаа алдартай бидний сонсох дуртай дуунуудын ихэнх нь  бүтэлгүй хайр, хагацал, шаналалаас төрдөг. Тэр ч утгаараа хүмүүст  илүү хүрдэг. Яагаад гэхээр хайр бол мөнхийн сэдэв шүү дээ. 

-‘Ex calling’ дууныхаа үгийг хэзээ бичсэн бэ?

-Дууныхаа үгийг  өвөл зохиосон. Давхар өөр ажил хийж явсаар өнгөрсөн тавдугаар сард хоолойн бичлэгт орж дуугаа клипжүүлсэн.

-Дуу дуулж, клип хийлгүүллээ гэхэд санхүүжилтээ хаанаас олдог вэ.  Ер нь нэг дуу бүтэхэд хэд орчим зардал гардаг вэ?

-Спонсоргүй л бол хэцүү. Өөрөөсөө гаргана гэвэл бэл бэлчинтэй, эсвэл тогтмол цалинтай хүн л боломжтой байх. 

Клип хийлгэхэд хамгийн хямдаар бодоход гурван сая төгрөг. Гайгүй газраар  клип хийлгэвэл 5-6 сая төгрөг. Бүр том газруудаар  клипээ хийлгэвэл арван сая төгрөг шаардлагатай.

Хөгжмийн найруулга хийхэд хамгийн багадаа сая төгрөгөөр хийлгэнэ. Ая хийлгэнэ дээрээс нь  хоолойн бичлэгэндээ орно. Тэгэхээр нэг дуу бүтэх  зах зээл дээрх дундаж үнэ нэг сая 500 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн хооронд байгаа. Клип нь орохгүй зөвхөн ганц дууг хийхэд шүү дээ. Дуулах гэж байгаа хүмүүс  ийм хэмжээний мөнгөтэй байж дуу хийнэ гэсэн үг л дээ.Тэгээд клипээ хийлгэхээр  доод тал нь 4-5 сая төгрөг болж байгаа юм. Өөрөөсөө энэ бүх зардлыг гаргана гэдэг залуу уран бүтээлчдийн хувьд хамгийн хэцүү зүйлсийн нэг. Ийм асуудлаас болоод л залуу уран бүтээлчид уран бүтээлээ ар араас нь хурдан гаргаж чадахгүй зогсонги байдалд ордог. Уран бүтээл хийх сэтгэл байгаад байдаг даан ч санхүү асуудалтай учраас цаг алддаг. Надад ч гэсэн иймэрхүү асуудлууд тулгараад л явж байна. “Ex calling”дуугаа цалингаа цуглуулж байгаад л  хийсэн дээ.

-Та  25 дугаар суваг телевизийн “Making the band”шоунаас урлагийн гараагаа эхэлсэн. Хамтлаг  сүүлийн хэдэж жил шинэ уран бүтээл гаргаагүй. Mixx хамтлаг мөсөн тарсан гэсэн үг үү?

-Би 2013 онд  “Making the band”  шоунд 18 настайдаа орж байсан.  Шоунаас хойш зургаан жил өнгөрсөн байна. Mixx хамтлагийн тухайд  уран бүтээл хийхгүй байгаа. Хамтлагийн ихэнх гишүүд маань гадаадад  байгаа. Уран бүтээлээ хийгээд үлдсэн нь Амраа  /Ам-С/ бид хоёр л байна даа. Бусад нь хувийн амьдралдаа анхаарч байгаа.

Боддог, мөрөөддөг зүйлс тэнгэрийн одноос их

-Уран бүтээлийн яриагаа түр завсарлаад таны хүүхэд насны талаар ярилцах уу? Та багадаа ямар хүүхэд байв?

-Багадаа их ганцаардмал  томоотой хүүхэд байсан. Ээж маань бага байхад гадаад явж, аав гэдэг хүний хайр, халамжийг мэдрээгүй өссөн.  Ер нь эмээ минь л намайг өдий зэрэгт өсгөсөн ачтай хүн дээ. Хааяа аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүдийг хараад их л атаархдаг байж билээ. Аавыгаа санаж, өөрөө өөртэйгөө ярьж байгаад л уйлчихдаг хүүхэд байсан. Тэгээд ч тэр үү хүмүүнлэгийн үйлстэн болох юмсан гэж боддог. Байгаагаа бусадтай хуваалцах сайхан шүү дээ. Боддог, мөрөөддөг зүйлс тэнгэрийн одноос их, сансрын галактикаас уудам байна.

-Ганцаардмал хүүг өөртөө итгэлтэй болгоход урлаг нөлөөлсөн юм болов уу?  

Дуу хөгжим бол ганцаардлаас аврах ертөнц гэж хэлж  болно. Миний амьдралыг тэжээдэг зүйлсийн нэг. Зөвхөн дуу  хөгжим гэлтгүй  кино урлаг, уран зураг, урлагийн бүх л төрлүүд  хүнийг эзэмдэж, уярааж баярлуулж байдаг болохоор урлагтай нөхөрлөсөн нэгэн ганцаарддаггүй байх. Хааяа хүнд ганцаардах гуниглах үе байна. Тийм үедээ хөгжим сонсдог.

Та мэргэжлээрээ ажилладаг уу?

-Би кино урлагийн дээд сургуулийг зураглаач мэргэжлээр төгссөн.Гэхдээ фото зураг авах сонирхолтой. Мэргэжлээрээ ерөөсөө ажилаагүй. Камерын ард гэхээсээ илүү камерын урд гарах сонирхолтой гэх үү дээ.

-Мэргэжлээрээ ажилладаггүй гэлээ. Тэгвэл яаж мөнгө олдог юм бэ?

-Хүмүүс уран бүтээл хийгээд  их мөнгөтэй болдог гэж боддог юм шиг байгаа. Гэхдээ Монголын нөхцөлд уран бүтээлээс  хэзээ ч мөнгө олохгүй. Би  25 дугаар суваг  телевизийн “Тархины фитнес” цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа. Давхар ганц нэг газрын маркетинг дээр хамтарч  ажилладаг. Тэр болгоноосоо л их бага хэмжээгээр  мөнгө олдог. Хоёр идэхгүй хоосон хонохгүй л явж байна даа.

-“Тархины фитнес” нэвтрүүлгийг хөтөлж байхыг тань үзсэн. Өөрийгөө  өөр өнцгөөс үзэгчдэд нээж харуулж байгаа юм шиг санагдсан. Таны мэргэжлээс тэс өөр мэргэжил шүү дээ  ямар санагдаж байна?

-Би тавдугаар сарын сүүлээр “тархины фитнес” цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн. Ер нь  хөтлөгч хийх хэцүү юм билээ.Энэ нэвтрүүлэг оролцогчдоос авхаалж самбаа, гүйлгээ ухаан шаарддаг. Хөтлөгч нь ч гэсэн сэргэлэн байж оролцогчдын чиглүүлж өгөх ёстой учраас тархи жинхэнэ фитнесээр хичээллэж байгаа юм.

Гэхдээ нэвтрүүлгийг сонирхолтой байлгах, оролцогчдоо өөрөөр нь олуулах зорилгоор нэг их мэдэмхийрээд байж бас болохгүй. Хааяа нөгөө хэдтэйгээ нийлээд сонин царайлаад зогсож байх үе ч байна. Мэдээж анх удаа л иймэрхүү нэвтрүүлэг хөтөлж байгаа учраас дасан зохицох гэж хэсэг юм болсон. Хүн болгоны  сэтгэн бодох чадвар  өндөр байгаад байдаггүй юм байна. Би өөрийгөө сэтгэн бодох чадвар их гайгүй гэж бодож ороод нэг ч асуултад хариулж чадахгүй байсан удаа хүртэл бий./инээв/ Наймдугаар сар хүртэл түр завсарласан байгаа. Есдүгээр сард шинэ тайз засал  чимэглэлтэй шинээр хийж эхлэх байх.

-Нэг хэсэг таны нөмгөн дээл өмссөн зураг шүүмжлэлд өртөж, цахим хуудаснаа багагүй шуугиан тарьсан. Ихэнх хүмүүс үндэсний хувцасны хэв маягыг өөрчлөн шинэчилж болох ч монгол эр хүн дээл хувцсаа нөмгөн өмсдөггүй хэмээн бухимдаж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тухайн үед ‘Tsomo molo’ брэндийн дээлийг өмсөөд зураг авалтад орсон. Зураг авалтын хувьд зориудаар энгэрээ задгай тавьж зургаа авхуулсан юм. Маркетинг л байсан л даа. Тэр дээлийг бүслээд өмсвөл  хэн ч харахгүй бусад дээлээс ялгарахгүй. Монгол ёс уламжлалаа дагавал мэдээж дээлийг нөмгөн өмсөнө гэдэг буруу. Загвар гэдэг хэв маягт баригдах ёсгүй. Доторх үс ноосыг нь харуулахын тулд энгэрээ задгайлсан гэж хэлж болно. Дээлээ бүслээд ном ёсоор нь өмсөж болно. Манайхан буруугаар ойлгоод дээлний хэв маягийг өөрчиллөө, эвдлээ, ингэж өмсөж болохгүй гэж их хүндээр хүлээж авсан. Мэдээж монгол хувцсаа ёс журмаар нь өмсөх ёстойг би мэднэ. Дээлээ буруу өмссөнөөс болж хэдэн өдөр зөндөө л юм боллоо. Ахмад хүмүүс муухай хараад санаа зовж л байлаа. 

-Шар хэвлэлээр явж байгаа  өөрийнхөө мэдээллийн талаар уншдаг уу?

-Уншдаггүй. Тоохоо больсон. Анхандаа их шаналдаг,  уур хүрээд муулсан сэтгэгдэл байвал бараг сөрж коммент бичиж бараг хэрэлдэх шахдаг байлаа. Одоо  бол  гэгээрлийн зургадугаар төвшинд очсон шүү дээ /инээв/ Ямар ч хүн харааж зүхсэн тоохоо больсон. Гэхдээ урлагийн хүн өөрийгөө амьд байгааг мэдрэхийн тулд  сайн муу аль, алийг нь сонсож явах хэрэгтэй байх гэж боддог.

-Та чөлөө цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Онцын ажилгүй бол студи юм уу гэртээ л байдаг. Гадуур дотуур яваад байдаггүй.

-Хааяа найз нөхөдтэйгөө шоуддаг л  байлгүй?

-Би бүжиглэх дуртай. Бүжиглэх гэж сардаа ганц  клуб ордог. Хамгийн гол нь чанга хөгжим сонсонгоо бүжиглэх их кайфтай санагддаг. Түүнээс биш өөр зорилгоор ордоггүй. Ер нь бол би зугаа цэнгэлд маруухан. 2-3 сардаа ганц сайн гарч аваад л ‘нүхэндээ’ орчихдог.

Бид харилцааны  хувьд таарч тохирохгүй болоод л салсан

Охидоос танилцъя гэсэн санал хэр их ирдэг вэ?

-Ирнэ, ирнэ. Гэхдээ би  чатаар харьцахаас илүү амьд харилцааг эрхэмлэдэг. Үнэхээр таалагдсан бол уулзаж болзож үзэх  л хэрэгтэй. Түүнээс биш утасны цаанаас үлгэрийн зүйлс  бичилцэх хэрэггүй.

– Найз бүсгүйтэй болсон уу?

-Болоогүй ээ.

-Тэгвэл өөрт тань ямар охин таалагддаг вэ?

-Ер нь  гэр бүлийн хүмүүжил сайтай эмэгтэй таалагддаг. Өөрийнхөөрөө, өөрийн гэсэн ертөнцтэй  сул дорой биш хүчтэй  эмэгтэй хүмүүс таалагддаг. Эрэгтэй хүний араас гүйдэг биш эрэгтэй хүнийг араасаа гүйлгэдэг эмэгтэй хүмүүс таалагддаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүний араас гүйнэ гэдэг утгагүй хэрэг. Харин замбараагүй охид  таалагддаггүй. Сүүлийн үед  өөрийн гэсэн толгойгүй салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг л иймэрхүү төрлийн охид их болсон юм шиг  л санагддаг.

-П.Шүүдэрцэцэг та хоёрын салсан шалтгаан юу байсан юм бэ?

-Бид гурван жил үерхсэн. Нэгэн цагт хайртай байсан хүнээ ямар ч цаг үед өмгөөлж хамгаална.  Хүмүүс бидний  салсныг янз бүрээр л ярьдаг. Хэн хэнд нь  л буруу байсан. Надад илүү буруу байсан байх.  Бид харилцааны  хувьд таарч тохирохгүй болоод л салсан. Одоо бодоод байхад миний ухаан дутсан зүйл зөндөө байсан юм шиг санагддаг. Уужраад суухад миний буруу мэт бодогддог.

Таны анхны хайр байсан гэж сонссон юм байна?

-Тийн. Миний анхны үерхэл байсан.Охидтой уулзаж байсан. Гэхдээ албан ёсны үерхэл гэдэг чинь өөр шүү дээ.

Хуучин хайраа мартаж чадахгүй  болохоор хайр дурлалын шинэ харилцаа үүсгэхгүй байгаа юм уу?

-Үгүй ээ.Шинэ харилцаанд би яарахгүй байгаа. Би өөрөө амьдрал зохиох болоогүй байна. Гэр бүл төлөвлөлт чухалучраас энэ асуудалд хөнгөн хандмааргүй байна. Би одоо 25 настай. 30 нас хүртлээ дуртай зүйлээ хийнэ гэж бодож байгаа.  Би өөрийнхөө дуртай, хүссэн зүйлсээ л хийж амьдрах дуртай. Хүнийхээр биш өөрийнхөөрөө амьдрах дуртай.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?  Ойрын төлөвлөгөөнөөсөө сонирхуулаач?

-Цаашдаа уран бүтээлээ цаг алдалгүй хиймээр байна. Би өөрийн гэсэн цомгоо гаргаад, тоглолтоо хийх мөрөөдөлтэй. Одоохондоо цомог, тоглолт хийнэ гэдэг асар их авьяас чадвар хичээл, зүтгэл ,хөрөнгө, мөнгө шаардсан ажил учраас ам бардам хэлэхэд  эмээж байна.Тэр мөрөөдлийнхөө төлөө ойрын хэдэн жил дээ зүтгэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж