Хотынхны "хорхог" ямар үнэтэй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Хотынхны "хорхог" ямар үнэтэй байна вэ?

Хотынхны "хорхог" ямар үнэтэй байна вэ?

Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Монголчууд наадмаар шинэ хонины шөл уух дуртай. Тиймээс нийслэлчүүдийн зоогонд зориулсан шөлний хонь, ямаа хотын захаар бэлчиж эхэллээ. 

“Эмээлт малын худалдааны төв”-д наадмын өмнө малаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар ирсэн малчид олон байлаа. Зарим нь ч ченжүүд бололтой. Наадмын хорхог, хуушуур болохоо мэдсэн ч юм шиг гэлтэй машин дээр ачигдсан, хашаанд хоригдсон хонь, ямаа хүн харахаараа бөөгнөрөх аж. Наадмын зоогоо бэлтгэхээр ирсэн хүмүүс нурууг нь дарж үзэж байгаад л шилж сонгон авч байна. Наймаачид “Хонь авах уу сайн яриад өгчихнө” гэсээр ам булаалдан угтлаа.

Цэнхэр будгаар будсан төмөр хашаа руу ойртох тусам малын шивтэр нэвт үнэртэнэ. 

Хашааны түрээс гэж малчид өдрийн 10000 төгрөг төлдөг аж. Авсан наадмын зоог нь төхөөрөх, гэдэс дотрыг нь арилгаж цэвэрлэх, толгой шийрийг нь хуйхлах гээд ‘Эмээлт’ дээр нэг цэгийн үйлчилгээ хэдийнэ бий болжээ. Хүмүүс ч энэ үйлчилгээг уриалгах гэгч нь авах юм. Гэдэс дотор арилгахад 10-15, толгой шийр хуйхлахад 5000 төгрөгийн үнэтэй юм байна.

Хонины үнэ ханш тарга, тэвээргээс шалтгаалж харилцан адилгүй

Увс аймгийн Баруунтурууны малчин залуу хотынхны хорхогт зориулж, хэдэн мал борлуулахаар  сарын өмнө ирсэн гэнэ. Хэдэн хонио борлуулчихвал гэрийнхнийхээ наадмыг бэлтгэлийг базаагаад бушуухан явах бодолтой байгаагаа ярилаа.  Энэ жил хөдөө орон нутагт бороо хур багатай, зуншлага муу байгаагаас хамаарч шөлний хонины үнэ өссөн гэж малчин залуу тодотгож байна.  Нас бие гүйцсэн эр хонийг 130-180 мянга, төлөг 80 мянгаар, ямаа 60 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Өдийд махны үнэ бага зэрэг өсдөг, наадмын дараа хямдардаг аж.

Эмээлтэд мал зарж байгаа хүмүүсийн дийлэнх нь баруун аймгуудаас иржээ. Голчлон Төв аймгийн Лүн сум, Увс, Хөвсгөл, Булган зэрэг нутгаас ирсэн  бололтой. Хэдэн мал зарж, наадмын мөнгөтэй болохоор хотод ирсэн малчин Б.Мөнх “Энэ жил хүмүүс хонь, ямаа худалдан авах нь багассан байна. Ноднин өдийд овоо хэдэн мал борлуулсан. Гэтэл наадам болоход тав, зургаахан хоног дутуу байхад хонь ирж авах хүн бага байна. Хотынхны худалдан авах чадвар эрс муудсан уу эсвэл хонь, ямаа авч хорхог боодог хийдэг нь багассан уу. Манайх төлгийг 60 мянгаас эхлээд зарж байгаа. Ноднин жил 200 мянгатай байсан нас бие гүйцсэн эр хонийг энэ жил 150 мянгад зарах гээд сууж байна. Хонины үнэ ханш том, тарганаасаа шалтгаалж харилцан адилгүй байгаа’ гэв.

Зуншлага тааруу болохоор ихэнх хонь тураалтай байна

Ийн ярилцаж явсаар портер дээр хонь ачсан ченжүүд дээр ирэв. Хөвсгөл аймгаас ирсэн М.Чимэддоржоос малын худалдаа нь хэр байгааг, мөн үнэ ханш ямархуу байгааг нь сонирхлоо.

-Шөлний хонины үнэ ямар үнэтэй байна вэ?

Эр хонь 150-180 мянга, хязаалан 120-140 мянга, шүдлэн 100-120 мянга, төлөг 80 мянган төгрөгийн үнэтэй байна. Худалдан авалт наадам дөхөөд нэмэгдэж эхэлсэн. Өдөртөө 7-10 хонь зарж байгаа.

-Хонины үнэ ханш өмнөх жилийнхтэй харьцуулбал нэмэгдсэн гэх юм?

-Түүнийг сайн мэдэхгүй. Таван жилийн өмнө эр хонь 220 мянган төгрөгт хүрч байлаа. Гэтэл өнөөдөр 200 мянга ч хүрэхгүй байна. Яагаад гэхээр хүмүүс худалдан авалт хийхдээ тараг тэвээргийг харж байж авдаг. Энэ зун зуншлага тааруу болохоор ихэнх хонь тураалтай байна.

-Малаа хаана, ямар шинжилгээнд хамруулдаг вэ?

-Бид нар малаа оруулж ирэхдээ шинжилгээний бичигтэй ирдэг. Энд ирэнгүүт малын эмч үзэж, шалгаад оруулдаг. Ер нь амралтын өдрүүдэд худалдан авалт сайн байдаг. Жирийн өдөрт 300 гаруй мал оруулж ирдэг байх. Харин амралтын өдөр 500 гаруй мал Эмээлтэд орж ирдэг.

Иргэд нурууг дарж үзэж байгаад л хонио авдаг аж. Д.Цэрмаа гэдэг эмэгтэй наадмын зоогоо авахаар Эмээлтийг зорьж ирснээ ярилаа. Тэрбээр “Өнгөрсөн жилийг бодвол арай үнэтэй байна. Доод тал нь 100 мянга хүрчхэж. Одоогоор авах хонио хараад явж байна. Дүүтэйгээ явж байгаа болохоор шилж сонгоод арай өөхтэйг нь авах байх” гэв.

Тус захын менежер С.Баярчимэг “Манай цагийн хуваарь өглөөний 06-21.00 цаг хүртэл ажиллаж байна. Энд байгаа малыг өдөр болгон шалгадаг. Энд шүлхийтэй аймгаас орж ирсэн мал байхгүй. Бидний зүгээс үнийг тогтоодоггүй. Зөвхөн зах зээлдээ уялдуулан малчид өөрсдөө үнээ тогтоодог” гэв.

Ийнхүү “Эмээлт” захад хотынхны баярын зоог  хорхог, боодог болох хонь, ямаануудын ханш нэг иймэрхүү.

Хонио бүгдийг нь борлуулж чадахгүй бол бойнд өгөөд буцдаг тухайгаа малчид хэлж байна. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж