Нийслэлчүүд наадахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд наадахад бэлэн

Нийслэлчүүд наадахад бэлэн

‘News’ агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хөтлөн хүргэдэг. Бид энэ удаад  Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлыг онцолж байна.


Дээлийнх нь ар гандсан ч үл тоох халхын сайхан уяачид, дэвжээнийх нь өвс зулгарсан ч өвдөг шороодоогүй босоо хүчтэнүүд, тавьсан сум нь байгаасаа төөрч үзээгүй харваачидтай Монгол наадам айсуй.

Үндэсний их баяр наадам Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойг зохион байгуулах үндэсний хороо  ажилдаа хэдийнээ оржээ. Нийслэлчүүдийн баяр наадамд  хоёр тэрбум 981 сая төгрөг зарцуулахаар Засгийн газраас төсөвлөжээ. Үүнээс хоёр тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна. Өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад  гурван тэрбум 40 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ жилийнх 60 орчим сая төгрөгөөр буурсан гэдгийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин онцолсон юм.

Цэнгэлдэх, хүй долоо худгийн засвар, тохижилтын ажлуудыг долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгасан байхыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин салбар хорооны дарга нарт үүрэг болгосон. Мөн унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандартыг аймаг, сумдад сурталчлах, мөрдүүлж ажиллахыг холбогдох хүмүүст даалгажээ.

“Наадмын комисс гурван удаа хуралдаад, салбар комиссоо байгуулаад ажиллаж байгаа гэнэ. Энэ жилийн хувьд бөхийн холбооны хэрүүл, үл ойлголцол наадмыг бужигнуулах вий гэсэн болгоомжлол төрүүлээд байгаа. Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний бөхийн холбоо болон уяачдын төлөөлөл, үндэсний бөхийн аваргуудтай уулзаж баяр наадмын талаар саналаа солилцсо байна. Наадам болтол долоо ч хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн хэдий ч зарим жижиг засварын ажил, био жорлон зэргийн хөрөнгө мөнгийг шийдэж, иргэдийг ая тухтай наадах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг холбогдох комиссынхонд үүрэг болгожээ.

Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа юм байна. Өнгөрсөн сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулж, энэ долоо хоногийн сүүлээр байршлуудыг нь тавих аж. Наадмын өдрүүдээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллах гэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн зүгээс баяр наадамд 100 хувь бэлэн гэдгээ комиссын гишүүдэд хэлсэн байна.

Энэ жилийн хувьд бороо, хур бага гандуу байгаа учир Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Хүй долоон худаг болон цэнгэлдэхийн  усалгаа, арчилгааг хийхээр төлөвлөсөн, мөн био жорлонг аль болох ахиу тавихаар ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Ерөнхий продюсер Г.Цоггэрэл нар ажиллаж байгаа юм. Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор, төрийн шагнал хүртсэн бүтээлүүдээс толилуулахаар бэлтгэж буйгаа найруулагч хэллээ. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ талаар хэлэхдээ “Энэ жил олон сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Нээлт, хаалтын арга хэмжээг агуулгын хувьд их онцлогтой байхаар найруулж байна.  Энэ жилийн наадмын нээлтийн агуулга, утга санаа  нь  түүхэн цаг үеийг тооцохгүй, монгол ахуй, монгол зан заншил гэр бүлийн үнэ цэнийг харуулан найруулж байна’ гэлээ. Тэрбээр “Гэр бүл бүтэн байх нь монгол орон мөнхөд бат оршихын билэгдэл” гэсэн ойлголтыг наадмын ёслолоор харуулахыг зорьж байгаа гэдгийг тодотгов.

Наадмын бэлтгэлд төрийн статустай бүх урлагийн байгууллагын уран бүтээлчид болон батлан хамгаалах, жанжин штабаас 800 гаруй цэргийн албан хаагчид болон техник хариуцсан ажилчид, арын албаныхан гээд нийт 2500 орчим хүн оролцож байгаа аж. Цаг хугацааны хувьд цөөхөн хоног үлдээд байгаа учир бэлтгэл шахуу явагдаж байгаа аж.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх барилдана. Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр барилдах бөхчүүдийг долдугаар сарын 09,10-ны өдрүүдэд 09-18 цагийн хооронд Спортын төв ордонд бүртгэнэ. 

Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт  алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Мөн долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам болон бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байна. Эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болж бууруулсан. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэх зайлшгүй шаардлага үүсч байгаа гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос хэлж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж