Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Малайзын Шадар сайд Ван Азизах Ван Исмаил хоёр орны харилцааг сэргээхийг зорьжээ. Түүний айлчлалын өмнө Малайз улсаас Бээжинд суугаа элчин сайд Зайнуддин Яхя хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ш.Алтантуяагийн хэрэг хоёр орны харилцааг сэвтүүлсэн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр “Монгол Улсын засгийн газрын зүгээс хэргийг шударгаар шийдэхэд анхаарал хандуулж байгаад би эргэлзэхгүй байна. Малайзын шинэ засгийн газар энэ хэргийг дахин нээж, хууль дүрмийн дагуу шүүх ажиллагаа явуулахаа мэдэгдсэн. Гэхдээ Малайзын Шадар сайдын айлчлалын үеэр Ш.Алтантуяагийн хэргээр уулзах хүсэлтийг Монгол Улсын засгийн газраас албан ёсоор тавиагүй” гэжээ.
Малайзын Шадар сайд Улаанбаатар хотноо болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор өнөөдөр (2018.VII.5) хүрэлцэн иржээ. Тэрбээр Шангри-Ла зочид буудалд буудалд гурав хоног үдлэх аж.
Малайз улс Их Британиас тусгаар тогтносноос хойш анх удаа сөрөг хүчин төрийн эрхэнд гарснаар экс ерөнхий сайд нэр холбогдсон энэ хэргийг “амь оруулав”. Талийгаачийн үхэлд Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разак, түүний туслах Абдул Разак Багинда нар холбоотой гэж харддаг. Шинэ ерөнхий сайд хэлэхдээ ‘Өмнөх засгийн газрын тарьсан балгийг “Pakatan Harapan” нам л шийдэх хэрэгтэй байж’ гэсэн байна. Малайзын сөрөг хүчин өнгөрсөн тавдугаар сард парламентын сонгуульд ялалт байгуулахад Ш.Алтантуяагийн хэрэг бага боловч нөлөөлсөн гэж үздэг. Учир нь талийгаачийн аав С.Шаарийбуу сонгууль эхлэхээс хэдхэн цагийн өмнө хүчтэй мэдэгдлийг Малайзын ард түмэнд илгээсэн юм. Тэрбээр “Малайзын ард иргэдээ, сонголтоо хийхдээ миний охин Алтантуяаг санаарай. Хэрэв та бүхэн буруу сонголт хийвэл охины минь аллага шиг шударга бустай нүүр тулна” хэмээн тус улсын далбааг барин видео бичлэг хийн сөрөг хүчний тэргүүнд илгээсэн байв. Сонгуульд эрх барих нам ялагдал хүлээсний дараа экс ерөнхий сайд Нажиб Разак мөнгө угаах, авлигын хэргээр мөрдөн шалгагдаж байна.
Ш.Алтантуяа нь 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт амь үрэгдсэн юм. Түүнийг Багиндагийн экс бие хамгаалагчид гэх Малайзын тусгай албаны хоёр ажилтан хүчээр автомашинд суулган авч яваад ойд аваачин буудаж хөнөөгөөд, биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн байв.
Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр 2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байгаа аж. Энэ хэрэг 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээтэй холбогддог. Ш.Алтантуяа Бээжинд Эдийн засаг, менежментийн сургууль төгссөн англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн байжээ. Гэвч Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разактай ойр дотны холбоотой Багиндатай гэгчтэй холбогдсоноор түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм. Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа удалгүй түүнтэй амрагийн холбоотой болсон байна. Хожим Ш.Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм.
Монгол Улс нь Малайзтай 1971 онд дипломат харилцаа тогтоосон боловч харилцаа, хамтын ажиллагаа хязгаарлагдмал явж иржээ. Хоёр орны хооронд худалдааны эргэлт өнгөрсөн онд 73,6 сая ринггит байжээ.