Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд хүүхдэд ээлтэй жишигт цэцэрлэгт хүрээлэн нээгджээ. Биднийг тус цэцэрлэгт хүрээлэнд очиход бяцхан үрсийн нүүрэнд мишээл тодорч, тоглон гүйлдэнэ. Үнэхээр ч цэцэрлэгийн ногоон байгууламж, ан амьтны хөшөө хүн бүхний харааг булааж, амьтны хүрээлэнд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байв.
Нийслэл хотод хүүхдийн тоглоомын талбай хумигдсаар эцэстээ хүүхдүүд тоглох талбайгүй хоцорсон гэхэд болно. Харин Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн санаачилгаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2.2 га талбайг таван тивийн ан амьтнаар тохижуулжээ. Тус ногоон байгууламжид туулайн бүжин, янзага, тогоруу, бар гээд л 220 гаруй ан амьтны баримал хөшөөг гэрэлтүүлэг, камержуулалтын хамтаар суурилуулжээ. Иргэдийн зүгээс ч тав тухтай шинэлэг орчныг бүрдүүлж өгсөн талархаж буйгаа илэрхийллээ.
Туулайн бүжин, ойн янзага, арслан барс бүгд энд бий
Эргэн тойрныг ажиглавал хад чулууг ашиглан байгалийн тогтцыг харуулсан ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай харагдана. Ингэж тохижуулахын тулд нийтдээ 49 сая төгрөгийг зарцуулсан ажээ. Биднийг цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах зуур хажуугаар зөрсөн бяцхан охин туулайн бүжинг харан өхөөрдөн сууна. Тэрбээр эгчтэйгээ хамт энд анх удаа ирсэн аж. Охины эгч хэлэхдээ “Нийслэл хотод хүүхдийн тоглоомын талбай хомсхон байдаг шүү дээ. Манай байрны орчимд ийм гоё цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгсөнд баярлалаа гэж хэлье. Дүү нар минь эдгээр амьтдыг хараад амьд мэтээр төсөөлөн тоглож байна. Их л баяртай гүйж байна. Миний хувьд ч мөн сэтгэгдэл маш өндөр байгаа” гэв.
Цэцэрлэгийг хариуцсан үйлчилгээний ажилтан Ч.Долгорсүрэн “Урьд нь энэ ногоон байгууламжид ганцхан гулсуур байсан. Одоо харахад гэрэлтүүлэг, ан амьтны хөшөө нэмчихсэн чинь өнгө үзэмжтэй урамтай харагдаж байна. Гэхдээ иргэд маань амарч тухлахдаа эргэн тойрондоо анхаарал тавьж, эвдэлж хэмхлэхгүй байгаасай л гэж хүсч байна” гэлээ.
Цэцэрлэгт хүрээлэнг хувь хүн тохижуулаагүй
Тус цэцэрлэгийн баримлуудыг эвдэлж сүйтгэхээс сэргийлж бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын иж бүрэн системийг шинэчлэн хийсэн гэдгийг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал Ц.Эрдэнэбаатар онцолж байлаа. Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах санаачилгыг гаргаж тус дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хийж гүйцэтгэжээ. Түүний сэтгэгдлийг сонсоход “Манай жишиг цэцэрлэгт хүрээлэнд 40 гаруй төрлийн 220 гаруй ан амьтны хөшөө бий. Энэ жил манай дүүргээс тохижилт үйлчилгээг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд бүх хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн хийх, янз бүрийн зохиомжтой байгалийн цэцэрлэгт хүрээлэн хийхийг зорьж ажиллаж байна. Зарим мэдээллийн хэрэгслүүдээр хувь хүн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан гэх ташаа мэдээлэл явж байсан. Бидний зүгээс шинээр усалгааны системийг бий болгосон. Эдгээр ан амьтдыг бид өөрийн гараар урлаагүй, тендерт шалгарсан компани авчирч суурилуулсан юм. Ийм цэцэрлэгт хүрээлэн гаднын оронд их байдаг шүү дээ. Хамгийн гол нь иргэд өөрсдөө үүнийгээ хайрлаж хамгаалан эвдэж сүйтгэхгүй байхыг уриалж байна” гэж мэдээллээ.
Нэг зүйлийг онцлоход тус амьтдын баримал нь бороо, наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийгдсэн гэдгээрээ онцлогтой аж.
Э.Ариун